Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийж, нийт 437 хүнээс Covid-19 илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр 106 хүн эмнэлгээс гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд Ковид-19 халдварын улмаас 1462 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн-1243, хүндэвтэр-194, хүнд найм, маш хүнд долоон хүн байгаа юм. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 370 нь нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 67 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал:
• Хөвсгөл аймагт 5
• Хэнтий аймагт 6
• Дорноговь аймагт 3
• Орхон аймагт 18
• Төв аймагт 26
• Өвөрхангай аймагт 3
• Дархан-Уул аймагт 6 тус тус батлагджээ.
Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна. Одоогоор 50-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж буй. 50-иас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой юм.
Өнөөдөр өглөө өгсөн нэгдсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН дараах зүйлийг хэллээ.
“Шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар одоогоор яригдаагүй. Үүнээс гадна лабораторийн хүрэлцээ тоо хязгаартай тул ачааллыг харгалзаж үзэх хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө иргэд маань шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, ААН-ууд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсч байна. Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс бид сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байна. Ойрын хавьтлын хүн халдвар авах магадлал 20-40 хувь болохыг ДЭМБ-аас гаргасан. Зориулалтын бус газар ор дэлгэж байгаа тал дээр иргэд маань нэг ойлголттой болох хэрэгтэй. Одоогийн байдлаар 2107 орны зохицуулалтыг хангаад байгаа. Бөхийн өргөө, Буянт ухаа цогцолборт ор дэлгэх асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа. Энэ тал дээр тодорхой зохицуулалтыг хийж байгаа. Монгол Улсад батлагдаж байгаа Ковид-19 тохиолдлын 90 орчим хувь нь хөнгөн байгаа учраас иргэд маань хүн хоорондын зайгаа баримтлах нь чухал. Төлөвлөгөө ёсоор дараагийн ээлжийн вакцины татан авалтыг нэг өдрийн өмнө ч гэсэн оруулж ирэх тал анхаарч ажиллаж байгаа. Мөн ирэх сард Хятадаас вакцин оруулж ирнэ. Засгийн газраас танилцуулсан дархлаажуулатын журам хэвээр байна. Covid-19 тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, хүндэрч байна” гэлээ.