-Миний дараагийн зорилго Азидаа топ шүүгч болох-
Монголын Хөл бөмбөгийн холбоо хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөг 2020” виртуал ёслолын ажиллагаа зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулсан билээ. Энэ үеэр “Алтан шүгэл”-ийн эзнээр тодорсон Олон улсын хөл бөмбөгийн холбооны шүүгч, Азийн хөл бөмбөгийн холбооны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, олноо зурагчин хэмээн алдаршсан Н.Болдын хүү төдийгүй МоАХ-ны залуу үеийн төлөөлөл юм.
-Юуны өмнө шилдэг шүүгч болсонд баяр хүргэе. Хамт нэр дэвшсэн шүүгчдээс илт давуу оноогоор тэргүүлсэн байна билээ. Шилдгээр шалгарна гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Баярлалаа. Ер нь бол өөртөө итгэлтэй байсан. Энэ жил цар тахлын улмаас оны шилдгүүдээ шалгаруулдаг ёслолын ажиллагаа цахимаар зохион байгуулагдсан нь их өөр мэдрэмж төрүүлсэн. Ямар ч гэсэн шилдэг шүүгч болсноо мэдээд их баяртайгаар хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд энэтийн байсан шүү. Холбооны зүгээс зохиогддог зарим тэмцээн энэ жил цар тахлын улмаас явагдаж чадаагүй. Гэсэн ч Үндэсний дээд лиг, футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнүүдээ амжилттай явуулж чадсан учраас холбооны зүгээс тоглогч, дасгалжуулагч, шүүгчдэдээ урам өгөх зорилгоор шилдгүүдээ шалгаруулах ёслолын ажиллагааг энэ жил алгасалгүй зохион байгуулсанд талархаж байна.
Миний хувьд голдуу дээд лигт ажилласан. Ковидоос болоод гурван сарын хугацаанд цомхон тоглоод дууссан. Дашрамд хамт нэр дэвшсэн шүүгчид маань энэ жил маш амжилттай ажилласан гэдгийг онцлон хэлье.
-Энэ хүртэл явсан шат, дамжлага бүхэн амаргүй байсан нь мэдээж. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа хөл бөмбөгтэй холбогдсон үеэс тань үргэлжлүүлье?
-Бүр анх 1998 онд аавтайгаа хамт гэртээ хөл бөмбөг үзэж байснаа тод санадаг. Тухайн үед жаахан ч ДАШТ гэж их гоё зүйл гэдгийг анх мэдэрч билээ. Тэр цагаас хойш 2007 он хүртэл найзуудтайгаа гадаа хөл бөмбөг тоглосон доо. Харин 2007 оноос янз бүрийн тэмцээнд оролцож яваад 2008 оноос Монголын Хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлж шүүгчийн сургалтад сууснаар шүүгчээр ажиллах эхлэл маань тавигдаж байлаа. Бүхий л сургалтад суусны дараагаар тэр жилээ анхны тэмцээнээ шүүсэн. Түүнээс хойш 13 жил дээд лиг бусад тэмцээнийг шүүхийн зэрэгцээ Монголын хөл бөмбөгийн холбоонд ажилласан юм.
-Хөл бөмбөг тоглодог байхдаа аль нэг багт харьяалагдаж байв уу?
-Том клуб, багт харьяалагдаж байгаагүй. Найзуудтайгаа хамт өөрсдийнхөө хэмжээнд л тоглодог байсан хэрэг. Сонирхогч гэх үү дээ.
-Тоглохоосоо илүүтэй дэнслэх нь таны сонирхлыг татжээ гэж ойлгож байна. Шүүгч болоход тавигддаг гол шалгуурууд нь юу юм бэ?
-Хамгийн гол шалгуур нь хөл бөмбөгийг ойлгох. Дараагаар нь сургалтуудад сууж, дүрмээ ягштал цээжилсэн байх ёстой. Бас нэг гол зүйл нь бие бялдрын бэлтгэлжилт. Дээд лиг шүүнэ гэдэг чинь тухайн улс орныхоо хамгийн шилдэг тамирчдыг шүүнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шилдэг тамирчдаасаа дутахааргүй хурд, бие бялдрын бэлтгэлжилттэй байх ёстой. Талбайн аль ч хэсэг хүртэл гүйж чаддаг, хурдан довтолгоотой байх ёстой гэсэн хэд хэдэн чадвар эзэмшсэн байх хэрэгтэй. Тийм учраас сүүлийн үед бие бялдрын бэлтгэлжилтэд маш өндөр шаардлага тавигддаг болсон. Мөн олон улсад гарахын тулд англи хэлний шалгуур тавигдаж эхэлнэ. Энэ мэтээр олон шалгуур бий.
-Таны хувьд Монголоос анх удаа Азийн элит шүүгчийн шалгалт өгч тэнцсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу.
-Бид 2012 онд Олон улсын хөл бөмбөгийн холбоонд шүүгчээр элссэн. Тухайн үед манай холбооны гурван шүүгч ФИФА-гийн шүүгч болсон. Тэдний нэг нь би. Гэхдээ бид цаашлаад элит шүүгч болох ёстой гэсэн зорилго тавьсан ч тухайн үед гаргалгаа нь их бүрхэг байв. Маш олон шалгууртай байсан хэрэг. Тухайлбал Шүүгчийн хэлтэстэй болох ёстой гэдгээс эхлээд олон шалгуур бидний өмнө тулгарсан. Гэхдээ зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байгаад 2016, 2017 онд сая надтай хамт шилдэг шүүгчид нэр дэвшсэн Түмэнбаяр бид хоёр хамт Малайзад очиж элит шүүгчийн шалгалт өгсөн.
Эхлээд дүрмийн мэдлэг, англи хэл, фитнесс тест, бие бялдрын бэлтгэлжилт, хүмүүстэй харилцах чадварын шалгалтууд өгсөн. Би Малайзад өгсөн шалгалтдаа тэнцсэн учир Азийн Хөл бөмбөгийн холбооноос томилогдсон мэргэжилтнүүд манайд ирж дотоодынхоо лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгааг гурван ч удаа шалгасан. 2019 онд бүхий л шалгалтдаа тэнцсэний үр дүнд Элит шүүгч болсон. Үндсэндээ Элит шүүгч болох шат, шалгуур нь хоёр жил орчим хугацаанд үргэлжилдэг юм билээ.
Шалгуур маш өндөртэй. Тэр шалгалтад 50-60 орчим шүүгч ирж оролцдог. Тэднээс 5-10 шүүгчийг нь л авна. Олон шүүгч авдаггүй гэсэн үг. Шалгалт бүр хамгийн топ гэсэн түвшнийхээр зохион байгуулагддаг.
Энэ жил цар тахалтай байсан учир нэг, гуравдугаар сард л гадагшаа тэмцээнд явсан. Одоогоор бусад тэмцээн хойшилчихсон.
- Таны шүүсэн хамгийн анхны олон улсын тоглолт ямар тоглолт байсан бэ?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Эхний шат нь Гуамд, хоёрдугаар шат нь Хонгконгт болж байсан юм. Хонгконгт явагдсан Хойд Солонгос, Гуамын тоглолт санаанаас ер гардаггүй. Тухайн багуудын хувьд хэсгээсээ шалгарах маш чухал тоглолт байсан юм. Тоглолтыг Монголын шүүгч шүүж байна гэдэг Монгол улсын нэр гарч байгаа гэсэн үг. Тиймээс хариуцлага өндөртэй байх ёстой. Энэ тоглолт хоёр улсын хооронд явагдаж байгаа гэдэг утгаараа мөн тухайн тоглолтыг 10 гаруй мянган хүн үзэж байсан учраас маш их хариуцлага шаардаж байсан. Гуам биеийн хүчний тоглолт ихтэй, харин Хойд Солонгосын баг илүү хурдтай учраас их өрсөлдөөнтэй, ширүүн тоглолт болсон.
Дараагаар нь Филлипинд болсон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Дулаан орнуудын тэмцээн байсан л даа. Сүүлд энэ оны нэгдүгээр сард Мьянмар, гуравдугаар сард Бангладеш руу тэмцээнд яваад шүүгчээр ажиллаад ирсэн байгаа.
-Таны шүүсэн олон улсын тэмцээнүүдийн талаар гадны холбоодууд хэр сэтгэл ханамжтай байсан бэ. Ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгдөг үү?
-Ерөнхийдөө бидэнд ийм, тийм байсан гэж мэдээлэл ирдэггүй. Ер нь ямар нэгэн том алдаа гаргахгүй л байвал болсон гэсэн үг. Миний шүүсэн тэмцээнүүдэд иймэрхүү асуудал гараагүй. Бүх тоглолтууд тун дажгүй болсон.
-Шүүж байхад хөгжөөн дэмжигчдээс ямар нэгэн дайралт ирдэг үү. Өөртөө итгэлгүй байх тохиолдолд асуудлаас хэрхэн гардаг вэ?
-Монголд харьцангуй гайгүй. Мянга орчим хүн манай лигийн тоглолтыг үздэг. Энэ жил үзэгчгүй явсан. Өнгөрсөн жилийн тоглолтуудаас харахад манай хөгжөөн дэмжигчид хүн рүү дайраад байдаг нь харьцангуй гайгүй шүү. Ерөнхийдөө янз бүрээр хэлж л байдаг. Энэ бүхнийг шүүгч нар чихнийхээ хажуугаар өнгөрөөх ёстой. Илүү дутуу зүйл бодоод эмзэглэх шаардлагагүй гэж боддог.
Харин шийдвэр гаргах тал дээр шүүгч нар маш хурдтай байх ёстой. Тоглолтын дундуур алдаа гарлаа, ямар нэгэн юм боллоо гэнгүүт тэр дор нь зөв шийдэл нь гаргаад шүглээ үлээх ёстой. Хурдан реакц үзүүлэх нь маш чухал. Гэхдээ үнэн зөв, дүрмийн дагуу байх ёстой.
Мэдээж харж чадаагүй үед итгэлгүй болно. Гэхдээ гурав, дөрвүүлээ шүүж байгаа учраас бие биенээсээ тусламж авдаг. Цуг шүүгээд явчихдаг болохоор алдаа гарах нь бага. Зарим тохиолдолд өөртөө итгэлгүй үедээ шүгэлдээд хэрэггүй итгэлтэй үедээ шүгэлдсэн нь дээр байдаг юм.
-МХБХ хэчнээн шүүгчтэй вэ. Шүүгч нараа сургах, сургалтад хамруулах тал дээр хэрхэн анхаарч байна. Манай хэчнээн шүүгч олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан вэ?
-Анх намайг шүүгч болоход холбоо маань 7-8 шүүгчтэй л байсан. Бүх тэмцээнээ энэ хэдэн шүүгч л авч явдаг. Өдөрт олон тоглолт зохиогдохоор их ядарна.
Харин сүүлийн хэдэн жил олон улсын түвшинд хүргэхийн тулд манай шүүгчийн хэлтэс, Хөлбөмбөгийн холбоо маш идэвхтэй ажиллаж байгаа. Азийн хөлбөмбөгийн холбооноос зөвлөмж авч, дагаж хэрэгжүүлж байгаагаас гадна шүүгчийн хэлтэстэй болсон нь маш том дэвшил.
Шүүгч хариуцсан албатай болсноор тогтмол сургалт зохион байгуулах, шүүгч нарынхаа тоог нэмэх, чанарыг нь сайжруулах тал дээр нэлээд анхаарч чадсан. Одоо манай холбоонд 50 орчим шүүгч бий. Топ, дээд лиг шүүдэг хэмжээний 20 орчим шүүгчтэй.
-Эдгээр шүүгч бүгд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэсэн үг үү?
-Үгүй ээ. Япон олон улсын тоглолт шүүх 18 шүүгчтэй байх ёстой гэдэг ч юм уу орон оронд квот тогтоож өгдөг. Монгол олон улсын тоглолт шүүх талбайн хоёр шүүгчийн квоттой. Энэ нь бидний чансаанаас шалтгаалж байгаа хэрэг. Одоогийн байдлаар манай улсад талбайд шүүх хоёр, туслах хажуугийн шүүгчийн дөрөв, заалны шүүгчийн нэг квот бий. Квотууд маань нэмэгдээд л явж байгаа. Анх нэг л квоттой байсан бол одоо долуулаа олон улсын тэмцээн шүүх эрхтэй болсон.
-Та олон улсын болоод Азийн элит шүүгч болчихлоо. Одоо ДАШТ-ийг дэнслэх цаг хугацаа хэр ойрхон байгаа бол. Та юу гэж бодож байна вэ?
-Боломжууд маань бүрдэж эхэлсэн. Өнгөрсөн жил Азийн элит шүүгч болсноор Азийн шүүгч нар дунд ороод хамт ажиллаад, өрсөлдөнө гэсэн үг шүү дээ.
ДАШТ-ийг шүүхийн тулд Азидаа топ хэмжээнд байх ёстой. ДАШТ-ий шүүгч нарыг Азиас 7-8, Европоос 10, Өмнөд Америкаас 7, Африкаас 5 шүүгч гэх мэтээр цуглуулдаг. Тэгэхээр миний дараагийн зорилго Азидаа топ болох. Олон тоглолт шүүж өөрийгөө харуулах ёстой гэсэн үг. Ингэж чадвал боломжгүй юм гэж үгүй.
-Таны амьдралд хөл бөмбөг хэр том орон зай, цаг хугацаа эзэлж байна вэ?
-Амьдралын маань ихэнх цагийг хөл бөмбөг эзэлдэг. МХБХ-ндоо давхар Тэмцээн зохион байгуулах хэлтэст ажилладаг. Тэгэхээр өдөр тутмын ажил маань хөл бөмбөгтэй салшгүй холбоотой. Шүүгчийн ажлаа амралтын болоод ажлын бус цагаар хийдэг. Гэртээ ирээд хөл бөмбөг үзнэ. Миний амьдрал хөлбөмбөг дотор л явагдаж байна.
-Нэг үеэ бодвол манай улсад багийн спорт харьцангуй өндөр түвшинд хөгжиж байна. Харин таны бодлоор багийн спорт дундаас хөл бөмбөгийн хөгжил хаахна явна вэ?
-Нэг үеэ бодвол манай клубууд нэлээд чанаржсан, сайжирсан. Зарим нь бүр өөрсдийн гэсэн талбайтай болсноос гадна багш нар сайтай. Үүнийгээ дагаад тэмцээнүүд ч нэмэгдсэн. Уг нь хөл бөмбөгөөр хүүхдүүдээ хичээллүүлбэл багаар ажиллах чадвар суухаас гадна их хамт олонч болдог юм шүү дээ. Найз нөхөд олонтой, эрүүл чийрэг биетэй болно. Заавал сайн хөл бөмбөгч болох албагүй. Нэг үгээр хэлбэл хурдан сэтгэдэг, хөдөлгөөн сайтай болно.
Харин хөл бөмбөгөөр дагнаад явъя гэсэн хүүхдүүдэд боломж асар их нээлттэй. Одоо манай нэг хүүхэд Унгарт суралцаж байна. Үндсэн багт нь дуудагдаад Унгарын лигт тоглож байна. Мөн хэд хэдэн тамирчид гадны улс орнуудын лигт тоглож, өндөр цалин хөлс авдаг. Дотоодын багууд ч гэсэн сайн тамирчдадаа цалин хөлс харамгүй өгдөг. Нэг ёсондоо тамирчид маань мэргэжлийн болж эхэлж байна гэсэн үг. Өөр ажил хийгээд хөл бөмбөг тоглох бус хөл бөмбөгөө тоглоод цалингаа авдаг тамирчид зөндөө бий.
Хуучин хөл бөмбөгөөр хоолоо олж идэхгүй гэдэг байсан бол одоо эсрэгээрээ хоолоо олж иддэг хүн олширсон. Багийн спорт маш өндөр хөгжиж байна. Манай шигшээ баг сүүлийн жилүүдэд түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд нь ороод явж байна. Энэ бол өндөр амжилт. Хөл бөмбөг манай улсад хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл нь шүү.
-Тэгвэл үзэгчид маань бэлтгэгдэж чадаж байгаа болов уу. Та юу гэж боддог вэ?
-Манай холбоо маш гоё талбайтай болсон. Зун найз нөхдөөрөө ирээд тэмцээн үзэх сонирхолтой залуус ч олширч. Хоёр цагийн хугацаанд багаа дэмжиж орилоод, стрессээ тайлаад гардаг нь анзаарагддаг.
Мөн сошиалд ч гэсэн хүмүүс хөл бөмбөг тэмцээнүүдийн талаар нэлээд идэвхтэй юм бичдэг. “Ингэж алдаа гаргалаа, ингэлээ, тэглээ” гээд шүүгч нарын тухай ч бичсэн байдаг. Үзэгчид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байгаа нь маш зөв. Гэхдээ мэдээж хэмжээ, хязгаартай байх ёстой. Ер нь шүүгч нар сошиал руу орох дургүй.
-Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ. Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?
- Цар тахлаас болоод жаахан зогсонги байдалтай болчихлоо. Ер нь байнгын бэлтгэлтэй байх ёстой. Манайхаас бусад улс оронд тэмцээн зохиогдож байгаа учраас хэзээ ч дуудагдаж магадгүй байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэлээ өөр өөр графикийн дагуу хийдэг. Тэмцээнтэй, тэмцээнгүй үед хийдэг бэлтгэл бас өөр өөр. Ерөнхийдөө хүнд ачааллын гүйлтийн бэлтгэлүүд их хийдэг дээ.
-Таныг шилдэг шүүгчээр шалгардаг өдөр МоАХ-ныхон ихэд баярлаж байгаа харагдсан. Манай хамгийн залуу гишүүн гээд байна билээ. Энэ нь ямар учиртай юм бэ?
-МоАХ-ны гишүүн болоод зургаан жил өнгөрчээ. Бүртгүүлсэн хугацаагаар нь яривал шүү дээ. Энэ цаг хугацаанаас өмнө аавтайгаа хамт жаахан хүүхэд байхаасаа эхлээд МоАХ-ноос зохион байгуулдаг жагсаал, цуглаан, хурал хуй болгонд нь хамт оролцоод явдаг байлаа. Аав ажлаа хийнэ, тэр хойгуур нь би МоАХ-ны байранд тоглоод өнжинө. Хонох үе ч гарна. Хүүхэд нас, өсвөр нас маань МоАХ-ны шударга ёсны төлөөх тэмцэлтэй хамт өнгөрсөн гэж хэлж болно. Миний хувьд бүхий л цаг үед ардчиллаа дэмждэг. Өнөөдөр нийгэм маань өөр болчихсон ч дотроо Ардчилсан нам маань шинэчлэгдээсэй, хүчтэй болоосой гээд янз бүрийн бодол байдаг. Сайхан цаг ирэх байхаа гэж найдаж байна.
-Жаахан хүүхэд байхаасаа Н.Болд ахыг дагаад жагсаал, цуглаанд оролцоод явсан гэлээ. Юу бодож, ойлгодог байсан нь сонирхол татаж байна?
-Аав ажил багатай үедээ надад ардчиллын талаар ярьж өгч, ойлгуулдаг байсан л даа. Бид ардчиллын буянд чөлөөтэй явж, үгээ хэлж байна. Миний хүү ардчиллын буянд хөл бөмбөг үздэг болсон байна. Дуртай дуугаа сонсч, дуртай хоолоо идэж байгаа чинь ардчиллын буян гэдгийг багаас маань ойлгуулж өгсөн. Бас ямар нийгэмд амьдарч байсан талаараа их ярина. Үсээ ургуулж болдоггүй байсан гэх мэтээр өөр дээрээ жишээ авч их ярьдаг байсан. Өссөн орчин, хүмүүжил маань намайг МоАХ-ны хамгийн залуу гишүүн гэж овоглоход хүргэсэн дээ.
-МоАХ-ны Залуучуудын зөвлөлийнхөнтэй хэр холбоотой байдаг вэ?
-Ажлаасаа болоод уулзаж учраад байх боломж хомс. Гэхдээ миний дотны найзууд бүгдээрээ ардчиллын төлөө гэсэн сэтгэл, зүрхтэй. Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Шижир ах маань байна. Энэ хүнийг би МоАХ-ны залуу гишүүдийн манлайлал гэж хардаг. Манай салбар зөвлөлүүдэд ч ийм мундаг залуус бий. Сүүлийн жилүүдэд ажлын шаардлагаар үйл хэрэгт нь оролцож чадаагүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ дэмжээд явдаг. Миний өмнөөс ингээрэй, тэгээрэй гээд аавдаа захьдаг. Аав маань ч зураг аваад угааж байна гээд л явж байдаг юм. Аавыгаа их дэмждэг шүү. Харин миний хувьд одоохондоо сэтгэлээрээ дэмжсэн байдалтай л оролцож байна.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс Азийн топ шүүгч болж, ДАШТ дэнслэх болтугай гэж хүсэн ерөөе.
А.АКЭРКЭ