Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүсэд нэвтэрсэн асуудлаар тус төвийн захирал Л.Баттөр тайлбар хийснийг хүргэж байна.
-Шадар сайдын эхнэр улаан бүс рүү ороод гарсан уу?
-Ороод гарсан.
-Ямар үйл явдал болсон бэ?
-Яг үйлчлүүлэгчийн талаар бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Аав нь хавсарсан өвчтэй, 100 хувь асаргаанд байдаг хүнээс халдвар илэрсэн. Аавыгаа асрах гэж охин нь хамтдаа улаан бүс рүү нэвтрээд 2 цаг орчим болоод өөрөө сахих боломжгүйгээ илэрхийлээд, улаан бүс рүү нэвтэрсэн учраас бид тусгаарлалтад гаргасан. Дүрмийн дагуу одоо тусгаарлалтад байгаа.
Энэ зөвхөн энэ хүн дээр тохиолдож байгаа асуудал биш. Олон хүн хүсэлт тавьдаг. Тохиолдол нь олон биш. Хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод аль болох хүндрэл учруулахгүйг хичээдэг. Намайг ажил аваад долоо хонох хугацаанд хэд хэдэн удаа ийм асуудал гарсан. Тухай бүрд нь шийдвэрлэж байна.
-Таны ярианаас хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн нь улаан бүс рүү нэвтрэх боломжтой гэж ойлгогдож байна
-Хүнд өвчтэй хүний ар гэрийн хүн нь улаан бүсэд нэвтрэх хүсэлтээ гаргаад нэвтэрсэн хүмүүс бий. Гарахдаа тусгаарлагдана.
-Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо тусгаарлалтад байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм, Одоо тусгаарлалтад байгаа.