Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИЛГЫНХНЫ БУЛХАЙ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР БУС ХҮНИЙ АМИАР ИЛЭРЛЭЭ


Хүүхдийн амь золиослон байж барилгын салбарын булхай илэрлээ. Гэхдээ үүнд, мөнгөөрөө далайлгах том толгойтой компаниуд төдийгүй МХЕГ-ынхны зальхай ч бас илрэх нь тэр. Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан тоолж, НИТХ-ын тогтоосноор нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсрах ажил эхлэх үндсэн зөвшөөрөлгүй 79 компанийг “барьжээ”.

Харин түүнээс 20 гаруй хувь нь орон сууцны барилга байгааг та анзаарсан уу. Тэр бүү хэл, өнөөх чамин гоё нэртэй хотхон хүртэл байна. Ард түмнийнхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалдаг Батлан хамгаалах яамны ажилтан албан хаагчдын орон сууц хүртэл энэ жагсаалтад багтжээ. Итгэмээргүй юм. Төрийнхөө алтан соёмбот сүлдийг хоймортоо залдаг төрийн байгууллага нь хуулиа завхруулсан гэхээр иргэн А, Ц, хармаандаа овоохон мөнгөтэй аж ахуйн нэгж дураараа дургих нь аргагүй мэт.

Барилгын компаниудын тайлбарлаж буйгаар НИТХ-аас барилга эхлэх зөвшөөрөл олгохыг бүр мөсөн зогсоосноос тэд дулааны улиралд амжиж дуусгахын тулд зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлсэн гэх юм. Үүнд, үнэний ор байхыг үгүйсгэхгүй ээ. Сахилга батгүй, хууль журам сахидаггүй хэсэг бүлэг нөхдөөс болоод цөөн хэдэн шударга компани хэлмэгдэж байж ч болох. Гэхдээ л асуудлын гол нь  засаглалд бус завхралд бийг хэн хүнгүй харлаа. Магадгүй, энэ салбарынхан авлигыг илүү цэцэглүүлсэн бололтой. Жагсаалтад орсон компаниудыг судалж үзэхэд зарим компанийн захирал УИХ-ын сонгуульд өрсөлдөж явсан нэгэн байх юм. Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхэд ногдуулах торгууль нь ердөө л хоёр сая төгрөг. Тэрбумаар хэмжигдэх өртөгтэй бизнес эрхэлж буй тэдний хувьд хоёр, гуравхан сая төгрөг юу ч биш. Амташсан хэрээ арван гурав... гэж авлигач зангаа хэзээ ч тавихгүй.

Авлигачийг тэжээж, торгуульд “цавчуулсан” мөнгөө нөхөхийн тулд барилгынхаа үнэд шингээнэ. Эцсийн эцэст бүх дарамт надад, чамд, бидэнд дээр бууна. Энэ нь, үндсэндээ өчнөөн жил өөрсдөөсөө ч харамлаж, хадгалсан хэдэн төгрөгөө ганцхан авлигачийн нэг үдийн хоолны мөнгийг төлөхөд зарцуулж байгаагаас ялгаа юу байна. Өнөөдөр шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудаас ам.метр нь нэг сая 200 мянган төгрөгөөс доогуур ханштай байр “үзээд өгье” гэвч олдохгүй. Одоо харин ч байрны үнэ өсдөг үе нь тохиож байна. Иргэн та зарын сониноос хотын А,Б зэрэглэлд барьсан орон сууц ам.метр нь 1,7-2 сая хүрч буйг мэднэ. Өөрөөр хэлбэл, хотын төв дэх газрыг хахуулиар авч, зөвшөөрөлгүй барилга барин орон сууцны үнийг хөөсрүүлж буй нөхөд ч байж болох.

Хэрвээ шат шатны авлигачдад өгдөг мөнгийг хасах юм бол орон сууцны талбайн ам.метрийн үнэ хоёр дахин буурах ч магадлалтай. Түүнээс ч хямд байж болохыг үгүйсгэх аргагүй. Германы мэргэжилтнүүд жилийн өмнө Монголд хэний ч санаанд оромгүй хямд өртгөөр барилга барьж болно гэдгийг баталсан судалгаа хийж байсныг санаж байна. Газраа авахаас эхлээд барилгынхаа дээврийг нь тавих хүртэл шат бүртээ авлигачтай нүүр тулж, авлига өгч байгаа болохоор л байрны үнэ өнөөдөр ийм үнэтэй тогтож байгаа. Гэлээ гэхдээ энэ нь барилгын компаниудыг өмөөрөх шалтгаан болохгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хатуухан хэлэхэд, өөрсдийн нь тэжээсэн “мангас”.

Тэгвэл яг одооноос эхэлж хууль дүрмээ сахиж ажиллая. Зөвшөөрлийнхөө дагуу ажлаа эхлүүлж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж, аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж ажиллахыг эрхэм барилгачдаас хүсье. Олныхоо итгэлийг хүлээж ялалт байгуулсан АН-ын “Таван-А” мөрийн хөтөлбөрийн нэн түрүүн тавигдсан зүйл нь “Авлига”-тай тэмцэх байсан. Тиймээс удахгүй энэ завхрал төгсгөл болж авлигачдын торон сүлжээ тасрах биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан