Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шийдвэрийг дарга нар гаргадаг. Та нарын явуулж байгаа хариу арга хэмжээ буруу байсан гэдгийг шууд хэлье”

Өнөөдөр Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрлэлийн эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр "Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өдрөөс өдөрт өвчлөгсдийн тоо нэмэгдэж, маш хүнд өвчтөнүүдийн тоо болон нас баралтын тоо ч мөн нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй хүчин зүтгэж ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн сошиалаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаатай холбогдуулан эмч, ажилчдын нэр сэвтээд зогсохгүй эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унаж байна. Энэхүү хэвлэлийн бага хуралд МЭМАҮЭХ-ны дарга Ариунаа, ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Баатарчулуун, ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудын төлөөлөл Энхцэцэг, Салбар холбооны дэд дарга Нарантуяа миний бие оролцож байна” гэлээ.

МЭМАҮЭХ-ны дарга Ариунаа: Монгол Улсын хэмжээнд цар тахлын өвчлөл ихэссэн, хүн ардын амь нас олноор эрсдэж байгаа энэ цаг үед ЭМ-ийн салбарын ажлаа хийж яваа хүмүүс рүү хуулийн шийдвэр гараагүй байхад нэр төрийг нь сэвтээх зохисгүй үйлдэл гарч байна. Мөн цар тахлын үед ард иргэдийнхээ сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагасан ийм мэдээллийг сэтгүүлчид та бүхэн минь хууль хяналтын байгууллагаас шийдвэртэй уялдуулан бодитой мэдээлнэ үү. Бид нар салбарын ажилчдыг бүгдийг нь 100 хувь сайн ажиллаж байна, алдаа гаргаагүй гэж өмөөрөхгүй. Алдаа гаргасан тохиолдолд алдаа гаргаж байгаа хүнтэй нь хариуцлага тооцдог. 56 мянган гишүүдийн эрх ашгийг, тэдний сэтгэл санаа, ар гэрээ умартан хоёр жил шахуу нойр хоолгүй, амралтгүй ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг битгий ингэж унагаач. Битгий нэр хүндийг нь харлуулаач гэсэн үүднээс өнөөдөр бодит байдлыг ард түмэндээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Баатарчулуун:

ХӨСҮТ дээр тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Тэд ажиллаж байгаа. Энэ шалгалтаас 2 хоногийн дараа live tv.mn цахим хаягаар энэхүү шалгалттай холбоотойгоор мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү? гэсэн хүнд гарчигтай, тодорхой зохиолтой, жүжиглэлттэй, зохион байгуулсан цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг илт буруутгасан нэвтрүүлэг гарсан. Энэхүү нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдад маш хүнд цохилт болсон. Монголын ард иргэд ч энэ 2 хоногийн хугацаанд маш хүнд байдалд орсон. Үнэхээр бодит байдлаас илт гуйвуулсан, шууд ХӨСҮТ-ийн эмч, эмнэлэгийн ажилчдыг буруутгасан энэхүү нэвтрүүлэг гарснаар яг цар тахлын голомтонд ажилллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд маань энэхүү 2 хоногийн хугацаанд маш хүнд сэтгэл санааны дарамтанд байна. Өчигдөр миний бие энд дурдагдсан эмч, ажилтнуудтайгаа уулзсан. Үнэхээр энэ 2 хоногийн хугацаанд бид нар ажлаа хийх ямар ч хүч, тэнхэлгүй болчихлоо. Ажилдаа төвлөрч чадахгүй, нойргүй хонож байна. Бид нар яагаад 2 жил зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ? Бид нар ийм буруу юм хийх хүмүүс биш ээ гээд эмч нар маань уйлаад хэлж байгаа юм. Тэр хүмүүс өнөөдөр ирэх байсан ч гэсэн халдвар маш ихсэнтэй холбоотойгоор лабораторын ачаалал өсөж, ажлын ачааллаас болж ирж чадаагүй. Өнөөдөр мөн 50,000 хүний шинжилгээний хариуг сөрөг болгосон гэсэн 3 эмчтэй холбоотой мэдээлэлд “энэхүү 3 эмч нь 80,000₮-өөр сөрөг гэдэг хариу гаргажээ”. Тэр битгий хэл жишээ нь “Сайханхүү эмч маань 21,000 хүний шинжилгээг 80,000₮-өөр үнэлж, 1,7 тэрбум төгрөг идсэн байна. Арай ч дээ” гэсэн ийм нийтлэлүүдийг цахим ертөнцөд өчигдрөөс эхлээд явуулж эхэллээ. Энэ бүхэн нь үнэхээр зохион байгуулалттай, цар тахлын дэгдэлтийг ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид руу зохион байгуулалттайгаар гүтгэж оруулж байна. Цогтбаяр гуайн энэ зураг үнэхээр болж байгаа нөхцөл байдлын бодит байдлыг бид бүхэнд хэлээд өгчихлөө. Бүх бурууг ХӨСҮТ-д дохсон. Энэ бол зохион байгуулалттайгаар ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг буруутгаж байгаа улс төрийн зорилготой хэрэг. Цар тахлын энэ голомтод бид бүхэн 1,5 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, итгэж, ажиллаж ирсэн. Ингэж ажиллаж явахад нэ төр засгийн шийдвэр үнэхээр зөв байсан юм уу? Өнөөдрийн энэ нөхцөл байдал нэг хоногт халдвар авагсдын тоо 1000-1,500 хүрэх, хоногийн нас баралт өдөр болгон өсөх байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, ялангуяа давхар судлалаар мэргэшсэн докторууд Засгийн газар, Онцгой комисст хэлж, сануулж байсан. Нөхцөл байдал хүндрэх нь байна шүү, энэ хөл хорио гэдэг юмаа маш сайн бариачээ гэдэг юмаа манай мэргэжилтнүүд хэлсэн. Энэ төр засаг, засгийн газар онцгой комисс үнэхээр тэр мэргэжилтнүүүдийнхээ үгийг сонсож, гаргаж байгаа зөвлөмж дүгнэлт, гаргаж байгаа шийдвэрүүдийг бодитоор хэрэгжүүлж байсан юм уу? Би эргэлзэж байна. Үнэхээр энэ сайд дарга нарын дэргэд байдаг олон зөвлөхүүд, тэр эрдэмтдийн баг та нар юу хийж байгаа юм бэ? Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг та бүхэн хараагүй юу? Тэр эрдэмтдийн баг Засгийн газар дээр оччихоод “Бид нар хөл хорио тавих шаардлагагүй ээ гэж үзэж байна” гэж байхад ХӨСҮТ-ийн хашаан дотор тэнд байгаа эмч мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Шийдвэрийг дарга нар гаргадаг юм. Тэр шийдвэр нь оновчгүй байсан нь өнөөдрийн халдварын тархалттай холбоотой нотлогдож байна. Тэр зөвлөхүүд, сайд дарга нарын дэргэд байгаа эрдэмтдийн баг нөхцөл байдлаа ойлгуулж чадахгүй, засгийн шийдвэрт оруулж чадахгүй бол ажлаад яадаг юм. Битгий тэгж ард түмнийг хуур. Та нарт итгэж найдаж энэ ард иргэд чинь зүтгэж явж байна. Тэгээд эцсийн дүндээ энэ цар тахал тархаад, нас баралт өдөр бүр гараад нөхцөл байдал хүндрээд ирэхээр ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа, ажлаас өөр юманд сэтгэл санаа хоёрдохгүйгээр зүтгэж байгаа эмч ажилчдаа буруутгаж байна. Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Та нарын явуулж байгаа хариу арга хэмжээ буруу байсан гэдгийг шууд хэлье.  Хөдөөгийн цар тахлын дэгдэлт эрчээ авсан байна. Хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараар ард иргэд нас барж байна. Энэ цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагч нар чинь нас барж эхэллээ. Эмнэлгийн байгууллагын ажилчид ч халдвараар маш олноороо өвдөж эхэлсэн. Тиймээс бид нар өнөөдөр бие биенээ чичлэхгүй, цар тахлын дэгдэлтийн эсрэг хамтдаа байж, хамтдаа ажилламаар байна. Бид бүхний хамгийн гол зорилго хоорондоо эвдрэлцэх биш, нэг нэгнээ чичлэх биш цар тахлын голомтын ард хамтдаа нэг сэтгэл нэгтэй гарахыг хүсэж байна. Та бүхэн минь энэ цар тахлын голомтонд ажиллаж байгаа энэ эмч, эмнэлэгийн ажилчдыг битгий буруутгаач ээ. Сэтгэл санаагаар дэмжээч ээ, бид бүгдэд итгэл хэрэгтэй байна, урам хэрэгтэй байна” гэлээ.

Харин тэд этгүүлдчийн асуултад дараах байдлаар хариуллаа.

-Анх энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан гаргаагүй. Шадар сайд ЭМЯ дээр очихдоо хэлсэн. Тэгэхээр Шадар сайдыг ямар ч мэдээлэлгүй энэ мэдээллийг цацсан гэж үзэж байгаа юм уу?

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Баатарчулуун: Нотлогдоогүй, батлагдаагүй байгаа мэдээллийг шууд буруутай юм шиг гаргаж ирж байгаа юм. Тиймээс ХӨСҮТ-ийн ажилчдын буруу юу гэдгийг хуулийн байгууллагынхан шийдээд өгөөч ээ, буруу бол арга хэмжээ авахуулья. Үнэхээр ХӨСҮТ-ийн ажилчдын буруу биш байж ээ гэвэл бид бүхэн нэр хүндээ маш хурдан сэргээж, энэ ард иргэдээ нэг зүгт итгэлтэйгээр хармаар байна.

Салбар холбооны дэд дарга Нарантуяа:

МЭМАҮЭХ нь 21 аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэг болгон дээр ҮЭХ байдаг. Өнөөдөр нэг л ҮЭХ-н дээр эмч, ажилчдын эрх зөрчигдсөн асуудлаар ярьж байна. Ус орны хэмжээнд эмнэлгийн ажилтнуудыг буруутгасан зүйл гарч байгаа учраас эмнэлгийн эмч ажилтнууд маань ажлаа хийж чадахгүй, стрессдээд, урам зориггүй болж, ажлын байраа орхиж болзошгүй. Энэ өвчний үед энэ хүмүүсийн дархлааг ингэж сулруулаад байх нь туйлын буруу юм. Одоо яг энэ асуудлаар эрх нь хөндөгдсөн ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын төлөөлөл Энхцэцэг өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ.

ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын төлөөлөл Энхцэцэг:

Би ХӨСҮТ-д ажлаад 16 дахь жилдээ болж байна. Лаборант мэргэжилтэй. Баасан гарагаас хойш сошиал орчинд явагдаад байгаа асуудлыг дэлгэрэнгүй хэлье. Би ковидын шинжилгээнд яваад нэг жил 5 сар болж байна. Шинжилгээнд явах үед хавьтлын шинжилгээ болон голомтын шинжилгээнүүдийг авч сорьцыг лабораторит хүргэж өгдөг. Тэндээс 8-10 цагийн дараа PCR-ийн шинжилгээний хариу гарахад лабораторийн эмч нар шинжилгээний хариуг гаргаж дүгнэдэг. Би шинжилгээний хариу гаргадаг эрх бүхий хүн биш. ХӨСҮТ-ийн ажилчдыг жил гаруй хугацаанд янз бүрээр хэлж байна. 850 гаруй ажилчдыг элдэв бусаар хэлж байна. Энэ олон хүний хүч хөдөлмөрийг битгий ингэж буруутгаач гэж та бүхнээс хүсье.

Салбар холбооны дэд дарга Нарантуяа:

Үнэн мөнөөрөө ажиллаж байгаа нэг төгрөгийн асуудал байхгүй гэдгийг шүүх хууль хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Эцэслээд хууль хяналтын шийдвэр гарсны дараа асуудлыг нь хэрхэн шийдэх нь үү? Хариуцлага тооцохоор байвал хариуцлага тооцоод, хэрвээ асуудалгүй байх юм бол энэ хүмүүсийн нэр хүндийг цэвэрлэх асуудлыг салбар холбооноос тавьж байгаа юм.

МЭМАҮЭХ-ны дарга Ариунаа:

Коронавирусийн цар тахал сүүлийн өдрүүдэд өргөн хүрээг хамран тархаж, аюулт халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт маш ихээр нэмэгдэн эмнэлэгүүдийн ачаалал огцом ихсэж байгаа энэ хэүү үед ЭМ-ийн сабарынхан маань ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалахаар ар гэр, үр хүүхэд хайртай бүхнээ умартан, амрах чөлөө завгүй бүх хүчээ дайчлан чин сэтгэлээсээ ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ковид-19 халдварт өвчинтэй тэмцэх жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн зарим ажилчдыг шинжилгээний хариу засдаг гэж хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цахим орчинд цацаж, тэдний ажил хийж байхад нь дарамт үзүүлж, сэтгэл санааны хүнд байдалд оруулаад байгаа асуудалтай холбогдуулан МЭМАҮЭХ-ноос эрүүл мэндийн салбарын нэр хүндэд халдаж, сэвтээж байгаа тул дараах мэдэгдлийг эрхэм Эрүүл мэндийн сайд таньд хүргүүлж байна. Үүнд:

Нэгт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж, цаашилбал, салбарын эмч, ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныг эсэргүүцэхийн зэрэгцээ, зарим эмч ажилтнууд холбогдоод байгаа асуудлыгн мөн үнэнийг олж тогтоон, эрүүл мэндийн салбарын болон ажилтнуудын нэр хүндийг сэргээх,

Хоёр, салбарын ажилтнуудын цалин хөлс, илүү цаг, нөхөн олговор зэрэг тэдний хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрт хөдөлмөрийн маргаан үүсгэх

Гурав, дээрх асуудлууд шийдвэрлэгдэхгүй хэвээр үргэлжилбэл нийслэл болон орон нутгийн эмнэлгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлүүлж өгөхийг сайд танаас хүсэж, мэдэгдэж байна. Мэдэгдлийн хариуг энэ сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсье.

Бид халдвар хамгааллын дэглэмээ барихын тулд энэ хувцсыг өмссөн. 2-т энэ салбарт ажиллаж байгаа мянга мянган ажилчид маань ковидтой тулж ажиллаж байгаа. Бид нар энэ хувцсыг 30 минут өмсөхөд бие хөлрөөд амьсгал боогдоод, ярихад хүртэл тээртэй байхад бүтэн 24 цаг, жил, 365 хоногийн 180-140 хоногт нь эмнэлэг дээрээ яг халдвартай хүмүүсийн дэргэд ажиллаад, эмчилгээ үйлчилгээ хийгээд байж байгаа хүмүүст асар хэцүү байгаа шүү дээ.

ХӨСҮТ- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан