Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Уртнасан:Цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа.

УИХ 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулан, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж байна.

Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608 300 сая шоомерт усны нөөцтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564 800.0 сая шоометр болж багасжээ. Усны нийт нөөцийн 34 600 сая шоометрийг гол, мөрөн, 500 000 сая шоометрийг нуур, 19 400 сая шоометрийг мөнх цас, мөсөн гол, 10 800 сая шоометрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхах ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76 460 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63 590.0 м.куб/хоног, нийт 1 621.0 л/с буюу 140 050 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.

Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглах хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.

Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд, 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарсан. Цаашид усны температур нэмэгдэж, ууршилт ихсэх, урсац буурах хандлагатай байгаа бөгөөд ялангуяа говь хээрийн бүс байгалийн аясаар хуурайшиж, усны нөөцийг ууршилтаар алдаж байгаа нь усны хомсдол бий болох нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал ч цаашдаа хүндрэх төлөвтэй байна. Иймд усны нөөц бүхий бүс нутгаа түшиглэн хаягдал багатай дэвшилтэт технологи ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг төвлөрүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өндөр үр ашигтай зарим төслийн хувьд усны нөөцийг шилжүүлэн ашиглах төслийг хүрээлэн буй орчинд хохирол багатай байхаар төлөвлөн хэрэгжүүлэх боломж байна.

Энэ хүрээнд усны нөөцийг тогтмол байлгахад чиглэсэн ус хуримтлуулан зохицуулах чадавхыг бий болгох зорилгоор өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсцын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулж, байнгын ус хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа. Мөн говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх арга технологи нэвтрүүлэх туршилт судалгааг эхлүүлж, газрын хэвлий дэх усны нөөцийг тогтоон барих замаар эмзэг экосистемийг хамгаалах шаардлагатай гэж үзэж буйгаа дурдаж байв.

Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор гадаргын болон газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ байгуулжээ. Монгол орны хэмжээнд томоохон 94 гол мөрөн, 18 нуурын 127 харуул, 191 цэг дээр гадаргын усны чанарын хяналт-шинжилгээ, унд, ахуйн болон уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны эх үүсвэрийн газрын доорх ордод усны горимын хяналт-шинжилгээг хийж байгаа бөгөөд 2020 оны байдлаар 40 цооногт бүрэн автомат багаж, 240 цооногт хагас автомат багаж суурилуулсан. Хяналт-шинжилгээний дүнгээс харахад газрын доорх усны түвшний бууралт удааширч, зарим газарт тогтворжих, зарим газарт дахин сэргэх, нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн хяналтын цооногуудын хяналт-шинжилгээний мэдээллээс харахад улирлын чанартай хэлбэлзэл өндөр байдаг байна. Тухайлбал, 1-5 дугаар сард цооногуудын усны түвшин хамгийн бага, 7-8 дугаар сард усны түвшин ихсэх зүй тогтол ажиглагджээ. Мөн 2020 оны дундаж усны түвшинг 2019 оныхтой харьцуулахад 0.2-0.3 м-ээр их буюу сэргэх хандлагатай байгаа ажээ.

Монгол орны усны нөөц, ашиглалтын өнөөгийн төлөв байдал, хүндрэл бэрхшээл, ойрын ирээдүйд учирч болзошгүй эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийг хомсдолоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цаашид урт, дунд хугацаанд бодлогын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа сайд танилцуулсан юм. Үүнд, усны үнэ тарифыг үндэслэлтэй тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, өсгөх, нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох; Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аймаг, сумдын төвүүд зэрэг хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд усны нөөцийг нэмэгдүүлэх буюу томоохон голууд (Орхон, Сэлэнгэ, Эг, Хэрлэн, Туул, Ховд зэрэг) дээр урсацын тохируулга хийж, усыг хуримтлуулан хүн ам, эдийн засгийн салбаруудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангах, эрчим хүч үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Орхон, Онги, Хэрлэн зэрэг усан цогцолборын төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилт тавьж байгаа аж.

Түүнчлэн улс орны чанартай, стратегийн томоохон бүтээн байгуулалтын төслийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг найдвартай, хүртээмжтэй усаар цаг хугацаанд нь хангахын тулд эхний ээлжинд нөөц нь тогтоогдсон газрын доорх усыг ашиглах; томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, олон зориулалттай усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг хуримтлуулан нөөцлөх, усан санг говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд нөөцлөх, ус дамжуулах далд систем барьж байгуулах; говь, хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомсдохоос сэргийлэх; хүн амыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усны эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 2024 он хүртэл жил бүр 5 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох хайгуул судалгааны ажилд шаардагдах төсвийг шийдвэрлэх; гидрогеологийн зураглалын ажлыг нийт нутаг дэвсгэрийн 18 хувьд хүргэж, усны нөөцийн хайгуул судалгааны ажлыг нэмэгдүүлэх, газрын доорх усны мониторингийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад сайд Н.Уртнасан өгсөн хариултдаа, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2025 онд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувь, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр 2025 онд хүн амын 85 хувь, 2030 онд 87 хувь, 2050 онд 90 хувийг хангах, 2025 онд хүн амын 70 хувь, 2030 онд 75 хувь, 2050 он гэхэд 90 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн. Газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг улсын төсөв болон гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, ус хангамжийн шинэ эх үүсвэр, нөөцийг тогтоож байна. Тухайлбал, 2018-2020 онд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 15 л/с усны нөөц, Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг сум, Говь-Алтай аймгийн Цогт сумын төвүүдэд 103.7 л/с усны нөөц, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд 18.0 л/с усны нөөц, Майдар хотод 85 л/с усны нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэсэн. Газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, ялангуяа говийн бүсэд уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр усыг эргүүлэн ашиглах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ашигласан нийт усны 74.8 хувийг эргүүлэн ашиглаж байгааг тэмдэглэв.

Мөн ус ашиглагч аж ахуйн нэгжүүд 2019 онд усны нөөц ашигласны төлбөрт 46.7 тэрбум, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн агаад үүний 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Усны нөөцийн төлбөрийн хувьд унд ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуйн ус хэрэглээ буюу нийт ус ашиглалтын 70 хувь нь төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд орон нутагт төвлөрч байгаа усны нөөц ашиглалтын төлбөрийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа нь усны үнэлэмжийг бууруулж, цаашид усны хэмнэлт, үр ашгийг сайжруулах, усны нөөцийн хомстол, бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамааруулан 2030 он хүртэл үе шаттайгаар шатлан өсгөх зарчмаар тогтоох, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилж, улсын хэмжээнд усны зохистой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа дурдлаа.

Улсын хэмжээнд 2019 онд нийт 578.5 сая шоометр ус олборлож ашигласнаас 33.4 хувийг мал аж ахуй, 27.4 хувийг усалгаатай газар тариалан, 17.1 хувийг уул уурхай, 14.4 хувийг хүн амын унд ахуй, 5.4 хувийг эрчим хүч, 2.3 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ашиглажээ. Харин 2020 онд олборлосон усны хэмжээ 591.4 сая шоометр буюу өмнөх оноос 2.2 хувиар өссөн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан