Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсруулсан түлшний үйлдвэртэй болох Мянгуужингийн үлгэр үү

Нийслэлийн гэр хорооллынхон энэ жил боловсруулсан түлшний “хомсдолд” орох нь. Учир нь, өвөл хэрэглэх боловсруулсан түлшний 50 хувийг нийлүүлэх ёстой ”Аморе интернэшнл” компани энэ жил түлш нийлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Уг нь,  2010 онд өмнөх яамны зарласан тендерийг тус компани авч, гэрээ ёсоор есдүгээр сард улсын комисст бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөх ёстой байж. Гэтэл заасан хугацаанд амжихгүй гэдгээ компанийн удирдлагууд хэлж, агаарын бохирдлыг бууруулах хорооныхныг сандралд оруулах нь тэр.

Гэхдээ дээрх компани нь заасан хугацаандаа түлш нийлүүлж чадахгүй хэмээж буй нь анхны тохиолдол биш гэнэ. Төслийн эхний хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад орно гэж байсан ч дараа сарынхаа 15-нд гэж хойшлуулсан. Цагтаа ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ нийлүүлнэ хэмээн зарласан эл үйлдвэр ийнхүү хэлснээсээ эргэж буцсан нь иргэдийн дунд “Манай улс боловсруулсан түлшний үйлдвэр барина гэдэг мянгуужингийн үлгэр юм байна” хэмээж буй. Гэтэл дарин дээр давс нэмэр гэгчээр есдүгээр сард иргэдийг боловсруулсан түлшээр хангаж чадахгүй гэсэн нь иргэдийн дургүйцлийг бүр хүргэж орхижээ. Харин яагаад амлалтдаа хүрэхгүй байгааг тус компанийн захирал Н.Баатарсүрэн “Түлш барьцалдуулах шингэн шилний үйлдвэр байгуулахад нэлээд хугацаа, хөрөнгө орсон. Одоогийн байдлаар шинэ технологийг хэрэгжүүлэхэд нүүрсний чийглэг болон хэмжээ тохирохгүй байгаагаас гадна үйлдвэрт туршилт тохируулга хийж байна. Тиймээс амжихгүй” гэсэн тайлбар хэлж байв. Тус компанийн тухайд 2000 онд байгуулагдсан бөгөөд өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станц барьж байгуулах, дулааны цахилгаан станц, станцын үндсэн болон туслах тоноглолын  шинэчлэл, засвар үйлчилгээ эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч гэнэ.

Үнэндээ Улаанбаатарт нийтдээ 400 гаруй мянган тонн боловсруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан. Хэрвээ тус үйлдвэр ашиглалтад орвол жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн ням гарагт  Эрчим хүчний сайд М.Сономпил тус үйлдвэрийн барилгын явцтай танилцсан. Энэ үеэр тус үйлдвэрийн удирдлагуудыг  хатуухан шүүмжлээд авна билээ. Арга ч үгүй биз дээ. Бүхэл бүтэн нийслэлийн өвлийн улиралд хэрэглэх түлшний 50 хувийг хангана хэмээн гэрээ хийчихээд хахир хүйтэн наашилж байхад чадахгүй гээд хээв нэг хэлж байхад аашлах нь ч зүйн хэрэг. Ер нь, манайхан нэг юм хийхээрээ энэ нь болохгүй, тэр нь ч бүтэхгүй боллоо. Шинэ ажил, их том төсөл учир алдаа гарна хэмээн өөрсдийгөө өмөөрдөг бас зайлуулдаг. Энэ ажлын цаана хэдэн мянган хүний эрүүл мэнд цаашлаад дулаан өвөлжих эсэх нь өөрсдөөс нь шалтгаалж байгааг даанч бодсонгүй.  Бид хэдий болтол энэ анх хийж байгаа төсөл, яваандаа сайн болох биз, ахиад нэг боломж олгоё хэмээн толгойг нь илэх вэ дээ. Тиймээс тус компанийг үйлдвэр барих ажлаа түргэвчил эс бөгөөс тендерийг нь цуцалж, хариуцлага тооцъё.


Татвар төлөгчдийн 18 тэрбум төгрөг салхинд хийсэх нь

Энэхүү төслийг хэрэгжүү­лэхэд татвар төлөгчдийн 18 тэрбум төгрөг зарцуулагдаж буй юм.  Уг нь иймэрхүү хэмжээний том төсөлд гадаадын зөвлөх компани байх ёстой байдаг. Одоо манайд зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүд бүгд гадаадын зөвлөх компани, олон улсын хяналтан дор хэрэгждэг. Гэтэл эл төсөл төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа учир гадаадын зөвлөх компаниуд аваагүй аж. Хэрвээ зөвлөх компани авсан бол зөвлөөд, хяналтаа тавиад явах байсан биз. Тэгсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан.  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс түлэхийг хориглож, хязгаарлалтын бүс тогтоосон. Одоогоор Баянгол дүүргийн  долоон хорооны 11 мянга гаруй өрхийг  хамруулсан эл хязгаарлалтын бүсийг нэмж тогтоох тухай ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсруулсан түлшний нөөц нэмэгдсэн тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн гурван хороо, Чингэлтэй дүүргийн нэг хороо гээд 18  мянга гаруй өрхийг хамруулахаар төлөвлөсөн.  Гэтэл бүсийг  нэмж тогтоолоо гээд түлэх боловсруулсан түлш нь байхгүй болохоор яах билээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хязгаарлалтын бүсээ нэмж тогтоохоор боловсруулсан түлшний хангалтаа нэмэгдүүлмээр...Ер нь, манай улсад боловсруулсан түлшний томоохон үйлдвэр байхгүй нь түлшний хомсдолд ороход хүргэж байна. Өнгөрсөн онд гэхэд боловсруулсан түлшний 12 үйлдвэр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Нийслэлийн агаарын чанарын албатай байгуулсан байдаг. Гэтэл тэдний ихэнх нь түлш нийлүүлээгүй. Тухайлбал, хязгаарлалтын гол бүс болох Баянгол дүүрэгт л гэхэд МАК 33  мянган тонн боловсруулсан түлш нийлүүлэх байсан бол дөнгөж  7.4  мянган тонныг нь нийлүүлжээ.  Харин энэ жил тус дүүрэг 44 мянган тонн боловсруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан байна билээ.  Агаарын бохирдлыг бууруулахын тулд  2010  онд 30 тэрбум , өнгөрсөн онд 20 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин энэ онд хэдэн төгрөг зарцуулах тухай ярьж буй. Ер нь, энэ мэт та нарын тусын төлөө хэмээн татвар төлөгчдийн мөнгийг хэдэн  тэрбумаар нь зарцуулан хариуцсан компани нь үүргээ биелүүлэхгүй бол хэн хариуцлага хүлээх вэ.  Цаашлаад агаарын бохирдол буурахгүй бол буух эзэнтэй буцах хаягтай болгохсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан