Монгол хүний амийг үнэлдэг эрх зүйн систем бий болгохоор мэргэжлийн хуульчид нэгдэж “Стратегийн өмгөөлөл хуульчдын холбоо” байгуулжээ.
Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад нийслэлд нэг хоногийн зайтай 7-10 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан. Монголд хүний амь нас хамгийн үнэ цэнэгүй байгааг ч сүүлийн үед хөндөн ярьж байгаа. Хуульчид Таван толгойд компанийн хариуцлагагүйгээс амь насаа алдсан нэг айлын хоёр хүүхдийн хэргээр дамжуулан хүний амь насыг үнэлдэг системтэй болох нь зүйтэй гэсэн яриаг анх эхлүүлж байлаа.
Хүний алтан амь ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсээд л өнгөрдөг жишиг манайд бий. Гэтэл аюулгүй байдлыг хангаж чадаагүй компани, төрийн байгууллагад холбоотой хариуцлага, мөнгөн төлбөр, хүний амь насны нөхөн төлбөрийн асуудал ярьдаггүй.
Улс орнуудад иргэнийхээ амийг мөнгөн дүнгээр үнэлдэг систем үйлдчилдэг гэнэ. Гэтэл монгол хүний амь хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Үүнийг олон улсын жишигт үндэслэн хэрхэн үнэлэмжтэй болгох вэ. Эрх зүйн ямар систем үйлчилж болох вэ гэсэн асуудлаар “Стратегийн өмгөөлөл”- Хуульчдын холбоо-ны хуульчид дараах санаачилгыг дэвшүүлснээ олон нийтэд хүргэхээр хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхийн улс орнуудад хүний амь насыг үнэлэх үйл ажиллагаанд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭДИЙН ЗАСАГ” гэсэн шинэ салбар хөгжиж байгаа аж. Улс орнууд өөр өөр хэлбэрээр энэ үнэлгээгээ бий болгодог ч Австралийн жишгээр монгол хүний амийг үнэлэх томъёоллыг тус холбооныхон санал болгож байна.
VSL буюу “Value of Statisical Life” “Хүний амьдралын статистик үнэ цэнэ”-ийг тогтоохдоо тухайн хүний насалсан насыг тухайн орны эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын тооноос хасч, амьдрах байсан он жилүүдийн тоог тухайн орны иргэний жилийн нэг хүнд ногдох ДНБ-ий тоонд үржүүлэн гаргадаг байна. Энэ томъёоллоор Австрали хүний амь насны дундаж үнэлэмж мөнгөн дүнд шилжүүлэх юм бол 3.5 сая ам.долларт хүрдэг гэнэ.
Дээрх томъёоллоор монгол хүний үнэлэмжийг одоогийн ДНБ-ээр бодоход 100-300 сая төгрөг болох боломжтой. Энэ нь манайд одоо үйлчилж буй практик болох нас барсан хүнд буруутай этгээдээс төлдөг оршуулгын зардал 300 мянгаас нэг сая төгрөгтэй харьцуулахад том дэвшил гэдгийг ч тэд хэллээ.
Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас амь насаа алдсан хохирогчдод төрөөс төлсөн мөнгөн тэтгэмж 50 сая төгрөг байсан. Эд зүйлийн хохирлыг хэн нэгэнд учруулсан байвал заавал хохирол төлүүлдэг мөртлөө хүний амь насны хохирлыг нөхөн төлүүлдэггүй нь буруу гэж хуульчид үзэж байв.