Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАНЗРАГЧИЙН ТҮВШИН: МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТ ТҮҮХЭН ХӨГЖЛИЙНХӨӨ ШИНЭ ҮЕД ШИЛЖЛЭЭ

  • Ажил мэргэжлээрээ дамжуулж нийгэмдээ үйлчилнэ, хувь нэмрээ оруулна гэдэг сэтгэлийн хамгийн дээд таашаал юм.

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн Ерөнхийлөгч Банзрагчийн Түвшинтэй тус институтийн VII их хурлыг угтан ярилцлаа. Тэрээр ММНБИ-ийн Ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд  АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал байсан гэдгээр нь олон нийт сайн танина. Б.Түвшин санхүүч, эдийн засагч мэргэжлээрээ дамжуулан нийгэмдээ хувь нэмрээ оруулах, нийтийн санхүүгийн менежментийг шинэчлэх замаар эдийн засгаа өсгөх үзэл санааны лидер билээ.

-Та анх яагаад, бизнестээ зарцуулах цаг заваа  нийгэмд үйлчилдэг ТББ-д зориулъя гэж шийдсэн бэ?

Хүний мөн чанар зөвхөн өөрийнхөө төлөө ажиллах биш юм. Бизнест shared value (үнэ цэнээ хуваалцах), social responsibility (нийгмийн хариуцлага) гэсэн ойлголт бий. Масловын онолын дагуу хүний хэрэгцээ, сэтгэлгээ дээшээ өгсдөг. Хүн хөгжлийнхөө эхэн үед зөвхөн өөрийнхөө төлөө, дараа нь хүсэл мөрөөдлөөрөө ажиллана. Бизнесүүд анхны ашиг сонирхлоо гүйцэлдүүлснийхээ дараа  нийгэм рүүгээ чиглэж ажилладаг хандлага байна.

Хүн бусдад туслах, хувь нэмэр болох замаар илүү нийгэмшиж байдаг. Иймд баялаг бүтээгчид улс нийгэм, байгаль орчин, эх дэлхийнхээ тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж эрмэлзэх нь бий. Энэ сэтгэлгээ нь тухайн хувь хүний хөгжлийн түвшинг илэрхийлдэг. Гэхдээ хувийн бүх ашиг сонирхлоо хойш тавиад зөвхөн нийгмийн төлөө зорьж ажиллах боломжгүй.  Харин эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулж нийгэмдээ үйлчилнэ гэдэг бол том завшаан. Бүх хүнд хүсэл сонирхлоороо, өөртөө хамгийн ойрхон аргаар нийгэмд хувь нэмрээ оруулах боломж бий. Ингэж чадвал тухайн хүн хийж байгаа ажлаасаа маш их сэтгэл ханамж авдаг.

-Нягтлан бодогч мэргэжлээр дамжуулан нийгэмд үзүүлэх хувь нэмэр илүү өргөн цар хүрээтэй гэж та үзэж байна уу?

-Манай мэргэжил нийгэмд үйлчлэхийн зэрэгцээ, нийтийн эрх ашгийг хамгаалдаг.  Бид санхүүгийн тайлан бэлтгэхдээ үнэ цэнийг нь хамгаалж, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн зарчим баримталдаг. Харин эдгээр санхүүгийн тайлан мэдээлэл олон нийтийн эрх ашгийг хамгаална. Бизнесийн байгууллагуудын хувьд үнэн зөв тайлагнал нь stakeholders буюу зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг; үндэстэн дамнасан корпорациуудын хувьд бүс нутгийн, байгаль орчны, ханган нийлүүлэгч, худалдан авагчдын эрх ашгийг хамгаална.

Төрийн байгууллагын тайлагнал нь олон нийтийн буюу татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаална.  Төрийн тайлагнал ил тод, үнэн зөв байснаар олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, үр ашиг-бүтээмжтэй байдлыг харуулж, шамшигдуулалтыг хязгаарладаг.  Татвар, даатгал, гааль, аудитынхан ч олон нийтийн эрх ашигт үйлчилж, шударга ёсыг хамгаалж байдаг. Иймд бид мэргэжлээ хөгжүүлэх замаар эдийн засагтаа, нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа юм.  

-Тэгвэл ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулдаг бизнесийнхэн яаж нийгэмдээ хувь нэмрээ оруулж болох вэ?

-Бизнесийнхний хувьд Shared Value буюу үнэ цэнээ хуваалцаж байгаа гол хэлбэр нь хувьцаат компаниуд байна. Өмчөө бусдадаа хуваарилдаг, хувьцаа гаргадаг шийдэл. Тухайн бизнес эрхлэгчийн бий болгосон тогтолцоо, шийдлийн үр ашгаас хуваалцах замаар нийгмээрээ өгөөж хүртдэг. Зарим улсад дундаж давхарга өргөн байгаа нь хувьцаат компаниудтай нь холбоотой. Ийм байдлаар үүсгэн байгуулагчийн орлого өсч, ард иргэд ч хангалуун амьдарч байна.

Эндээс бизнес бол харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг нь харагдана. Бусдыгаа шулна, мөлжинө гэдэг хандлагатай бизнес хэзээ ч хөгжихгүй.  Үнэ цэнээ хуваалцах бизнесийн философио хамт олондоо ойлгуулаад,  нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан бизнесүүдийг хүмүүс, нийгэм аяндаа дэмжинэ. Бизнесийн хувьд ингэж үнэ цэнээ хуваалцаж болдог.

Иргэн хүн бусад хүний болон нийгмийнхээ хэрэгцээг хангах замаар аж амьдралаа залгуулахыг би амьдрах хамгийн шударга зам гэж боддог. Ихэвчлэн тогтвортой, хамтрагч, бүтээгч хүмүүсээс амьдралын энэ хэв маяг харагддаг. Ийм хүмүүс өөрсдийгөө болгоод, ажилчдаа орлогожуулаад, улсдаа татвараа төлөөд явдаг. Харин хүнийг ажил мэргэжил, эсхүл төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөө ажилладгаар нь ялгаварладаг бол нийгмээ ойлгоогүй, нийгмийн эд эс болох сэтгэлгээтэй биш, “паразит” гэдгийг нь л харуулдаг.

-ММНБИ өнөөдөр 5000 гаруй гишүүнтэй байна. Мэргэшсэн нягтлан бодогч та бүхэн нийгэмд хувь нэмрээ хэрхэн оруулж байна вэ?

-Улс орны эдийн засаг тухайн улсын мэргэшсэн нягтлан бодогчдынх нь мэргэжлийн хөгжлөөс хамааралтай. Жишээлэхэд нягтлан бодогчид төрийн төсөв мөнгөний зарцуулалт, үрэлгэн байдлыг тайландаа ил тод харуулснаар олон нийтийн хараа хяналт дээшилдэг. Иймд ММНБИ иргэдийн ойлголт, мэдлэгийг тэлэхэд анхааран ажиллана. Ингэснээр олон нийт төр, компаниудад шаардлагаа тавьдаг болж, transparent буюу ил тод байхыг, тогтолцоог үнэн зөв, үр ашигтай байлгахыг тэднээс нэхэн шаардаж чаддаг болно. Ийм байдлаар л бүтээмж нэмэгдэж эдийн засаг өсдөг.

Өнөөдөр олон компани хувьцаагаа гаргаж, үнэ цэнээ хуваалцаж байгаа ч тэр хувьцаа нь үнээ барьж, ноогдол ашиг өгч, хангалттай олон хүнд өгөөж хүртээж чадахгүй байна. Манай улсын эдийн засгийн хөгжил ямар байна, санхүү, нягтлан болох бүртгэлийн мэргэжилтнүүдийн түвшин тэр хавьцаа л явж байна гэсэн үг.

Манай мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь анх 1996 онд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, мэргэжлийн хөгжлийн дэд бүтцийг бий болгох зорилгоор байгуулагдсан. Өнөөдөр ММНБИ тогтолцооны хувьд байр сууриа олсон ч, нийгэмд эзлэх байр суурь нь сонгодог хэлбэртээ очоогүй. Бид энэ байгууллагыг зөв статус дээр нь аваачихыг зорьж байна. Эндээс ММНБИ-ийн хөгжлийн дараагийн давлагаа эхэлнэ.

-ММНБИ-ийг нийгмийн зөв статуст хүргэнэ гэж таныхаар юуг хэлж байна вэ?

-Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь тасралтгүй хөгжиж, олон улстай хөл нийлүүлэхгүй бол маш хурдан хоцрогддог мэргэжил. Иймд тасралтгүй хөгжлийг хангахын тулд “Мэргэжлийн байгууллага” гэсэн статустай болж, үйл ажиллагаагаа тэнцвэртэй, тогтвортой, хөгжүүлэх нь цаашид хөгжлийн суурь болно. Бид одоогоор эрх зүйн хувьд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай. Одоогийн төрийн бус байгууллага гэсэн  статусаас болоод зарим гишүүд “Миний хувийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ” гэж асуудаг. Гэтэл бид хувийн эрх ашгийг хамгаалах биш гишүүдийнхээ болон олон нийтийн эрх ашгийг (public interest) мэргэжлийн үүднээс хамгаалдаг, дуу хоолой нь болдог мэргэжлийн байгууллага (professional organization).

Харин олон улсад ММНБИ шиг байгууллага professional accountant organization гэсэн өргөн хүрээтэй статустай байна. Одоо манай улсад “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль” яригдаж байна. Бид ч дүрэм журмаа мэргэжлийн холбоодын чиг үүрэгт нийцүүлж байна. Ингэснээр ММНБИ тэнцвэртэй хөгжиж, олон нийтийн мэргэжлийн дуу хоолой болох статус бэхэжнэ.

-Олон нийтийн эрх ашиг (public interest)-т та юуг тооцож байна вэ?

-Энгийнээр нийт олны, нийгмийн сайн сайхан байдлыг л олон нийтийн эрх ашиг гэнэ. Мөн олон нийтийн эрх, эрүүл мэнд, санхүү зэрэг ашиг сонирхолд нөлөөлж буй бүх хүчин зүйл энд хамаарна.  Тэгэхээр олон нийтийн санхүүгийн эрх ашиг нь олон нийт энэ мэргэжлийг ойлгосноор, мөн “мэргэшсэн” мэргэжилтнүүд бий болсноор,  энэ мэргэжил л хөгжсөнөөр хангагдана. ММНБИ нь зорилго, үйл ажиллагаагаараа олон нийтийн санхүүгийн эрх ашгийг хамгаалагч болж байна. Тиймээс бид нийтийн эрх зүйн этгээд болох бүрэн боломжтой.  

-Тэгвэл ММНБИ энэ чиглэлийн бусад ТББ, холбоодоос хэрхэн ялгарч байна вэ?

-Мэргэжлийн байгууллагын хувьд ММНБИ нь нэгдүгээрт хэн нэгэн гишүүн, хувь хүний эрх ашгийн төлөө биш; харин олон нийтийн эрх ашгийн төлөө мэргэжлээ хөгжүүлэх, гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг.

Хоёрдугаарт, хэн нэгэн хувь хүн, компани, төрийн байгууллагын хараат биш, бие даасан, өөрийгөө удирддаг тогтолцоотой.

Гуравдугаарт, нээлттэй засаглалтай, засаглалын кодексийг бүрэн мөрддөг. Тухайлбал бүх гишүүдээс их хуралд сонгогдсон төлөөлөгч нар нь Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, Удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагаа томилдог.

Дөрөвдүгээрт, мэргэжлийн олон улсын хамгийн том байгууллагынхаа жинхэнэ гишүүн. Мөн ММНБИ нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мэдлэг импортлон,  гишүүдээ тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн цол хэргэм олгох, ёс зүйн дүрэм мөрдүүлэх, ёс зүйн хариуцлага тооцохын  зэрэгцээ төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байна.

-Мэргэжлийн олон улсын байгууллагын жинхэнэ гишүүн болох ямар ач холбогдолтой юм бэ?

-Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил, ер нь эдийн засаг, санхүүгийн салбарыг Монголд зохиогоогүй. Олон улсын байгууллагууд зохиож, хөгжүүлж, стандартыг нь гаргаж өдийг хүрлээ. Тэгэхээр тэр тогооноос том халбагаар хутгаж, Монголдоо мэдлэг импортлох байгууллага нь ММНБИ. Тухайлахад бид нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг орчуулж хэрэглэж байна.

-Ялангуяа олон улсаас судалгаа хөгжил, мэдлэгийг импортлох боломж, давуу талыг бидэнд эдгээр байгууллагын гишүүнчлэл олгодог. Мэргэшсэн нягтлан бодогчид хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг хүлээн авч, тасралтгүй хөгжсөн нөхцөлд л  “мэдлэгээр хангагдсан зэвсэг” болно. Ийм нөхцөлд л бид нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах чадамжтай болох юм. Тэгвэл энэ их мэдлэгийг хутгаж авах их далай нь бидний жинхэнэ гишүүнээр элсэн орсон мэргэжлийн олон улсын байгууллагууд юм.

-ММНБИ-ийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа хэрхэн өнгөрсөн бэ?

-ММНБИ-ийн Удирдах Зөвлөл 2016 онд байгуулагдаад эхний гурван сарыг байгууллагаа таньж мэдэхэд зориулж байлаа. Манай байгууллагыг явцуугаар мэргэшсэн нягтлан бодогчийн цол олгодог л нэг байгууллага, эсвэл сургалтын төв ч гэж болно. Бид хэн бэ гэдгээ нухацтай хэлэлцсэний эцэст “Мэргэжлийн байгууллага”, тийм ч учраас тэнцвэртэй, олон талтай хөгжих ёстой гэдэгт санал нэгдсэн.  

-Байгууллагыг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд стратегийн чиглэлүүдээ  урт, дунд, богино хугацаанд, үр дүнг нь хэмжигдэхүйц байдлаар тодорхойллоо.  “Байгууллага тэнцвэртэй хөгжүүлэх, хөгжлийн загвар”-аар стратегиа дөрвөн үндсэн чиглэл, түүнийг дэмжих 16 төсөлтэйгөөр боловсрууллаа.  Ирэх дөрвөн жилийн стратегийн зорилтуудаа олон нийтийн мэргэжлийн дуу хоолой болох, дижитал байгууллага болох зэргээр тодорхойлсон.

-Ерөнхийлөгчийн хувьд би байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, эрх зүйн орчин, мэргэжлийн тасралтгүй хөгжил, олон улстай хөл нийлүүлэх, Монгол улсын  эдийн засагт  мэргэжлээрээ болон гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ  оруулах, олон нийтийг мэргэжлийн суурь ойлгоцтой болгох замаар улсынхаа эдийн засагт хөгжил авчрах зорилготой ажиллаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд байгууллагаа статусынх нь хувьд тодорхойлсон ажлаа энэ сарын 21-нд ММНБИ-ийн VII их хурлаар дүрэмлэн батлах гэж байна. Дүрмээ батлахын өмнө маш их судалгаа хийж, гишүүдийнхээ дунд олон хэлэлцүүлэг өрнүүллээ.  Ингэснээр төлөөлөгчөөр сонгогдсон гишүүд мэргэжлийн байгууллагын статус гэж юу болох, бид юуг, хэрхэн хийх тухай тодорхой ойлгоцтой болно. Үүний дараа дүрмээ мөрдөж эхлэхэд нийгэм ч аяндаа ойлгож эхэлнэ. Энэ цар хүрээ, агуулга, философио алдалгүй мөрдөж чадвал бид хөгжих нь тодорхой. Хөгжилд хүргэдэг хэмжүүрээ нэгэнт тодорхойлсон учраас бид хийж чадна.

-Ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэгийг дурдвал?

-Манайхтай ижил төстэй гадны байгууллагууд улсын санхүүгийн менежментийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг туршлага байна.  Тэд  чадамж, тогтвортой байдал, мэргэжилтнүүдийн багшлах ур чадвар, судалгаа хийх, нийгэм эдийн засагтай холбогдох давуу талууддаа тулгуурлан санхүүгийн менежментийг сайжруулах төслүүд хэрэгжүүлдэг.  

-Бид 2020 оны тавдугаар сард Ази, Номхон далайн Нягтлан Бодогчдын Холбооны (CAPA)  Ерөнхийлөгч нарын уулзалтыг Улаанбаатар хотод хийж, энэ үеэр Монголд нийтийн секторын санхүүгийн менежментийг сайжруулах ажлаа эхлүүлэх байсан ч цар тахлын улмаас хойшилсон. ММНБИ энэ төслийг дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.

-Ямар ч түвшний байгууллага амжилттай, ашигтай ажиллахад санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд чухал нөлөөтэй. Тэгвэл энэ мэргэжилд гадаад орчны өөрчлөлт, технологийн нөлөөлөл хэр тусч байна вэ?

-Дэлхий хавтгайрч, шинэ технологиуд асар хурдтай нэвтэрч байгаа энэ үед итгэлцлийн үнэ цэн улам өндөрсөж байна. Дэлхийн санхүүгийн салбарыг донсолгож байгаа блокчейн технологи ч эцэстээ үнэ цэн, итгэлцлийг бий болгох зорилготой.

Нягтлан бодогчийн мэргэжил шинэ түвшинд хүрч санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, мэргэжлийн анализ, тайлбар хийдэг экспертүүд бий болж байна. Мэргэжлийнхээ зөв философийг дагаж байгаа цагт ямар ч технологийн өөрчлөлтөд энэ мэргэжлийн үнэ цэн буурахгүй, харин ч улам өсөх юм.

-Та үндэсний томоохон компаниудын нэг болох АПУ ХК-ийн CFO байсан. Та компанидаа ямар үнэ цэн авчрах ямар томоохон төсөл хэрэгжүүлж байсан бэ?

-Энэ компани мундаг хамт олон бүрдүүлж, тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллаж байж энэ өндөр чадавхад хүрсэн гэж боддог. Ер нь хүн мэргэжилдээ, хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр хандаж, тууштай ажиллах чухал. Ажиллах хугацаандаа сайдах муудах олон зүйл тохиолдох хэдий ч ингэж явсаар би тогтолцооны нэг эд эс болж ажиллаж байсандаа талархалтай байдаг.

Энд ажилласнаараа бахархах зүйл их бий. Би Монголдоо анх удаа томоохон хувьцаат компани, олон улсын компани хоёрын merger acquisition буюу M&A гэдэг ажлыг стратегийн түвшинд  удирдаж ажилласан туршлагатай. Одоо энэ төслийн үр дүнг хараад их ажлын ард гарсандаа, өөрийнхөө ажил мэргэжлээрээ бахархдаг. Ажиллаж байсан байгууллага маань өндөр амжилттай байна гэдэг гэдэг ч бас бахархал шүү.

Ярилцсанд баярлалаа.

ММНБИ нь Монгол улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт 30 салбартай Үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага бөгөөд Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны (IFAC) жинхэнэ гишүүн; Ази, Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны (CAPA) гишүүн; Ази Номхон Далайн Стандарт Тогтоогчдын Бүлгийн (AOSSG) гишүүн юм. Тус холбооны дөрвөн жил тутамд зохиогддог бүх гишүүдийн ээлжит их хурал 2021 оны тавдугаар сарын 21-нд цахимаар зохион байгуулагдана. ММБНИ-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.monicpa.mn/ хуудсаар нь авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан