Монголын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл (YEC) Солонгосын Стартап ба Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хоёр улсын гарааны бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтоох, хууль тогтоомж, байгууллагуудын мэдлэг, туршлага солилцох, Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийн суурийг бий болгоход хамтран ажиллах санамж бичигт талууд энэ сарын зургааны өдөр цахимаар гарын үсэг зурсан байна.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд эхлүүлэх экосистемийн солилцоог хөнгөвчлөх, гарааны бизнесийг хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих, Солонгосын старт-ап, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, системийн туршлагыг нэвтрүүлэх юм.
БНСУ-ын Старт-Ап сурталчилгааны агентлагийн захирал Кванг-Хён Ким "Солонгос гарааны бизнесүүдтэй холбоотой мэдлэг, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлснээр тус улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хоёр улсын хооронд старт-ап хамтын ажиллагааг сурталчлах болно гэж найдаж байна” гэлээ.
Монголд старт-ап, энтрепренершипийг нэвтрүүлэх зорилгоор 2018 онд байгуулагдсан Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн тэргүүнээр Б.Намуун ажиллаж байна.
Солонгосын Стартап ба Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх хүрээлэн нь “БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, стартапын яам”-ны харьяа төрийн агентлаг бөгөөд 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн технологид суурилсан гарааны бизнесийг нэмэгдүүлэх, дэмжин хөгжүүлэх замаар улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байгууллага юм.