ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр “Сүүлийн 24 цагийн байдлаар 10000 гаруй хүнээс шинжилгээ авахад, 1220 хүнээс халдвар илэрлээ. 366 хүн эдгэрч гарлаа. 49 болон 44 настай эрэгтэй нас барлаа. Нас барсан хүний тоо 29 боллоо. Үүнээс орон нутагт 114, Улаанбаатар хотод 1094, эмнэлгээс шалтгаалсан хоёр өвчлөл бүртгэгдлээ. Хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 болжээ. Маш хүнд өвчний тоо эрс өслөө” гэсэн мэдээллийг өгсөн билээ. Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.
-28 хоног хорих юм болов уу гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Хэрвээ 28 хоног хоривол ямар үр дүнд хүрэх вэ?
-Энэ удаагийн хөл хориогоор өвчний нууц хугацаандаа байгаа хүмүүс илэрч байна. Нууц үедээ байгаа хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байгаа гэсэн үг. Бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэсэн гэр бүлийн хүрээний халдвар тарах боломжтой.
-Хоёр дахь тунгийн нөөц ямар байгаа вэ?
-Сенофарм вакцинд дээр нөөцийн асуудал яригдаж байгаа. 56 хоног хүртэлх хугацаанд дархлаажуулахад дархлаа тогтоно гэж үзэж байна.
-Гэртээ хүндэрч байгаа хүмүүсийг яаж зохицуулж байгаа вэ?
-20 настай залуугийн нас баралтыг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчин байсан. Тухайн хүн нийтийн асрамжийн газар байрлаж байсан учраас үүн дээр анхаарах шаардлагатай. Нийтийн байр, асрамжийн газарт байгаа хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд дүүргийн эмнэлгүүдийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Шинж тэмдэг багатай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаа.
-Гэрээр хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?
-3172 хүн гэрээр тусгаарлагдаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудтай өрхийн эмнэлгийн эмч нартай холбоотой байгаа.
-Гэртээ харьж чадахгүй эмч нарын талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Тухайн халдвар дөнгөж гараад удаагүй байхад олон сараар гэртээ харихгүй байх тохиолдол олон байсан. Эмнэлгийн эмч ажилчид маань 14 хоног тусгаарлах байранд байдаг байсан. Одоогоор тусгаарлах байранд 7 хоног, гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна.
-Вакцин хийлгээд корона туссан хэдэн хүн байна вэ?
-Вакцин хийлгээд корона туссан 2304 хүн байна. Нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст илэрч байгаа юм. Вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараагаар халдвар авч нас барсан 3 тохиолдол бий. Эхний 21 хоногийн дотор буюу тухайн хүний бие бүрэн дархлаажаагүй байхад халдвар авч байна гэсэн үг.
-Хавдартай иргэдэд ямар вакцин хийх вэ?
-Фрайзер вакцины хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, нас барах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулаарай гэсэн чиглэлийг өгсөн. Халдвартай өвчинд аль ч төрлийн вакциныг хийлгэх боломжтой. Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс 5 хүн нас барсан. Суурь архаг өвчин нь юу байсан юм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй цаг алдсан уу гэдгийг тодорхойлж байна.
-Иргэддээ хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор халдвар авч байгаа иргэдийн тоо буурч байна. Агаар сэлгэлт дээр анхаарах хэрэгтэй. Цонхоо онгойлгоод хаалгаа давхар онгойлгож байж, агаарын урсгалыг сайн оруулна. Хоол идэхдээ доошоо харж идэх, хажуу хүнтэйгээ ярихгүй байх зэрэг энгийн дадлуудыг хэвшил болгох хэрэгтэй.
ХӨСҮТ-Хэвлэл мэдээлэл