Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриан дор нэгдэж тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлж, сануулах цуглаан хийлээ. Тэд ҮАБЗ-ийн гишүүд болон Монгол улсын их хурлын гишүүдэд мэдэгдэл хүргүүлсэн юм. Ямар учиртай мэдэгдэл хүргүүлсэн талаар МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Баасангаас тодрууллаа.
“УИХ гэдэг өөрөө Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллага. Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрхийг шууд буюу төлөөллийнхөө байгууллагаар удирдддаг. Өнөөдрийн үүсээд буй Сү.Батболдын, шоронгоос гарч ирэнгүүтээ тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатын, Монголын ард түмнийг эдийн засгийн баталгаагүйгээр удаан хугацаагаар хорьж байгаа, коронавируст хариуцлагагүй хандсан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн хурлаа санаатайгаар тасалж буй асуудлаар тэдэнд шаардлага хүргүүллээ. Эдгээр асуудалд УИХ-ын гишүүн буюу нийт ард иргэд, улсын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаар тангараг өргөсөн гишүүдийг долоо хоногийн дотор ямар байр суурьтай байгаагаа албан бичгээр илэрхийлж өгөөч гэсэн шаардлага хүргүүлсэн хэрэг.
ҮАБЗ-ийн асуудлыг бид бүгд мэдэж байгаа. Монгол улсын газар, газрын хэвлийн баялаг, эдийн засгийн хараат байдал, монгол хүн эх орондоо ая тухтай амьдрах гээд бүх эрх өнөөдөр алдагдсан. Тиймээс эдгээр асуудлаар ҮАБЗ шуурхай хуралдаачээ, шийдвэр гаргаач, Монгол улс эзэнтэй байгаа гэдэг итгэл үнэмшлийг өгөөч гэсэн үүднээс мэдэгдэл өгсөн. Хуулиараа ҮАБЗ шаардлага хүргүүлж болдоггүй учир мэдэгдэл хүргүүлсэн хэрэг.
Өнөөдрийн сануулах цуглаан цаашид үргэлжилнэ. Яагаад гэхээр цагаан морин жилд бид залуу, 30 гаруй настай л байлаа. Залуудаа хийсэн Монгол улсыг шударга, хууль ёсных байх, эх орондоо чөлөөтэй, аз жаргалтай амьдрах зорилгыг тавьсан Ардчилсан холбооны 30 жилийг авлигачид гадна, дотны шуналтнууд буруугаар ашигласан. 30 жилийн хугацааг үр дүнгүй өнгөрөөсөн. Монголын ард түмнийг эх оронд нь хог түүдэг, монгол залуусыг ажилгүй болгосон. Заавал авлигал өгч байж албан тушаалд тавьдаг болгосон. Аль нэг намд элсч байж төрийн ажил хийлгэдэг болгосон гээд олон дутагдал бий болжээ.
Энэ бүхнийг бид засч чадахгүй бол хэн засах юм. Бидний хийсэн ажлыг буруугаар ашигласан хүмүүст бид л алганы амт үзүүлэх ёстой. 30 настайдаа ардчилсан хувьсгал хийж явсан би өнөөдөр гурван хүүхэдтэй, таван ач зээтэй болчихсон сууна. Би тэдэндээ ийм нийгэм үлдээхгүй. Тийм учраас сайхан нийгмийн төлөө тэмцэнэ. Үе үеийн эх орон бол Монголын ард түмний эр зориг, амь нас, урсах цусны үнэ цэнэ дээр тогтож ирсэн. Бид ч гэсэн шаардлагатай бол энэ үнэ цэнийг гаргахад бэлэн байна.
Монгол хүн эх орондоо эзэн болох ёстой. Эзэнтэй улс гэдгийг бид дэлхий дахинд харуулах ёстой. Яагаад 0,28 хувь нь асар баян болчихоод байхад үлдсэн нь ядуу байх ёстой юм. Яагаад ард түмэн өнөөдөр хүлцэнгүй байх ёстой юм бэ. УИХ яагаад Үндсэн хуулиа зөрчсөн хууль гаргаад байдаг юм. Өөрсдөө гэмт хэрэг хийгээд тангараг өргөчихдөг хирнээ ард түмнийг зөрчил гаргалаа гээд торгодог нь шударга ёс уу. Энэ мэтээр бидэнд хөндөх асуудал их бий.
Өрх бүр түгшүүртэй байна. Манай цуглаанд 80 настай эмээ ирлээ. 27 жил ажилласан тэр эмээ тэтгэвэргүй байж байна. Хүүхдүүд нь 60 нас хүрч байна гэнэ. Мөн л ажилгүй байгаа юм билээ. Тэгээд бухимдлаа илэрхийлэхээр иржээ. Ингэж ард түмнээ эх оронд нь аз жаргалгүй амьдруулж байгаа бидэнд төртэй байх хэрэг байгаа юм уу. 1990 оны МоАХ-ны анхдагчид ахмадууд болсон. Бид хийсэн ажлынхаа бурууг засахын тулд эр зоригтойгоор тэмцэх сануулах цуглаанаа хийсэн нь энэ” гэв.