Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө.
“Миний пэйж хуудаст боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай холбоотой маш олон ажил хэрэгч санал байнга бичдэг, бичсэн багш, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаачид, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хэдийгээр миний хувийн хуудас ч гэлээ УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд илэрхийлсэн өөрийн байр суурь, сайдын хувьд өөрийн хэрэгжүүлсэн ажил, салбарынхаа талаар мэдээ оруулдаг. Мэдээлэл бүхний дор та бүхнийхээ бичсэн саналыг уншиж, ажилдаа тусгахыг хичээдэг. Манай яамны асуудлыг барьж авч ажилладаг газрын дарга нар ч эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдынхаа саналыг эндээс хардаг болсон байна.
Боловсролын сайд сошиалаар ажил хийдэг, попордог гэсэн шүүмжлэлийг харсан. Зарим хүмүүс захирлуудын газрын асуудал, өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг олгохгүй байх шийдвэр, шинжлэх ухааны технологийн сангийн төсвийн зарцуулалтын зэрэг хэд хэдэн асуудлыг попорлоо гэж харсан байж мэдэх юм. Энэ тавьсан асуудлууд бүгд ажил хэрэг болж байгаа, маш олон зөрчил илэрч байгаа. Дагаад сайдын тушаал, шийдвэрүүд гарсан, цаашид ч асуудлыг цэгцэлсэн шийдвэр, тушаалыг зоригтой гаргана.
Миний хувьд ярьдаг биш хийдэг сайд байхыг л эрхэмлэнэ. Олон нийтэд гаргасан шийдвэр бүрээ нээлттэй мэдээлж ажиллана. Цаашид Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны пэйж хуудас, сайт дээр салбар, чиглэл, асуудал бүрээр санал авах программ ажиллуулж эхэлнэ. Тиймээс та бүхэн манай яамны сайтаар орж үнэтэй санал, зөвлөмжөө идэвхтэй ирүүлнэ гэдэгт итгэж байна.
Жишээ нь миний пэйж хуудаст 2012.02.20-ны өдрийн постны дор комментоор ирүүлсэн 362 саналаас дараах нэр бүхий хүмүүсийн саналуудыг ялгаж, эрэмбэлж байжээ. Цаашид үнэтэй санал ирүүлсэн хүмүүстэй манай яамнаас холбогдож ярилцах, саналын дагуу судалгаа хийх, ажлын хэсэг гаргах боломжтой. Ажлын хэсгийг заавал яам, УИХ дээр гаргах албагүй. Хөрсөн дээрээ байгуулагдсан ажлын хэсэг илүү үр дүнтэй ажиллах боломжтой гэж би боддог доо” гэсэн байв.