Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Чимиддорж: Цар тахлын энэ хүнд үед гэнэт татвар ногдуулж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд 3 хувийн татвар төлөх болсон гэнэтийн журамтай холбогдуулан МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүлэгч, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимиддоржтой ярилцлаа. 

-Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-ыг шинэчилжээ. Журамд зааснаар мэдээлэл технологийн компаниуд татварын дараах цэвэр ашгийн 3 хувийг тус санд бүрдүүлэхээр болсныг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд хэрхэн хүлээн авав?
-Программ хангамжийн компаниудад Бүх нийтийн үүргийн сангийн газраас Батмөнх даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Үүнд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд 2020 оны орлогын тайлангаа бүрдүүлээд, хуульд заагдсаны дагуу бүх нийтийн үүргийн санд шинээр 3 хувийн татвар төлөхөөр дурдсан байсан. Өмнө нь ийм татвар байгаагүй, яагаад гэнэт ийм татвар гараад ирэв гээд дор бүрнээ бид лавлаж эхэлсэн. Бид нар энэ талаар өмнө нь ямар ч мэдээлэлгүй байсан. 2020 оны 12 дугаар сарын 15-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын гарын үсэгтэй “Бүх нийтийн үүргийн сангийн журам” гарч, 2021 оноос мөрдөж байгаа юм байна. Энэ журмын хамаарах хүрээнд программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон зөвлөх үйл ажиллагаа явуулдаг компаниуд гээд шинээр хоёр салбарыг нэмж оруулжээ.

Хуучин үүргийн санд бид ямар нэгэн татвар хураамж төлдөггүй байсан бол энэ жилээс төлөхөөр нэмж оруулсан байсан. Манай салбарт үйл ажиллагаа явуулдаг 3000 гаруй компаниуд бүгд л бужигнаж эхэлж байна. Миний хувьд МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн. Танхимын гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалж тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байх. 2006 онд гарсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар нийт 22 тусгай сан байгаагийн дотор Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Бүх нийтийн үүргийн сан, Хүүхэд хамгаалах сан зэрэг сангууд багтсан байна. Энэ сангуудаар дамжуулан тодорхой салбаруудын үйл ажиллагааг дэмждэг бөгөөд хуулийн 7 дугаар зүйлд санг хэрхэн бүрдүүлэх талаар тусгасан.

7.1, 7.2 заалтуудад санг улсын төсвийн орлого болон гадаадын байгууллага, хувь хүний буцалтгүй хандив, тусламжаар бүрдүүлнэ гэсэн ч хуульд заагдаагүй хэлбэрээр сангийн төсвийг бүрдүүлж, татвар нэхэж байгаа нь өөрөө хуулиа зөрчсөн үйлдэл гэж харж байна. Хоёрдугаарт тогтоол, журам нь хуулиа дагаж гардаг. Журам нь батлагдангуутаа татвар ногдуулахаар  болчихлоо. Журам тухайлсан байгууллагад бус энэ салбарын хэмжээнд үйлчлээд эхлэхээр программ хангамжийн салбарын старт ап компаниуд, байгуулагдаад удаж байгаа компаниуд, гаднын улсад аутсорсинг нийлүүлдэг компаниуд, мэдээллийн сан бүрдүүлэн дата дээр ажилладаг компаниуд гээд энэ чиглэлийн бүх компаниудад 3 хувийн татвар ногдуулж эхэлж байна гэсэн үг. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засагт нь маш их доройтсон. МҮХАҮТ-ын зүгээс ч мэдэгдэл гаргаж, 152 мянган ажлын байр эрсдэлд орох магадлалтайг хэлсэн. Үүн дотор программ хангамжийн салбар урьд өмнө байгаагүйгээр гүнзгий уналтад орсон. 

-Журам батлагдах гэж байна. Энэ журмын төсөлтэй танилцаж, санал өгөөрэй гэж танай салбарынханд өмнө нь мэдэгдсэн үү?
-Хууль, журам батлагдаад хэрэгжиж эхлэхдээ тодорхой процедурыг давж байж хэрэгжиж эхэлдэг. Батлагдахын өмнө хэлэлцүүлэг явагдсан байх ёстой. Яагаад гэвэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа салбарынхантай хамтарч, сайн муу олон талаас нь ярьж, тал талаасаа хүлээн зөвшөөрч байж, заалтуудаа оруулмаар байна. Энэ процедур, журмыг батлахад ерөөсөө хэрэгжээгүй, хэн нэгнээс манай салбарын хэнд ч 3 хувийн татвартай болголоо шүү гэж хэлээгүй. Бид хэрвээ үүнийг тооцвол зардал, орлого, ашиг, үнэ тариф бүх зүйл дагаад хөдөлнө. Гэтэл ийм зүйл болоогүй. Одоо гарсан журмыг харахад маш олон алдаа, дутагдал байна. Ирүүлж байгаа албан бичиг, тамга тэмдэгт нь ч алдаа олж харлаа. Энэ байдлаар хэлэлцүүлэг явж байгаад нэг бол авна, нэг бол авахгүй гэж тогтох байх. Сангууд өөрийн гэсэн зориулалт байдаг. Хэрвээ энэ зориулалтыг биелүүлсэн бол энэ сангууд байх албагүй. Маш олон хяналтгүй сангууд өнөөдөр бий болж, мөнгө угаах явдал гарч байна, энэ сангуудад шалгалт явуулна гэж миний мэдэхийн өнгөрсөн хоёр жилийн турш яригдлаа.

Тусгай үүргийн сан алслагдсан орон нутагт амьдарч байгаа хүмүүст шуудан холбооны үйлчилгээг хүргэх зориулалттай сан. Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс хүн амын нягтшил ихтэй байгаа учраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа холбооны компаниуд ашиг олж байна, харин орон нутагт алдагдалтай байгаа учраас тэнд холбооны салбар нээхгүй, антен тавихгүй зэрэг асуудал үүсч болзошгүй учраас тодорхой хэмжээний татварыг авч, Засгийн газар үүргийн сангаар дамжуулан хөдөө орон нутагт дэд бүтцийг нь бий болгосон. Энэ сан өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж харж байна. 

Миний мэдэхийн хоёр удаагийн томоохон санхүүжилт авч, Монгол Улсын бүх сумдад үүрэн телефон, шилэн кабелийн шугам оруулсан. Сангийн цугларч байгаа мөнгө, зарцуулалт тодорхой байх ёстой. Үндсэн зорилгоосоо хазайж, сургалт зэрэг өөр өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан. Үүнийхээ төлөө бүхэл бүтэн салбараас татвар авахаар болж байгаа нь нэгдүгээрт мэдээлэл технологийн салбарынханд хүндрэл учруулж байгаагаас гадна энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа залуучуудын урмыг хугалсан явдал энэ боллоо. Саяхан шинэ Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа мэдээлэл, технологийн салбарыг тэргүүлэх салбар болгоно гэж лоозон бариад бидэнтэй уулзаж байсан. Энэ уулзалтад манай салбарынхан оролцож, өөрсдийн зовлон, жаргалаа ярьсан. Яг үнэн хэрэгтээ биднийг дэмжсэн нэг ч үйл ажиллагаа зохион байгуулаагүй мөртлөө унагаах гэсэн оролдлого эндээс ажиглагдаад эхэллээ. 

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын зүгээс өөрийн сошиал сувгаараа энэ журмын өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн байсан?
-Ер нь хариуцлага гэж зүйл хаана байна гэж хэлмээр байна. Боловсруулж байгаа албан тушаалтнуудад чинь хариуцлага байна уу. Энэ хүмүүс чинь ямар шалгуураар төрийн албанд томилогдсон бэ гэдэг нэг асуудал байна. Хоёрдугаарт нь, энэ журмыг баталсан хүмүүс өөрсдөө яг ямар журмыг баталж байгаагаа судалж байгаа юу гэдгийг бидэнд хэлэх хэрэгтэй байна. 

-Тухайлбал журмын өөрчлөлтийг хийх энэ ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцож, хамтарч ажиллах боломж байгаа юу?
-Байгаа. Мэдээж бид нарын эрх ашиг хөндөгдөж байхад тодорхой хэмжээгээр өөрсдийн дуу хоолойгоо хүргэнэ. Ер нь мэдээлэл, технологийн салбар их ирээдүйтэй салбар. Хил хязгаар алга. Их хөрөнгө хүч ч шаардахгүй. Маш бага хөрөнгөөр их хэмжээний баялгийг хийх бололцоотой. Бид нар уул уурхайгаа ухаж мөнгө олох гэж явж байгаа бол мэдээллийн технологийнхон дундаршгүй уурхай болох тархиа ухаж байж мөнгө олж байна. Хэрвээ бид технологижсон улс орон болж чадвал эдийн засагт хэрэгтэй. Бид нар Эстони, Гүрж зэрэг гаднын маш олон улс орны туршлагыг үзэж, судалж байгаа ч хүрч ирээд хийж байгаа үйлдэл нь ичмээр л үр дүнтэй байна.

-Цаашид журам дээр ямар өөрчлөлт ороосой гэж мэдээлэл технологийн салбарынхан хүлээж байна вэ?
-Мэдээлэл, технологийн салбарынхан энэ асуудалд их бухимдалтай байгаа. Клаб хауст энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд 100 гаруй залуус оролцсон. Энэ салбарын 6-7 мэргэжлийн холбоод нийлж, нэгдсэн байдлаар асуудлаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад тавихаар төлөвлөж байна. Энэ ямар учиртай журам, яагаад гэнэт ийм гарчихав гэж. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол иргэний нэхэмжлэл гаргаж, шүүхийн байгууллагад хандана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан