Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөө аж ахуйн салбарт БНСУ-аас технологи нутагшуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна

Монголын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль /ХААИС/, БНСУ-ын Солонгосын Бүс нутгийн шинжлэх ухааны нийгэмлэг (KRSA)-тэй хамтран “Мал аж ахуйн нөөцийн төлөвшил, технологийн талаарх судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаар Монголын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн тэргүүн Б.Намуун, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт нараас тодрууллаа.  

-Сайн байна уу? “Мал аж ахуйн нөөцийн төлөвшил, технологийн талаарх судалгаа” төслийг хэрхэн хэрэгжүүлэх болсон яриагаа эхлэх үү?

Б. Намуун: Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгох, холбогч байгууллагаар дэмжлэг үзүүлэх зорилгоор аялал жуулчлал ба соёл, боловсрол; мэдээлэл технологи; ложистик; хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. 

Манай байгууллага Монгол Улс болон БНСУ-ын хоорондох гарааны бизнес болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах хүрээнд ICT салбарыг хөдөө аж ахуйн салбартай холбон хөгжүүлэх сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлж, БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг газрын үзэсгэлэнд очин Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарт технологийн шинэчлэл хийх талаар ярилцсан. Энэ үеэр дээрх төслийг хэрэгжүүлж эхлэхээр шийдсэн.

-Төслийг хэрэгжүүлж буй гол зорилго болон хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгосон бэ?

Б. Намуун: Энэхүү төслийн гүйцэтгэгчээр ХААИС оролцож байгаа. О.Баатарцогт захиралаар удирдуулсан төслийн баг ажиллаж байна. Манай байгууллага төслийг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын зүгээс Бүс нутгийн шинжлэх ухааны нийгэмлэг (KRSA) болон Хөдөөгийн хөгжлийн удирдах газар буюу ‘Rural Development Administration’ тус тус хөрөнгө оруулан дэмжин ажиллаж байна.

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн зүгээс төслийн баримт бичиг боловсруулах, харилцаа холбоо тогтоох болон төслийн гүйцэтгэлийн хяналт, зохицуулалт дээр ажиллаж, харин О.Баатарцогт захирлаар удирдуулсан баг төслийн нарийн судалгаа шинжилгээ үр дүнгийн тайлан зэрэг мэргэжлийн талыг хариуцан авч ажиллаж байна.

-Төслийн талаар бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу.

O.Баатарцогт: Уг хамтарсан судалгааны төсөл нь Монгол орны хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг нутагшуулах, цаашлаад мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнес инновацыг нэвтрүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарын бодлого, стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, эрдэм шинжилгээ, судалгаа, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн талаар судалгаанд үндэслэж тус хөдөө орон нутаг, аймгийн онцлогт хамгийн тохирсон дэвшилтэт технологийн цогц шийдлийг санал болгож байна.

Цаашилбал, БНСУ-ын судлаачидтай хамтран холбогдох технологийг нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидтэй хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж туршлага солилцохоор 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

-Төслийн хэрэгжилт одоогоор ямар шатандаа явж байгаа вэ? Цаашид ямар үйл ажиллагаа явуулах вэ?

O.Баатарцогт: Хамтрагч талууд төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Сая дурдсанчлан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээл түүний нөхцөл байдлыг харьцуулсан судалгааны явцын тайланг нэгтгэн төсөл санхүүжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төслийн дараагийн шатанд БНСУ-ын Бүс нутгийн шинжлэх ухааны нийгэмлэг (KRSA), бусад мэргэжлийн байгууллагаас мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн төлөөллийг урьж харилцан туршлага солилцох сургалтыг, мөн технологи дамжуулах үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан ч дэлхий нийтийг хамарсан COVD-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас БНСУ-ын тал хүрэлцэн ирж амжаагүй байна.

Иймээс төслийн хоёр дахь шатны судалгааг Архангай, Хэнтий аймгийн зарим сумын мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, малчдад өсвөр малын (хурга, бяруу) махан ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.

-Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

 О.Баатарцогт: БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг Монголын мал аж ахуйн салбарын онцлогтой уялдуулан төр, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр үзүүлэх боломж бий болно гэсэн хүлээлттэй байна. Технологи нутагшуулах гэдэг олон хүчин зүйлээс хамааралтай, тодорхой цаг хугацаа шаардагддаг. Тиймээс төсөл хэрэгжих хугацаанд салбарт гарах үр дүнгийн хүлээлт шууд биелэх гэхээс илүү тогтвортой хамтын ажиллагааг хангаж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.

Б. Намуун: Энэхүү төслийг өмнө нь хэлсэнчлэн ХААИС болон БНСУ-ын Бүс нутгийн шинжлэх ухааны нийгэмлэг (KRSA)-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд ХААИС-ийн  хийсэн судалгаан дээр үндэслэн дүгнэлт гаргаж, Монголын хөдөө аж ахуйн салбарт технологийн ямар шинэчлэл хийх шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж, шийдлийг бий болгох боломжтой болно.

Энэ судалгааны үр дүнд бид хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй техник, технологийн дэвшлийн шийдлийг олох боломжтой гэж харж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан