Бид энэ оны эхний долоон сарын байдлаар 11.2 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн гэнэ. Ингэснээр нийт экспортын 46.1 хувийг нүүрс эзлэх болжээ. Алга ташиж хүлээж авсан мэдээний нэг энэ. Нэг тонн нүүрсээ дунджаар 104 ам.доллараар худалдаалсан гэсэн дүн ч гарч. Хэдийгээр нүүрсний экспорт өслөө гэж алга ташиж болох ч үнэ нь дэлхийн зах зээлд 20 хүртэл хувиар буугаад буйг анзаарахаас өөр аргагүй.
Өөрөөр хэлбэл, дунджаар тонн нь 104 ам.доллар гэж гаргасан энэ дүнгээс даруй 10 ам.доллараар нүүрсний үнэ унаад байгаа юм. Уг нь, бид энэ жил 30 сая тонн нүүрс экспортолно хэмээн том дуугарч төсвөө хийсэн. Тэгэхээр энэ алга таших хэмжээнд хүрсэн гэсэн үг биш. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байна гэдэг тасалдаад байгаа төсөвт ташуур өгнө гэсэн үг. Жилийн эхний долоон сард нь 11 сая тонныг гаргачихсан юм чинь үлдсэн таван сард нь 19 сая тонныг гаргаж чадна гэж үү.
Асуултын тэмдэг...
“Goldman Sachs”-аас гаргасан судалгаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед 35.2 хувиар өссөн гэсэн мэдээ байхад түүхий эдийнх эсрэгээрээ 16.7 хувиар унажээ. Мэдээж, энэ нь манай улсад хамгийн их хамаатай мэдээ. Дэлхийн эдийн засаг судалгааны томоохон төвийн шинжээчид 2007-2008 онд болсон хямралын үе эргээд иржээ гэдгийг анхааруулсаар. АНУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлт 2009 оны арваннэгдүгээр сарын тэр л үе рүү эргэн ухарчээ. Ажилгүйдэл 8.3 хувиар өсч, төрийн өр нь 16 их наяд ам.долларт хүрсэн гэнэ. Шинжээчдийн гаргасан тооцоогоор энэ жил дэлхий дахинаа 10 сая хүн туйлын ядуусын эгнээнд шилжих нь тодорхой аж. 2007 оноос эхлэн болж буй ган гачгийн улмаас жил бүр улаан буудайн гарц эрс буурсаар байгаа юм.
Гэхдээ эдэн дунд буй нэг нааштай мэдээ нь өөрсдөө үйлдвэрлэдэг, хүнсээ бэлтгэж чаддаг улсуудын хувьд энэхүү хямралыг давах боломж бүрэн бий гэнэ шүү. Харин импортлогчдын хувьд бүсээ чангалах хэрэгтэй хэмээн хатуухан анхааруулж байна. Жишээ нь Улаан буудайн үнийн хувьд дэлхийн зах зээлийн ханшийг тодорхойлдог Орос улс ирэх саруудад өснө гэдэгт тун итгэлтэй байгаа юм. Дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудай тонн нь 7.3-7.4 мянган рубль (313900-318200 төгрөг ) байгаа бол аравдугаар сард 8.5-9 мянган рубль (365000-387000 төгрөг) болж мянга гаруй рублиэр өсөх нь.
Харин манай тариаланчид өнгөрсөн жил тонн буудайгаа 350 мянган төгрөгөөр үнэлж зарчихаад, дээрээс нь тонн тутамд нь 50 мянган төгрөгийн урамшууллыг улсаас авсан. Улс тариаланчдаас худалдаж авсан тарианы багагүй хэсэг өнөө хэр нь хадгалагдсаар байгаа. Учир нь, мэдээж хойд хөршөөс тонныг нь 300 мянгад багтаагаад авчихаж байгаа тариагаа яагаад тонн тутамд нь багаар бодоход 50 мянган төгрөгийн алдагдал хүлээж авах ёстой юм бэ хэмээн үйлдвэрлэгчид тариаланчдаас үнээ буулгахыг хүсээд буй юм. Тэгэхээр энэ жилийн хувьд тонн буудайгаа 350 мянган төгрөгөөр борлуулахдаа тариаланчид төдийлэн толгой өвдөхгүй нь.
Уг нь, бид өөрсдөө хүнсээ тариалдаг бас үйлдвэрлэдэг. Махтай, ногоотой, гурилтай улс. Тиймээс дэлхий дахиныг айлгаад буй хүнсний хямралаас холхон байх боломж бий. Гэвч энэ жилийн хувьд буудайн үнэ хэвийн байж хүссэн хэмжээндээ буюу дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах 400 мянган тонн буудайгаа авч чадах болов уу.
Ахиад л асуултын тэмдэг...
Өөр нэг бидэнд тун их хамаатай мэдээ бол Москвад шатахууны үнэ 0.5 хувиар өссөн гэнэ. Дунджаар литр нь 28 рубль байдаг шатахууны үнэ 0.5 хувиар өссөн гэхээр 1.4 рубль буюу 60 төгрөг хавьцаа өссөн байна. Саяхан экспортын татвараа мөн 17 хувиар нэмсэн талаар мэдээлэх болсон. Ингээд бодохоор энэ сард орж ирэх шатахууны үнэ өсөхгүй гэх баталгаа алга.
Нефть хийн ассоциацын тэргүүн Н.Батбаяр манай сонинд өгсөн тодруулгадаа “Шатахууны үнэ өсөхгүй ээ” гэж шууд хариулж чадаагүй. Өснө гэдгийг батлаад гэхдээ их биш литр тутамдаа 30 төгрөгөөр л нэмэгдэх тооцоо бий гэсэн. Түүний хэлснээр манай импортлогчид энэ төвшинд үнээ барьж чадвал баярлахаас өөр яалтай. Шатахууны үнэ ч нэмэгдэх нь тодорхой боллоо хэмээн өөрийгөө хуурч болох ч литрт 30 төгрөгөөс хэтрүүлэхгүй барих чадал импортлогчид хийгээд Засгийн газарт бий гэж үү.
Энэ бол дараагийн асуултын тэмдэг ...