Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Мэргэн: ТЭМЦЭЛ, ТЕННИС ХОЁРТ БАР БАС БАМБАР

Миний туулж өнгөрүүлсэн амьдрал ширээний теннистэй салшгүй холбоотой хэмээн ярих энэ эрхмийг Монголын спортынхон, ширээний теннисний үе үеийн тамирчид андахгүй. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, спортын мастер түүнтэй спортын төлөөх чин сэтгэл хийгээд ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож явсан талаар нь хөөрөлдлөө. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай ярилцах сэдэв мундахгүй их ч ардчилсан хувьсгалд хэрхэн гар бие оролцож явсан түүхээс эхэлье?
-Ах нь энэ түүхийг ярьж, бичиж үлдээх ёстой хүний нэг. Бодож явсаар өдий хүрч.  Хүүрнэх боломж олгосон танай сонины хамт олонд талархал илэрхийлье. 
Ардчилсан хувьсгал эхлэхээс өмнө үнэхээр хүнд байсныг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тухайн үед ЗХУ-ын дарамтанд ажилладаг байлаа. Үйлдвэр, албан газрууд орос даргатай, үгнээс нь гарах эрхгүй. Үйлчлэгч нар нь ч орос, өндөр цалинтай. Одоогийн Оюутолгой, Риотинтогийн гадны мэргэжилтнүүдтэй адилтгаж ойлгож болно. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ямар ч боломжгүй. Нэг намын дарангуйлалд байсан цаг үе шүү дээ. Хэдий тийм ч залуучууд эх орныхоо төлөө санаа зовниж, өндөр хөгжилтэй орны иргэд шиг сайхан амьдрахыг хүсч тэмүүлдэг байв. 
Ардчилсан хувьсгалын эх суурь анх Ховдод тавигдсан цагаас хойш багагүй мэдээлэлтэй болсон. 1989 онд ах нь 29 настай, Өвөрхангай аймгийн Спорт хорооны дасгалжуулагчаар ажилладаг байв. Нэгдүгээр сарын сүүлээр Сүхбаатарын Амарсанаа, Баасан лам хоёр МоАХ-г байгуулах томилолт өвөртөлж Өвөрхангай аймагт ирсэн юм. Архангай аймагт салбар зөвлөлөө байгуулчихаад буцах замдаа дайрсан нь тэр. 
Нэгдүгээр сарын 30-ны орой санагдана. Биеийн тамир спорт хорооны хүндийг өргөлтийн дасгалжуулагч Батбаатар найз маань гэрт ирлээ. “Цаана чинь ардчилсан холбооны хоёр хүн ирчихсэн буудалд байрлаж байна. Хэдүүлээ очиж уулзах уу” гэлээ. Тэр үед аймгийн аварга шалгаруулах хүүхдийн тэмцээн явагдаж байсан цаг. Тэмцээнд сум бүрээс багш нар хүүхдүүдээ авч ирж хоёр өдөр үргэлжилж дууслаа. Сумдаас ирсэн багш нар ч хоёр хүн ирснийг дуулаад сонирхож байна гэх жигтэйхэн. Бүгдээрээ манай гэрт очиж хоол хийж идчихээд уулзахаар зочид буудал руу нь дөхтөл өнөө хоёр маань өөдөөс гараад ирсэн. Хувь тавилангаар уулзлаа гэсэн шүү юм ярьж зогсч байгаад манай гэрт очицгоосон.
-Гэртээ дагуулж очсон гэхээр та ч бас зоригтой нэгэн байж. Хүмүүс уулзахаас хүртэл зүрхшээдэг гэдэг юм билээ. Танаас гадна ямар хүмүүс байсан нь сонирхол татлаа?
-Тэр үед ах нь БТСХ-ны хажууд аймгийн төвийн урд захад шинэ 36 айлын орон сууцанд амьдардаг байлаа. Надаас гадна Есөнзүйлийн биеийн тамирын багш Зэд, Хужиртын багш Есөнцагаан, Бүрд сумын багш Батболд, манай БТСХ-ны чөлөөт бөхийн дасгалжуулагч Бат-Эрдэнэ хэд цугласан. 

Нөгөө хоёртойгоо танилцсаны дараа Амарсанаа бидэнд үзэл бодол, үйл ажиллагааныхаа тухай ярьж өгөөд эх орондоо сайхан амьдрах боломжтой талаар танилцуулсан. Сүүлдээ бидний яриа аймагт салбар зөвлөл байгуулах болоод явчихлаа. Дотроо жаахан айдастай сууж байсан чинь нөгөө багш нар маань “Бид маргааш өглөө сум сум руугаа шуудангийн унаанд суугаад яваад өгнө. Бат-Эрдэнэ, Мэргэн хоёр л үлдэнэ. Та хоёр яах юм” гэлээ. Тэгэхээр нь “Энэ асуудлыг өнөөдөртөө хойшлуулъя. Өнөөдрийн уулзалтаа “Өвөрхангайн ардчилсан холбооны дэмжигчдийн анхдугаар цуглаан гэж нэрлэе” гэж хэлээд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Өглөө нь хамт уулзсан багш нар маань ч яваад өглөө. Биднийг тэмцээндсэн хоёр өдөр Амарсанаа, Баасан хоёр гадуур нэлээд явж хүмүүстэй уулзсан ч яг дэмжээд явчих барьцтай хүн таараагүй юм билээ. Тэгээд гурвуулаа залуус цуглуулах хэрэгтэй гэж үзээд нөгөөдөр өглөө нь Цагдаагийн даргатай уулзахаар аймгийн төвийн гудмаар алхтал таньдаг, таньдаггүй бүх хүн хоёр талаар ханараад л явчихсан.
-Одоогийнхоор бол вирустэй гурван хүн явж байгаа юм шиг л харагдаж дээ?
-Хүмүүс ихэд болгоомжилж байсан нь тэр. Улс төрийн хэрэгтэн болж, шоронд явахыг хэн хүсэх билээ дээ. Тухайн үед эхнэр хүүхэдгүй, аав, ээж хол учраас ах нь ардчиллыг дэмждэгээрээ дэмжинэ гэсэн бодолтой. Орой нь гурвуулаа ажлаа яриад сууж байтал Барилга угсралтын трестийн зуухын цехийн дарга Батжаргал, Улаан булангийн эрхлэгч Өлзийсайхан хоёр маань зориг гаргачихсан ажлаа тараад ирсэн. Батжаргалын хувьд хоёр гурван зуун залуу хариуцан ажилладаг, Өлзийсайхан үзэл, суртал ярьж, улаан даавуун дээр цагаан шохойгоор “МАХН мандтугай” гэж лоозон бичдэг хүн их л зориг гаргаж ирсэн байгаа биз.
Бидний зорилго сайхан амьдрахын төлөө л байсан. Хэн дарлагдаад амьдрахыг хүсэх вэ дээ. Одооны залуус шиг дарлагдаад суугаад байдаггүй л байлаа. Олуулаа болох хэрэгтэй гээд яриад сууж байтал хүндийн өргөлтийн багш Батбаатар ороод ирсэн. Өмнө нь хамт уулзсан учир манай хүн ч ойлголттой. Хоёр давхрын Барилга трестийн архитехторын мэргэжилтэн Адъяа бидэнтэй нэгдсэнээр тавуулаа болсон. Хэдүүлээ манай гэрт шөнө дөл болтол юмаа ярина. Анхны таваас Батжаргал, Өлзийсайхан бид гурав л үлджээ. Одоо ч хоорондоо амь нэгтэй уулзаж учирдаг.
-Тавуулаа таван тийш явж хүн цуглуулсан уу?
-Аюурын Ганболд, Эрдэнэ-Очир гээд олон найзууд маань нэмэгдсэн. Олуулаа болчихлоо, одоо яах вэ гээд Амарсанаагаас асуухад Өвөрхангай аймгийн Намын хорооны Ухнаа даргад “Аймгийн ардчилсан холбооны хүмүүстэй залуусыг уулзуулж өгөхийг хүсье, байраар хангаж өгнө үү” гэдэг хүсэлт тавина гэж байна. Тэрхүү хүсэлт дээр хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүн нь би. Өлзийсайхан, Батжаргал хоёр маань бичгээ аваад Ухнаа даргад хүргүүлсэн ч хариу ирээгүй. Амарсанаа, Баасан хоёр наадуул чинь хариу өгөхгүй дараагийн үйл ажиллагаандаа оръё гэлээ. Орой 18:00 цаг өнгөрөөгөөд л бид Аюуш баатрын хөшөө рүү явна. Залуус ч их ирж уулзана. Сүүлдээ залуус салахаа байж, дэмжиж байгаагаа илэрхийлдэг, бид зориг орсон ч гэж жигтэйхэн. Нэгдсэн эмнэлгийн улаан буланд залуустай уулзах боломж олдлоо. Уулзалтын өмнө манай хоёр чамайг аймгийн МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар тавъя гэв. Өвөрхангайн хүн биш, яг тогтсон гэр орон, ах дүү, эхнэр хүүхэдгүй учраас намайг дагах хүн байхгүй, тэрний оронд Батжаргалыг ерөнхий зохицуулагч болгоё гэдэг санаагаа хэллээ. Хэдүүлээ ярилцаад “Мэргэний санаа зөв” гэлцээд Батжаргалыг зохицуулагчаар сонгосон. Нэг сонин юм ярихад залуус бидэнтэй уулзахаар гэрт их ирдэг байсныг сүүлд 25 жилийн ойгоор мэдсэн. Байрны гадаа цагдаа нар зогсоод ирсэн залуусыг хөөгөөд, зарим нэгнийх нь гарыг мушгисан тухай сүүлд сонссон нь энэ.
-Тэгэхээр танайд уулзалт болдгийг цагдаагийнхан мэддэг байсан байх нь. Та нар ямар нэгэн сэжиг ажиг аваагүй гэж үү?
-Цонхны доогуур цагдаа нар явдгийг мэддэг байсан л даа. Хаалганы гаднаас эсвэл цонхны дор зогсч бидний яриаг чагнах магадлалтай гэдгийг. Сүйтгэнэж гүйх хөлийн чимээ гардаг л байсан. Тэр битгий хэл хоёр гурван цагдаагийн залуус танай холбоонд элсмээр байна гэхээр нь “Үгүй” гэж хэлээд л гаргана. Дараа нь надад таагүй хандаж байсан үе ч бий. Энэ мэтээр тагнаж, турших үйл ажиллагаа тасраагүй. 
-Улаан буланд болсон уулзалтын талаар яриагаа үргэлжлүүлье. Заал дүүрэн залуус цугласан уу. Уулзалтын уур амьсгал ямар байсан бэ?
-Улаан буланд очсон чинь түлхүүр нь олдоогүй. Батжамсран гээд жүдогийн дасгалжуулагч Нэгдсэн эмнэлгийн биеийн тамирын арга зүйч найз маань түлхүүр нь олж өгсөн. Сүүлд сонсоход дээрээс  түлхүүр битгий өгөөрэй гэсэн юм билээ. 
Хурал ч эхэллээ. Гэтэл араас зарим нэг нөхөд “Та нарыг манай аймгийн залуус дэмжихгүй” гэх зэргээр  үймүүлж эхэлсэн. МоАХ-ны зорилго, чиглэлээ яриад танилцуулж байхад   аймгийн сонины газрынхан тэр чигээрээ дуу хураагууртай, гэрэл гялалзуулаад зураг аваад эхэлсэн чинь залуус сандраад сүйд болсон. Энэ нь надад таагүй санагдсан учир сурвалжлагчдыг бүгдийг нь гар гэж хэлээд хөөж гаргасан. Бас л зоригтой байсан юм шүү. Тэр хооронд залуус гараад явчихсан. Заримынх нь эхнэр, хүүхэд нь ирээд чангаагаад аваад явсан тохиолдол ч бий. 35 хүн үлдсэн  юм. Хурлаа хийгээд тэргүүнээрээ Батжаргалыг дэд тэргүүнээр Батбаатарыгаа сонгож, үлдсэн нь тэргүүлэгч гишүүд болсон. 
Харамсалтай нь энэ үйл явдлын талаар нэг ч зураг байхгүй. Амарсанаа хальсгүй болсон учраас зураг дарж, авч үлдэж чадаагүй. Гэсэн хэдий ч Амарсанаа үйл явдлын талаар өдөр, судартай нь цаг минуттай нь бичээд л яваад байсан юм билээ. Дараа нь ном болгоод гаргасанд нь үнэхээр их баярласан даа. Хэрвээ ингэж баримтжуулж аваагүй бол  хүмүүс мэдэхгүй үлдэх байлаа. Мэргэн анх байгуулаагүй, явцын дунд орж ирсэн гэж ярих ч байсан юм билүү. 
-Ямар ч байсан тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчдээ сонгоод албажаад авчээ. Энэ цагаас хойш ямар үйл явдал өрнөв?
-Энэ цагаас хойш хурал, цуглаан гээд хэсэг явсан. Анхдугаар их хурал хуралддаг өдөр Гучин Ус суманд бүсийн тэмцээн зохиогдохоор, ерөнхий шүүгчээр нь миний бие ажиллахаар болсон. Тэгээд ч Их хуралд Батбаатар суухаар сонгогдчихсон учраас би оролцож чадаагүй. Их хурлын талаар орон даяар радиогоор цацагдсан шүү дээ. Тиймээс тэмцээний завсар дундуур их хурлынхаа талаар сонсч ганцаараа зочид буудлынхаа өрөөнд бөөн баяр хөөр болж байснаа одоо ч тод санадаг. 
Өвөрхангайнхан намайг спортын хорооны гэхээсээ илүүтэй Ардчилсан холбооны Мэргэн гэж дууддаг. 
-Хурал, цуглаанаа хаана хийдэг байсан хэрэг вэ. Та нарт ямар нэгэн дарамт шахалт ирдэг байв уу?
-Орон сууцны подвальд хийнэ. Батбаатарын бэлтгэл хийдэг байсан клуб. Хүн амьтан ч орж гарах нь бага. Тиймээс бид ажлаа тараад тэндээ цуглаад ярилцана. 
Ардчилсан холбооныхоо нэр төрийг өндөрт өргөж явах ёстой гэдгээ бид ухаарч их л нандигнадаг, архи ууж, хэрэлдэж зодолдож болохгүй гэдгийг нэг нэгэндээ хатуу сануулдаг, муу муухайгаар хүний нүдэнд өртөхийг цээрлэдэг байлаа. Үзэл бодолдоо ч үнэнч явсан. Манай урлаг, спортынхон юмны түрүүнд явдаг болохоор их ч идэвхтэй. Нэг удаа Спорт хорооны Лхагваа даргыг намын хорооноос дууддаг юм байна. 
Дарга яваад хоёр, гурван ч цаг өнгөрсөн. Батбаатар бид хоёр биднээс болж дуудагдлаа гэдгийг гадарлаад л. Дарга минчийсэн улаан болчихсон, их уурлахаараа эсвэл айхтар шахаанд орохоор ингэж улайдаг байсан юм. 
Биднийг хал гэсэн тушаал өгсөн байх гэж бодтол дарга “Ардчилсан холбоог дэмжсэн та нарын зөв” гэж хэлэв. Үзэл бодол нь ардчиллын төлөө байсан юм билээ. “Ажлаа сайн хий, тасалж болохгүй” гэж хэлээд биднийг өрөөнөөсөө гаргасан. Сүүлд бид хэд даргадаа хүндэтгэл үзүүлж уулзсан чинь “Би та нарыг анхнаас нь дэмжиж байсан. Гэхдээ яг тэр үед юу болсон тухай ярихгүй” гэж билээ. 
Тухайн үед аймгийн захиргааныхан тав дахь өдрийн орой лекц, сонсгол хийдэг байлаа. Нэг удаа аймгийн захиргаа, хэлтэс, тасгийнхан бүгдээрээ театрт цуглаад хуралдахад Үзэл суртлын хэлтсийн Равдан дарга “МоАХ гэгчийн хоёр нөхөр ирсэн. Тэр хоёр Мэргэнийд 7, 8 хоносон. Мэргэн гэртээ орогнуулсан” гэж донгодов. Шавь нарын маань аав, ээж намайг дэмжиж байсанд баярладаг. Багш чинь буруу зүйл дэмжихгүй гэж хүртэл ярьсан байдаг юм. 
-Хэдийнээс өөрийн гэсэн байртай болсон гэсэн үг вэ?
-Анхдугаар их хурлын дараа манайх орон тооны нарийн бичигтэй, хотын захиргаанд өрөөтэй болсноор бүр ч өргөжсөн. Өдөр тутмын үйл ажиллагаа маань ч жигдэрсэн. Төд удалгүй Батжаргал маань аймгийн орлогч дарга боллоо. Надтай уулзаад тусалъя гэхэд нь би хэрэггүй гэж хэлээд гарсан. Албан тушаалын амбицгүй, сайхан зүйлд оролцсондоо бахархаад л явж байдаг. Ахынх нь ардчилсан хувьсгалд анх гар бие оролцож явсан түүх ийм. Энэ талаараа дурсамж бичье гэж мөн ч их бодсон ч завдал болсонгүй. 
Ингээд 1991 онд аймгаас шилжиж Төв аймгийн Баянчандманьд ирсэн. Угаасаа Төв аймгийн хүн л дээ. Гэхдээ зүгээр суугаагүй ээ. Сонгинохайрхан дүүрэгт МоАХ-ны анхдагчдын зөвлөл байгуулах санаачилга гаргаж байлаа. Мөн Өвөрхангай аймагтаа Ардчилсан ахмадын зөвлөл байгуулалцсан. Ер нь янз бүрийн санаачилга гаргадаг, найзууд маань ажил хэрэг болгочихдог юм.
-Хоёулаа ардчилсан хувьсгалд оролцож явсан түүхийн тань талаар нэлээд ярилцлаа. Одоо спортын амжилтын талаар жаахан ярилцъя. Таны амьдралын бас нэгэн салшгүй хэсэг нь ширээний теннис. Энэ спортод хэрхэн хөл тавьж байв?
-Анх Өвөрхангай аймгийн нэгдүгээр арван жилийн сургуульд долдугаар ангидаа шилжиж очиход байрны хүүхдүүд поошиг дээр панер тавиад теннис тоглодог байсан юм. Эгч тоглоно, би харин сонирхдоггүй. Байрны Туяасайхан гээд хөөрхөн охин гараас минь татаад зааж өгье гэлээ. Аливаа зүйлд эвсэлтэй болоод ч тэрүү дорхноо сурсан. Энд тэндээс том хаалга олж ирээд л тавцан болгоод тоглоно. Ээж Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник, мэргэжлийн сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг байв. 
Миний хувьд гэртээ унтах гэж л орно. Бусад үед нь тоглоод явчихна. Тэгээд л сайжирчихгүй юу. Сүүлдээ сургуулийн аваргыг мэр, сэр хождог болов. Гэхдээ намайг тэмцээнд оруулдаггүй байлаа. Нэг удаа аймгуудын бүсийн тэмцээн аймагт болж урт цагаан оймстой, цагаан пүүзтэй нэгэн залууг олж харлаа. Сүүлд бодоход Төв аймгийн Цэнд-Аюуш багш байсан юм билээ. Амьдралдаа анх удаа тамирчин харж байгаа нь энэ. Тэр хавийн хамаг л хүнийг хожоод байна. Аатай гэж жигтэйхэн. Тэгээд л энэ хүн шиг тамирчин болъё гэж шийдсэн.
Явсаар байгаад Дарханд очоод спортын мастер, солгой Б.Баасан багшийн секцэнд орсон. Ээж маань ч зөвшөөрсөн. 1984 онд Оюутан, сурагчдын спартикадад түрүүлсэн. Багагүй амжилт гаргасан ч хагалгаанд ороод эрүүл мэндийн шалтгаанаар тамирчны маань карьер дууссан даа, хөөрхий. 
-Тэр цагаас хойш дасгалжуулагч болох эхлэл тавигдсан байх нь ээ?
-Тийм ээ. Дасгалжуулагч болохоор биеэ бэлдэж эхэлсэн. Заалны хүндэт үзэгч болж, тамирчдыг ажигладаг байлаа. Бэлтгэл хийхийн хажуугаар эвдэрсэн ширээ, урагдсан тороо оёж шиднэ. Спорт хорооны дарга Сорогжоо багш намайг сүрдүүлж байгаа аятай айхтар харна. Тэгж хардаг нь “чи сайн байна” л гэсэн. Багшийнхаа болоод бусад дасгалжуулагч нарын арга барилыг их харна, судална. Ингэж явсаар Өвөрхангай аймгийн Спорт хороон дээр зунжингаа цалин хөлсгүйгээр сайн дураараа секц ажиллуулаад л. Гэтэл хүүхдүүд маань сайжраад л бүсийн аваргаас гараад ирэв. Орон тооны дасгалжуулагч болоод цалинтай золгосон. 1987 онд Өвөрхангай аймагтаа Ширээний теннисний холбоог үүсгэн байгуулсан. 1991 онд буцаад Төв аймгийн Баянчандмань руугаа шилжиж  биеийн тамирын багшаа хийхээ болиод ногоо тарьж, мал өсгөсөн. Гэхдээ теннисээ орхиогүй, хүүхдүүд бэлдсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 хүүхэд дагуулаад очиход бүгдээрээ медаль авдаг байлаа. 15 жил медаль хамсан. 2000 онд хоёр жил шахуу хөөцөлдөж байж Төв аймгийн Ширээний теннисний холбоог байгуулсан. Аварга шалгаруулах тэмцээнийг сумандаа зохион байгуулсан гээд олон ажил хийсэн дээ. 
-Холбоо байгуулах хоббитой хүн юм аа. Ямар ч гэсэн орон зайг нь олоод хараад байдаг байж?
-Тийм шүү. Сумандаа “Бамбар” нэртэй клуб хүртэл байгуулсан гээд бод доо. Сүүлдээ бэлдсэн хүүхдүүд маань УАШТ-ээс медаль аваад эрс сайжраад ирсэн. Тэр үед “Тэмүүжин” спорт сургалтын төвийн талаар багш нар маань их ярина. Доллараар цалинждаг гээд л. Гэхдээ тэр сургуульд орчих юмсан гэж нэг их шунасангүй, дотроо хот руу шилжинэ гэсэн бодолтой. 2006 оны УАШТ-ээс манай хүүхдүүд 12 медаль аваад амжилтаараа хоёрдугаар байрт шалгарав. Ингээд хот руу ирэхэд нүүр бардам хүсэлт тавих эрхтэй болсон. Энхбат гэдэг найз маань Тэмүүжинд багшилдаг байсан юм. Найз дээрээ яваад очлоо. Буудагч машиныг нь хараад л сайн дураараа ажиллая гэж шийдсэн. Найз маань ч “Чамайг туслах багшаараа авна чи хамт ажиллаж бай” гэлээ. Нэг өдөр захирал дуудуулж “Чи сайн дураараа их удаан ажиллалаа, ямар бодолтой байна” гэв. Тэгэхээр нь намайг туслах багшаар авна гэсэн гэдгийг нь хэллээ.  Тэгсэн “Найз тань худлаа хэлсэн байна, Энхбатыг ажлаас халж оронд нь таныг авна” гэлээ. Баярт мэдээ ч найзыгаа ажилгүй болгоно гэдэг байж боломгүй үйлдэл учир за, үгүй ч гэж хэлэлгүй шууд гэртээ харьсан. Найздаа жудаггүй зан гаргахыг хүсээгүй учир яваад өгсөн нь энэ. МоАХ-ныхон ийм л зантай хүмүүс. 
Дараагаар нь багш, дасгалжуулагч авна гэсний дагуу дахин очиж анкетаа өгсөн. Санаанд оромгүй олон хүн очсон. Гэтэл багагүй хугацааны дараа “Тэмүүжин” сургуулиас над руу утсаар холбогдоод ажилдаа ор гэж билээ. Хүүхдүүдээ ч сайн бэлдсэн. Амжилт гаргаж, УАШТ-ээс олон аварга төрүүлсэн. Татан буугдтал нь ажиллаж байгаад гарсан.  
Дараагаар нь Төв клубт ажилласан, сургуулиудаар явсан ч нэг л бүтээмжгүй. 
-Нэг хэсэг “Авъяас” хөтөлбөрийн багшаар ажиллаж байсныг тань саналаа?
-МҮОНРТ-ээр томчуудад хичээл зааж сонин, сэтгүүл дээр гараад ёстой тодорч байсан үе шүү дээ. Их сайхан. Ямар ч гэсэн өөрт оногдсон ажлаа сайн хийсэн гэж боддог. 
Энэ цагаас хойш олон газар клуб байгуулж, секц ажиллуулсан. “Шинэ од” клубт ажиллаж байгаад хувиараа шавьтайгаа хамт тусгаарласан. Мөн олон улсын дасгалжуулагчийн зэрэглэл аваад нэг, хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч болсон. 
Сүүлд шавьтайгаа хамт аравдугаар хороололд “Номин” дэлгүүрийн ард хамгийн сүүлийн үеийн тохижилттой “Бамбар” клуб байгуулсан ч коронавирусын халдвартай холбоотойгоор ажиллуулж чадахаа больсон. Ид хүчээ авч байтал халдвар дэгдсэн. Уг нь манай хүүхдүүд улсдаа хоёрдугаарт явдаг. Удахгүй цаг сайжрах биз. 
-Ширээний теннисний 60 жилийн ойн аварга шалгаруулах тэмцээн таны нэрэмжит болж зохион байгуулагдсан байх аа?
-2019 онд 60 жилийн ой болсон шүү дээ. Би “Бамбар” клубээ Монгол улсад ширээний теннисний спортыг түгээн дэлгэрүүлсэн, холбоог үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр 11 жил ажилласан Санжийн Чойгон гэж  Баасан багшийн багш байсан хүнээр нэрийдсэн. Их ч дарагдсан хүн. Энэ хүний тухай олон жил фэйсбүүктээ бичиж, байранд нь тавихыг их хүсдэг байлаа. Үр хүүхэдтэй нь ч уулзаж 60 жилийн ойд зориулсан мундаг ном гаргасан. Энэ номон дээр Чойгон багшийг ширээний теннисний эцэг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс би энэ хүний нэрээр клубээ нэрлэсэн. 
Манай холбооны Ерөнхийлөгч Гантулга гэж мундаг залуу бий. Хүнийг их дэмждэг, ахмадуудынхаа үгийг сонсоно.  
60 жилийн ойн өмнөхөн Өвөрхангай аймагт маш гоё заал ашиглалтад орж, УАШТ-ийг тэр зааланд зохион байгуулах юмсан гэсэн чин хүсэл төрөв. Тэгээд Ерөнхийлөгчдөө хэлсэн, дэмжихээ ч илэрхийлсэн. Аймгийн дарга нар маань ч дэмжсэн. Тэгсэн  “Та өөрийнхөө нэрэмжит болгоод хийчихээч” гэх санал хүмүүсээс ирдэг юм байна. 59 жилийн хугацаанд аварга шалгаруулах тэмцээн хүний нэрэмжит болж зохиогдож байсан удаагүй. Хэд хоног бодсоны эцэст хүмүүс дэмжиж байхад  гээд шийдвэрээ гаргасан. 
Тэмцээний нээлт ч боллоо. Мэргэн шиг мундаг хүн алга. Магтаалд умбасан даа. Тухайн үед нэг их хөөрөөгүй ч сүүлд нь их баярласан. Тэр оройгоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо найзынхаа клубт угааж, жижигхэн хүлээн авалт хийсэн. Одон аваад багагүй хугацаа өнгөрсөн ч угааж амжихгүй явсан хэрэг. Өвөрхангай аймагтаа одонгийн найраа хийнэ дээ гээд өмнө нь зүгээр мөрөөддөг л байсан. Ямар ч гэсэн мөрөөдөл минь биелсэн дээ. 
-Одоо ингэхэд хэчнээн шавьтай болсон вэ. Хоёр охин тань таны залгамж халаа болоод явж байгаа нь бахархууштай санагддаг?
-Миний хоёр охин хоёулаа ширээний теннисээр хичээллэдэг, спортын мастерууд. Бага маань улсын аварга. Харин том охин маань улсын аваргын төлөө хоёр ч удаа үзээд бараагүй. 
Сард 20, 30 хүүхэд ширээний теннис заалгахаар ирдэг учир шавь нараа тоолж баршгүй. Тэднээс улсдаа танигдсан, аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн нь 20 гаруй. Олон ч хүүхдийг спортоор хүмүүжүүлсэн дээ. Миний ярьдаг ганц зүйл спорт. Гэртээ юу ч хийхээ больсон. Манай хүн ч ойлгодог. Олон түмэн  хүндэлж, хайрладагт талархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. 
-Хэчнээн удаа гадагшаа тэмцээн, уралдаанд оролцсон бэ?
-Гадаад, дотоодын олон ч тэмцээнд явсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар олон ч хүүхэд гадагшаа тэмцээнд удирдаж явсан байдаг юм. Манай хүүхдүүд тийм муу биш. Ширээний теннисээрээ 220 гаруй орны 50 гаруйд нь явдаг. Волейбол, сагсан бөмбөгийнхөн чинь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадахгүй байхад ширээний теннисийн хүүхдүүд байнга оролцсоор ирсэн. Олон улсын тэмцээнээс медаль авч байсан удаатай юм шүү. Цаашид ч амжилт нь өснө гэдэгт итгэлтэй явдаг. 
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
А.АКЭРКЭ

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан