“Алтан ордны улсын Ногай ноён гурван хатантай байв. Их хатан Яйлак, дунд хатан Чапай, бага хатан Евфросония. Монгол цэргийн дайралтаас эмээсэн Византийн эзэн VIII Палеолог Михайл өөрийн охин Евфросонияг Ногайд хатан болгон өгчээ”.
Ялалтын тугаа мандуулсан их цэрэг нутгийн зүг буцаж явна. Сүрлэг дагшин цувааны өмнө байлдааны хар тугийн дор Ногай ноён морин дээрээ хөндөлдөсхийж суугаад алтан саравчит дуулган дороос нумрах өтгөн хар хөмсгөө үл мэдэг зангиджээ. Ногай бол өрнө дахиныг эмхлэн хураасан Зүчи хааны ач юм. Ялсан цэргийн бардамнал түүний хөхөлбий даасан бор царайд илт боловч оюун бодолд нь чухам юу эргэлдэж байгааг хэн мэдэх.
Хэдэн жилийн өмнө Бэрх авгыг тэнгэр болоход ахан дүүсийн цус урсавзай хэмээн Алтан ордны хаан ширээг Мөнхтөмөр дүүд найр тавин өгч сэлэмийн ир, жадны үзүүр нь болж явахаа амлаад баруун зүгийн хилийг сахин суусан билээ. Гэвч түүний бодсон зоргоор их гүрэн амгалан байсангүй. Ногай ноёны итгэлээрээ тулж цусаараа гагнаж буй Их Монгол гүрний дотор том жижиг тулаан тасрахгүй байсаар хэдэн оныг үджээ. Энэ удаа ч гэсэн үндэс нэгт модны салаа мөчир болох Ил хант улсын цэрэгтэй тулаад ялалт байгуулан буцаж яваа нь энэ. Үүний учир гадаа намрын налгар өдөр байвч түүний сэтгэл хаврын хүйтэн салхитай хохилзсон өдөр мэт жихүүцнэ.
Их хатан Яйлак ялалтын цуурай хадаан ирж буй эр нөхрөө хүндэтгэн хүлээж аваад, цэргүүдийг амрааж өөрийн өргөөндөө амттан бүхэн өрсөн ширээнд залан угтав. Ногай бүгд амар амгалан байгаа эсэхийг асуух нь бага хатнаа хэрхэн буйг мэдэх гэж тэр хэмээн хатантан бодоод зориуд түүний тухай дурссангүй. Ногай дахин лавлаж:
-Евфросония төрж хөнгөрөв үү? гэвэл их хатан хэсэг дуугүй сууснаа:
-Төрсөн. Охинтой болсон. Гэхдээ ноён минь хүүхэд эхийнхээ хэвлийд арван сар болоод төрдөг бус уу? гэхэд Ногай цочин хатан өөдөө харвал тэр далдирсхийснээ:
-Хатантан энэ хүрээнд ирснээс хойш яг есөн сар болоод нярайлав гэж хэлэхтэй зэрэгцэн эмэгтэй хүний гаслан орилох чимээ гарлаа. Ногай хатан өөд дахин харвал:
-Ноён минь над руу ингэж бүү харагтун. Тэдний л хийж буй үйл байх гэвэл Ногай ноён үүдэнд буй харуулын цэрэг рүү дохив. Цэрэг ч ухасхийн гарч одлоо. Төд удалгүй бага хатныг нь дагаж ирсэн загалмайлсан эх нь болох тавь орчим насны бүдүүн эмэгтэй дагуулан орж ирэв. Ногай юу болоод буйг цэргээс асуухад тэрээр үг дуугүй мөнөөх эмэгтэй рүү нүдээрээ дохилоо. Ноёнтон:
-Юу болоод байгааг хэлээд орхи гэж ширүүн зандарлаа. Мөнөөх эмэгтэй өөрийнхөө хэлээр шулганан ууц нуруу руугаа заахад Ногай ноён хилэгнэж:
-Өдий болтол монгол хэл сураагүй хаашаа янзын амьтан бэ? Хатантан та энэ орд өргөөнийнхнийг хэлтэй болгочихож болохгүй байна уу? хэмээн хашхирав. Удалгүй араас нь орчуулагч болох хархүү орж ирээд бүсгүйн дэргэд сөхөрлөө. Тэрээр ээрч гацан байж:
-Хатантан охин төрүүлсэн. Сайхан охин. Гэтэл эх баригч эмэгтэй, монгол эмэгтэй охиныг унагаад бэртээж орхисон гэхүйд Ногай бүгдийг “Гар” гэж дохиод сэнтийдээ бодол болон суув. Гэвч яг чухам юу болсныг мэдэх хүсэл төрж дээлээ өмсөхөд их хатан:
-Ноёнтон та аян дайнаас дөнгөж ирээд амарч байгаа бус уу? Яахан хүүхэд шиг гарч гүйх? гэхэд дуулаагүй царайлан гарч одов. Энэ хооронд гаслан хашхирах бүсгүйн дуу чих дөжрөм байлаа. Тэр хурдан хурдан алхсаар аймшигт дуу гарч буй зүүн талын хар гэрт явж хүрвэл их гал өрдөж, гэрийн гаднаас хиншүү хярвас ханхалж, хэн нэгнийг тамлаж буй нь илт. Гэрт орвол том тулганд гал өрдөн баруун талд урагдаж ноорсон цамцтай бүсгүйн гар хөлийг унинаас тэлж хүлээд, ууц нурууг нь халуун төмрөөр хайран тамлаж байгаа үзэгдэнэ. Ногай:
-Больцгоо. Миний хүрээнд хэн иймийг хийхийг зөвшөөрөв? гэхэд орчуулагч залуу:
-Их хатны загалмайлсан эх ингэхийг тушаасан билээ. Энэ чивэлт эм таны охиныг унагаж гэмтээсэн гэхэд мөнөөх залууг араасаа явахыг тушаагаад бага хатны өргөөнд орж ирэв. Хатан төрөөд удаагүй бололтой баруун талын орон дээр зузаан хучлагатай хэвтэх агаад загалмайлсан эх нь зүүн талд өлгийтэй охин тэврэн сууна. Хатны цаас шиг цагаан царай эр нөхрийнхөө хилэгнэсэн царайг хараад улам цонхийв. Ногай үг дуугарсангүй манцуйтай хүүхдийг гар дээрээ авбал тайван амьсгалан нойрсож байлаа. Ногай:
-Охин бэртсэн гээгүй бил үү? гэвэл монгол хэл гадарлах болсон хатан нь манцуйг задал гэж дохилоо. Загалмайлсан эх зүүн талын орон дээр охиныг тавьж манцуйг задлан нурууг харуулвал өгзөгнөөс нь эхлээд нурууны доод хэсэг нилдээ хөх болсон үзэгдэнэ. Гэдсэндээ өтөлсөн булцгар цагаан охины нуруун дээрх хөх толбыг ноёнтон хараад цочисхийснээ гар дээрээ өргөж:
-Тийм ээ. Энэ бол миний хүүхэд, миний охин. Даруй эх баригчийг суллаж хооллон эмчлэгтүн. Миний охин энэ мөн байна. Хоёр хүүгийн араас охин гэж хэлээд жаргалтайгаар инээмсэглэв. Хугацаанаасаа ялимгүй өмнө төрсөндөө ноёнтноос гэмшиж, их хатны шивэгчнээрээ дайлгасан үгээс эмээхдээ аргаа барж суусан хатны нүднээс баярын нулимс урслаа. Юу болоод байгааг ухаараагүй орчуулагч гэх буруу хэлтэн аргаа барахдаа Ногай ноёны шадар цэрэг рүү харвал тэрээр:
-Аргагүй л монгол баатрын хүү мөн дөө. Энэ хөх толбыг тэнгэрийн тамга гэдэг юм. Тэнгэр заяатан монголчуудын үр удамд л ийм тэмдэг байдаг. Гэтэл та нар гэмгүй хүнийг тамлана гэнэ ээ. Одоохон түүнийг суллаж авчир гэхэд мөнөөх хархүү үсрэн гарав. Ногай ноён хатан, загалмайлсан эх хоёр руу голонгуй хараад:
-Монгол хүн ийм толботой төрдөг гэдгийг мэдэхгүй байх ч гэж дээ. Дур мэдэн хүн тамласан та нарт зохих шийтгэл оноох болно гэж ууртайгаар хэлэв.
Санжаагийн Батжаргал
2020.02.08