Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Бямбасүрэн:Хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг нар ЭМД-ын шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр хэрэгжиж эхэлсэн хууль, тогтоомжуудын талаар сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж,  мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах байдлаар хариулт өгснийг хүргэж байна.

-УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлт орсон. ЭМД-ын ашиг тусыг үзэхгүй байна гэдэг асуудалд цэг тавьж чадсан гэж харж байгаа. Яг ямар өөрчлөлтүүд орсон талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн шинэчлэлтээс өмнө улсын эмнэлэг зарим санхүүжилтээ нэг хэсгийг нь улсын төсвөөс, нөгөө хэсгийг нь даатгалын сангаас авч, харин хувийн эмнэлэг төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлсний төлөө санхүүжилт авалгүй, иргэн төлбөрөө бүрэн хариуцдаг байсан. Харин хуулийн шинэчлэл хийгдсэнээр улсын, хувийн ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломж нээгдсэн.

Өөрөөр хэлбэл, шинэчлэлээс өмнө улсын эмнэлэг нэг иргэнийг хэвтүүлж эмчилснийхээ төлөө 400, хувийн эмнэлэг 270 мянга орчим төгрөг авдаг байсан зөрүүтэй санхүүжилтийн зааг ялгааг арилгасан.

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03-р тогтоол хэрэгжиж эхлээд удаагүй байна. Энэ тогтоолын талаар ойлголт муутай байгаа иргэдэд мэдээлэл хүргэвэл?

-Дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор батлан гаргасан. 3 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөр, эрүүл мэндийн даатгалын сан болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн. Бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ,  хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна.

ИРГЭНЭЭС АВДАГ БАЙСАН ХАМТЫН ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭСЭН

-Иргэд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг ямар нэгэн төлбөрийн дарамтгүйгээр авах нь гэж ойлгож болох нь ээ?

-Өмнө нь хорт хавдар, зүрхний шигдээс, тархины мэс засал, түлэгдэлт зэрэг өвчлөлд иргэн үйлчилгээ авахдаа төлбөрийн 25 хувийг өөрөө төлдөг байсан. 40 сая төгрөгийн эмчилгээ хийлгэлээ гэхэд арван сая төгрөгийг нь өөрөө төлөх жишээний. Энэ нь иргэдийг ядууралд хүргэхээс гадна эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй эдийн засгийн эрсдэлд оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл, иргэд маань арван сая төгрөг олохын тулд хашаа байшин, унаа тэргээ зардаг, танил талаасаа мөнгө зээлэх зэрэг хүндрэлтэй нүүр тулдаг байсан шүү дээ. Бүх халаасаа сэгсрээд эрүүл энх болохын төлөө зүтгэдэг байсан бол одоо энэ тогтоолоор дээр нэр дурдагдсан өвчлөлүүдэд ямар нэгэн төлбөр төлөхгүй. Нэг ёсондоо иргэнээс авдаг байсан хамтын төлбөрийг тэглэж байхгүй болгосон.

Ганцхан жишээ хэлье. Хавдар өвчний үед бай эмчилгээ гэж хийгддэг. Зарим хүн мэдэж байгаа байх. Энэ үед 6-18 удаа курс эмчилгээ хийдэг. Эмчилгээнд хэрэглэдэг ганцхан ширхэг тарианы үнэ нь 4.5 сая төгрөг. Энэ мөнгийг тухайн иргэн өөрөөсөө гаргана гэдэг үнэхээр хүндрэлтэй.  Санхүүгийн маш хүнд дарамтанд ордог. Харин энэ тогтоолоор тус эмчилгээ шууд даатгалын сангаас санхүүжиж байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын бүх мэс заслын зардал, тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байгаа.

-Гуравдугаар тогтоол хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хэрэгжилт нь ямар байна вэ?

-Зөвхөн энэ оны гуравдугаар сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5034 иргэний  мэс заслын тусламж, үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас олгосон байна.

Түүнчлэн 2021 оны эхний 3 сарын байдлаар нийт 188221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэх санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

200 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД 20 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ БАЙНА

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн л бол өндөр өртөгтэй олон тусламж, үйлчилгээг авах боломж нь бүрдсэн байна. Харин иргэдийн даатгалын шимтгэлээ төлөх ухамсар ямар байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт манай иргэдийн дунд учир дутагдалтай хэвээр байгаа. Тухайлбал, ажил хийж буй хүмүүс цалингаасаа хоёр, ажил олгогч нь хоёр хувь төлөөд явдаг. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, оюутнууд жилдээ 50400 төгрөг төлөх ёстой. Гэтэл төлөх ёстой хүмүүсийн 46 хувь нь л эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байна. 54 хувь нь огт төлөхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй болон хөнгөлөлттэй авах эрх нь хязгаарлагдаж байгаа юм.

-Энэ төлөхгүй байгаа 54 хувьд багтаж байгаа хүмүүс төлөөд эхэлбэл чамлахааргүй ашиг тус өгөх байх даа?

-Төлөх ёстой хүмүүс нь бүгд төлөөд явбал бас ч гэж гайгүй болно. Уг нь 2016 оноос ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод албан журмын даатгал болгосон. 2016 оноос хойш төлөөгүй байгаа иргэд өнгөрсөн хугацаан дахь шимтгэлээ төлье гэвэл 260, 270 мянган төгрөг л болж байгаа юм. Эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй болохоор төлөхгүй гээд байгаа харагддаг. Уг нь төлөх л ёстой юм. 200 гаруй мянган төгрөгөө төлөөд 20 сая төгрөгийн тусламж авах боломж нь тэдэнд байна.

Ерөнхийдөө манай 3.2 сая иргэний 2.1 саяынх нь шимтгэлийг төр хариуцдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд гээд дөрвөн төрлийн хүн нийгмээс, төрөөс тусламж үйлчилгээ авах ёстой.

-Иргэдийн хамгийн ихээр сонирхдог асуултын нэг нь даатгалаа шилжүүлж болох эсэх талаар байдаг. Үүнд хариулт өгөөч?

-Ер нь бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл хуулиараа эв санааны зарчим дээр тулгуурладаг.  Тухайлбал, гурван ам бүлтэй айлын хоёр нь эрүүл, нэг нь өвчтэй байя гэж бодъё. Эрүүл хоёр нь өвчтэй нэгэн рүүгээ даатгалаа шилжүүлье гэдэг. Тэртээ тэргүй гэр бүлийн хоёр гишүүнийх нь төлсөн шимтгэл нөгөө хүнийхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаад л явж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл нь өвчтэйгөө, залуу үе нь настнууддаа зарцуулаад явах эв санааны зарчим дээр тулгуурласан гэсэн үг.  Ерөнхийдөө бол ЭМД-ын сангийн маань боломж хязгаарлагдмал байгаа.

Бид иргэдэд учирч байгаа санхүүгийн эрсдэлийг бууруулахын тулд тусламж үйлчилгээнд нь шаардлагатай мөнгийг гаргахад энэ даатгалын сан маань хараахан хүрэлцэхгүй байгаа учир иргэд маань даатгалын мөнгөө төлөх шаардлагатай байна

УЛСЫН БОЛООД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ АДИЛХАН САНХҮҮЖИЛТ ӨГЧ БУЙ УЧИР ИРГЭН СОНГОЛТОО ӨӨРӨӨ ХИЙНЭ

-Улсын болоод хувийн эмнэлэг хоёулаа л адил хэмжээтэй санхүүжилт авч байгаа талаар та түрүүн ярилаа. Ингэхэд санхүүжилтийг нь олгохдоо ямар нэгэн шалгуур тавьдаг уу.  Чанартай сайн үйлчилгээ үзүүлсэн нь санхүүжилтээ бүрэн авна гэдэг ч юм уу?

-Хэн олон хүнд чанартай үйлчилгээ үзүүлнэ тэр эмнэлэг мөнгө сайн авна. Өмнө нь хүнд өвчтөнийг өөрөөсөө түлхээд, нэг нэгэн рүүгээ түлхдэг байсан. Харин одоо тэгж явуулбал мөнгөө алдаад байна л гэсэн үг. Яг одоогийн байдлаар ковидтой холбоотойгоор эмнэлгүүдийн маань үндсэн үйл ажиллагаа нь алдагдаад байна. Ямартай ч гуравдугаар тогтоол жинхэнэ утгаараа хэрэгжээд гүйцэтгэлээрээ санхүүжээд ирэхээр хоорондын өрсөлдөөн бий болох юм.  Ингэхээр зэрэг эмнэлгүүд маань чанаржаад эхлэхээс гадна техник технологийг ч сайн нэвтрүүлнэ.

Манай улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний тоо нь цөөрөөд ирнэ гэсэн үг. Улсын болоод хувийн эмнэлэгт адилхан санхүүжилт өгч буй болохоор иргэн өөрөө сонголтоо хийнэ. Гэхдээ аливаа шинэчлэлд цаг хугацаа шаардлагатай. Аажим, аажмаар сайхан болно гэж харж байгаа.

-Хэдхэн хоногийн өмө ард түмний хандив, дэмжлэгтэйгээр Э.Ананд хүү Солонгос явсан байгаа. Энэ хүүд ЭМД-ын сан гараа сунгаж тусалсангүй гэдэг шүүмж нэлээд явсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ асуудалд ойлголтын зөрүү яваад байгаа юм. Хоёр учир шалтгаан бий. Энэ хүүгийн өвчний оношийн хувьд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй юм. Эрүүл мэндийн салбар маань хөгжиж, техник технологи нь сайжирч байна. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаалаар 26 өвчнийг бид Монгол Улсдаа эмчлэх боломжгүй байгаа. Энэ 26 өвчний нэг нь байсан юм шүү. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Хэрэв зээ манай улсад эмчлэгдэх боломжтой байсан бол ЭМД-ын сангаас санхүүжигдээд эмчилгээ хийлгэх боломж нь байсан.

 

5 Сэтгэгдэл
ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран чинь шаал банзал гар. 2 хүүхэдтэй хэрнээ ажлын газрынхаа 3 хүүхэдтэй нягтлан авгайтай явалддаг банзал гар.
Нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг клиникүүдийг шууд дампууруулж бгаа биз дээ. Хажууд нь том эмнэлгүүд улсын эмнэлгүүд үнэгүй хийж бн
Тэгээд яагаад хөөрхий өвдсөн хүүхдүүд хандив гуйгаад байнааа ЭМЯ гуай???
Монголд эмчлэддэггүй 26 өвчний оноштой хүнд бас хөнгөлөлт үзүүлэх ни шударга алийн бүр " цахим"аар гуйлга гуйж, эсвэл зарим ни эичлүүлж чадахгүй хорвоог орхиж байгаад харамсаад ч барахгүй байнаа. Нэгэнт л хуули гарсан бол бүх хүнд хүртээмжтэй л байх хэрэгтэ ш дээ!
Худлаа л хэвлэлээр сенсацлаад л байхаар бодит ажлаа харуул.
Хамгийн их уншсан