Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн дараах зүйлийг хэллээ.
“Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1169, хүндэвтэр 195, хүнд 21, маш хүнд 6 хүн байгаа аж.
Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байна. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох юм. Иймээс та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Мөн 25-44 насны эмэгтэйчүүд хамгийн их халдварт өртөж байна. 60-аас дээш насны өвчтөнүүдийн өвчлөл нь хүндрэх нас барах эрсдэлтэй байна.
Хөнгөн өвдсөн, шинж тэмдэггүй хүмүүсийг гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, шалгасны эцэст 373 коронавирусийн батлагдсан тохиолдлыг гэрийн тусгаарлалтад гаргасан. Тухайн хорооны өрхийн эмч нараар дамжуулан, өдөр тутмын хяналтыг хийж байна. Батлагдсан тохиолдол pcr шинжилгээ өгөх хэрэггүй. Харин ойрын хавьтал болсон хүн шинжилгээ өгч, хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэртээ тусгаарлагдах хэрэгтэй” гэв.