Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Болдсайхан: Хамгийн түрүүнд би 15 настай хүүхдээ аваачиж файзер хийлгэнэ

Хүүхдэд “КОВИД 19”-ын эсрэг вакцин тариулах нь зөв үү? буруу юу? гэдэгт эмч Б.Болдсайханаас тайлбар авав.

... Шинжлэх ухаан гэдэг чинь шашинтай ижил биш. Маш олон судалгааны төвүүд, олон хүн дээр судалгаа, шинжилгээ хийгээд гарсан үр дүнгээ нийтэлж, олон нийтэд ярьж байгаа шүү дээ. Тэр тусмаа КОВИД бол дэлхий дахинаа анхных. Бид ярьдаг шүү дээ. “Бид анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж”. Монголчууд ч алдаж байгаа. Иргэд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлдээд л алдаж байна. Засгийн газар ч алдаж байгаа. Бүгд, бүх улс орнууд алдаж байна. Америкт алдсан шүү дээ. Яг өдийд өнгөрсөн жил Америкт аймшигтай байлаа. Хүнээ тавих газаргүй, массаар нь оршуулж байв. Дэлхийн II дайнаас хойш ийм зүйл болж байгаагүй. Бүгд алдаж байгаа. Гэхдээ бага алдах ёстой. Яагаад гэвэл үүний цаана хүний амь байдаг.

Бусад орнуудын туршлагаас үзэхэд, харьцуулахад өвчлөл тэдэн хувь, вакцинжуулалт тэдэн хувь байна гээд байгаа нь тэдний алдаанаас суралцах ёстой гэдгийг нь хэлэх гэж оролдоод байгаа нь тэр. Вакцинжуулаад л хуяг өмсчихсөн юм шиг өвдөхгүй гэсэн үг биш. II вакцин тариулаад огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан ч, тариулаагүй ч бүх хүнд өвчлөл орж ирж байгаа.

Дэлхий даяар 1, 2-р вакцин хийлгэсэн хүмүүс бол нилээд өнөдр хувь нь халдвар авч байгаа. Түүнээс ч өндөр байгаа зарим оронд. Азаар Монгол улс вакцинжуулалт дээр сайн ажилласан. Би иргэн хүнийхээ хувьд, эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Онцгой комиссынхонд бүгдэд нь баярлаж байгаа. Монгол Улс баян тарган улс биш. Эдийн засгийн хувьд ч, мөнгөний хувьд ч эрүүл мэндийн системийн хувьд ч тэр.

Гэтэл жилийн өмнө гэхэд дэлхийн хоёрдахь том эдийн засагтай Хятад Улсын иргэд хэдэн зуугаараа гудамжиндаа дээш харж унаж байлаа. Хятад байтугай Америк, Солонгос, Итали, Франц, Европын хүчтэй том улсууд Герман ч ялгаагүй ард түмнээрээ уйлж байв. Бүх эмнэлэг нь дүүрчихсэн. Хүнээ хүлээж авч чадахгүй. Гэтэл манай Засгийн газар, УОК, ЭМЯ сайн ажиллаад иргэд маань өндөр боловсролтой, ухамсартай учраас өндөр түвшинд 99% хүртэл  I  тун, 63% хувь хүртэл II тунгаа хийлгэлээ. Хийлгээгүй байсан бол тархвар судлаачид, математикчдын прогнозоор өнөөдөр өдөртөө 10-20 мянган хүн шинээр халдвар авч, 1000-аас дээш хүний үхэлтэй байх байв. Бүх эмнэлэг дүүрээд яг жилийн өмнөх Итали, Франц, Герман, Америк шиг зөвхөн яг үхэх гэж байгаа хүмүүсээ аппаратад авна. Заримыг нь авах газаргүй, аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй хүнд байдалд байхаар байсан. Өнөөдрийн мэдээгээр 1300 гэсэн тээ. Хоёр сая хүнээс 1300 гэдэг нь бага хэмжээ. 0,3 хувь гэсэн үгүү?. Байх л үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол нь бүр бага байгаа. Вакцинаа хийлгэсэн хүмүүсийн өвдөлт харьцангуй бага. Хүндрэх нь бага. Бараг байхгүйтэй адил. Хуруу дарам цөөхөн л байгаа байх. Үхэлд хүргэх нь ч бага.

Харин энэ хоёр сая иргэн дотор таргалалттай, сахартай, зүрхний өвчтэй, уушигны архаг өвчтэй, хавдартай, дархлаа дарангуйлах эмтэй гээд суурь өвчтэй хүмүүс маш их байгаа шүү дээ. Энэ хүмүүс хичнээн вакцин хийлгэлээ ч гэсэн өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа учраас тийм амар биш. Амархан өвдөх магадлалтай, бага зэрэг хүндрэх магадлалтай, гэхдээ үхэх магадлал эрс багасдаг.

Иргэд, Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, манай эмч, сувилагч нар сайн ажиллаж, вакцинжуулалтаа сайн хийсэн. Тийм учраас бид эмгэнэлтэй байдалд ороогүй байна. Гэхдээ хүний сэтгэл ханадаггүй, нэг ч хүн өвдөхгүй, нэг ч хүн үхэхгүй байгаасай гэж хүсэж байна. Харин амьдралд тийм зүйл байдаггүй. Олгойны хагалгаа хийлгэсэн 10 мянган хүн тутамд нэг хүн үхэж байдаг. Цус алдах юмуу наркозын хүндрэлээр. Тэрэн шиг 2 сая хүнд вакцин хийлээ ч гэсэн тодорхой хэсэг нь өвдөнө, үхнэ, хүндрэнэ.  Вакцин хийлгээгүй хүмүүс  бол бүр их эрсдэлтэй. Тйимээс иргэддээ уриалахад I  тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй, II тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгээрэй. 6 дугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод II тунгаа дуусгана гэж байна.

Гэхдээ ер нь өвдөлт бүрмөсөн алга болчихгүй, зун, намар өвчлөл байсаар байна. 5, 10 -аараа өвддөг, 7 хоногт нэг хоёроороо энддэг тохиолдол байсаар л байх болно. Ямар нэг ид, шидийг хүлээх хэрэггүй.

Хоёрдахь хэсэг нь одоо өвчлөл хүүхдээр их дамжиж байна. Сүүлийн үеийн ЭМЯ-ны мэдээг та бүхэн үзсэн бол халдвар авч байгаа хүмүүсийн 50-60% хүүхдээр дамжиж байна. Монголд хүн амын 30-аад хувь нь 18 хүртэлх насны хүүхэд. Тэд нарт огт вакцин хийгдээгүй учраас халдвар тэднээр дамжаад байна. Тэрбайтугай зарим нь өвдчихөөд байна. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй болгодог, суурь өвчтэй болгодог, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхдүүд их байдаг болчихсон.

Тэд нар илүү өвдөөд байгаа. Монголд ч биш дэлхий даяар өвдөөд байгаа. Би Засгийн газрыг магтдагийн учир гэвэл энэ зуны хугацаанд 9 сарын 1-нд юмуу, 8 дугаар сарын 16-нд хичээл эхэлнэ гэсэн. Тэрний өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл багатай вакцинуудын нэг болох файзерийг 2,5 сая тунг гэрээ хийгээд бараг оруулаад ирчихсэн байгаа. Хүүхдүүдээ хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй  гэж байгаа бол 1,3 сая хүүхэддээ вакцин хийхээс өөр гарцгүй.  Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүд өчнөөн олон удаа судалгаа хийгээд батлагдсан энэ вакциныг хийхээс өөр аргагүй. Энэ дотроос хамгийн аюулгүй гайгүй гэж байгаа нь файзер байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна. Хамгийн түрүүнд би 15 настай хүүхдээ дагуулж очиж файзер вакцин хийлгэнэ. Тийм учраас бусад эцэг эхчүүдийг ч гэсэн хүүхдүүдээ вакцинд хамруулаасай гэж хүсэж байна.

Хар ухаанаар бодоход 2 сая том хүн нь өөрсдөө амиа бодоод вакцин хийлгэчихсэн хирнээ тоглоомын талбайд ямар ч дархлаажуулалтгүй хүүхдүүдээ тоглуулаад байж байна. Яагаад вакцинд хамруулахгүй, яагаад хамгаалахгүй байгаа юм бэ гэдэг талаасаа бодох хэрэгтэй.  Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ.

Эд нарынхаа төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газарт дахин талархмаар байна. Тэгээд 100 жилийн ой болох наадмаараа бүгдээрээ сайхан эрх, чөлөөтэй, цэнгэл баяртай байя гэж бодох юм бол саяын хэлсэн вакцинаа хийлгээд, хувийн хамгаалах хэрэгслээ зүүгээд явах хэрэгтэй. Хичнээн баяр ёслол болоод хичнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй, 2 метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй, гашуудал болоод оршуулга болсон ч ингэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус бол ойлгохгүй шүү дээ. Одоо аюултай гэнгүүтээ одон авахаар гайгүй болно, эсвэл оршуулга юм уу овооны тахилга болохоор хүмүүс нь хамгаалагдана гэсэн ойлголт вируст байхгүй. Тийм учраас ямар ч тохиолдолд өөрийгөө, хөдөө гадаа зугаалахдаа ч хамгаалж яваарай л гэж хүсмээр байна.

 

1 Сэтгэгдэл
Болдсайхан гуай, та чинь зүрхний эмч болохоос вирус судлаач биш! Худлаа шаахгүй шүү! Өчнөөн хүн туршилтын вакцинаас болж үхэж байна. Pfizer компани энэ жил 26 тэрбум доллар, Modena 19,3 тэрбум доллар олсон байна лээ. Хэдэн цаасны хахууль авсанаа хэлчих! Дуртай бол өөрийнхөө хүүхдэд хийлгэнэ л биз, бусдыг туршилтанд уруу татахаа болио. Нобелийн шагналт, францын вирус судлаач эрдэмтэн Люк Монтанье аюултай гээд байхад зүтгүүлээд байх ямар учир байна?
Хамгийн их уншсан