“Эрчим хүчний хэрэглээ жилд 10 хувиар өсч байна. Энэ хэвээр явбал нийслэлчүүд ирэх жилүүдэд цахилгааны гачаалд орж магадгүй. Учир нь, дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь төвийн эрчим хүчний 70 хувь, дулааны 65 хувийг нийлүүлдэг. Гэтэл нийслэлд шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ даган өсч эхэлсэн. Өнөөдөр нэг өрх сард дунджаар 100 орчим кВт эрчим хүч хэрэглэдэг гэхээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд наад зах нь 100 МВт-ын хүчин чадал бүхий турбин шинээр нэмж суурилуулах шаардлагатай байна” гэж Эрчим хүчний сайд М.Сономпилд тус станцын дарга Б.Цэвээн учирлан хэллээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод өдөрт 102 хүн шилжин ирдэг гэдэг. Тэгэхээр эл өсч буй хэрэгцээг хангахын тулд техник технологио өөрийн боломжоороо засч, шинэчилдэг ч төрөөсөө тусламж гуйхаас аргагүйд хүрч буйг инженер, техникийн ажилтнууд нь ч баталж байв. 1979 онд сууриа тавьсан дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь 1983 оноос эрчим хүчээ нийлүүлж эхэлжээ. Цахилгаан болон дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй уялдуулан 2007, 2009 онд өөрсдийн санаачилга, хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа 20+20 МВт-аар нэмэгдүүлж, 580 МВт-ын эрчим хүч, 1185 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтайгаар ажиллаж байгаа гэнэ. Тэгсэн ч энэ нь нийт хүн амын 45 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 66 хувь нь төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй Улаанбаатар хотыг нэг, хоёр жилдээ л аргална. Хэрвээ одоо л технологио сайжруулж, томоохон шинэчлэл хийхгүй бол өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй гэсэн судалгаа, тооцоог ч тус станцын инженер, техникийн ажилтнууд нь гаргаж, ийнхүү салбарынхаа сайдад танилцуулсан нь энэ.
Тус станц жилдээ гурван сая тн нүүрс хэрэглэж, 3,3 тэрбум Квт.ц цахилгаан, 3,2 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Өвлийн оргил ачааллын үеэр “ДЦС-4” ТӨХК эрчим хүчний бүрэн хүчин чадалдаа тулж ажиллан, дулааны эрчим хүчний хүчин чадал ашиглалт өвлийн улиралд 52 хувь байгаа нь нийслэлийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг ойрын 2-3 жил хангаж ажиллах нөөц бий гэнэ. Өнөөдрийн байдлаар ДЦС-4 ТӨХК нь, таван зуух, таван турбины горимоор ажиллаж Улаанбаатар хотын халуун усны хэрэгцээг 100 хувь, 3000 тн усыг 80 хэм хүртэл халаадаг байна. Харин цахилгааны ачаалал нь 290-390 МВт гэнэ. Дулааны гуравдугаар цахилгаан станцтай харьцуулахад харьцангуй техник технологийн шинэчлэл хийдэг ч ирээдүйд эрчим хүчний гачаал үүсэхээр нөхцөл үүсч буй учраас одооноос л анхаарах хэрэгтэй байна хэмээн тус станцын удирдлага дахин тодотгон хэлж байлаа.
Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпилээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Нийслэлийн хэрэглэгчдийн дулаан, цахилгааны гол ачааллыг үүрч буй эл станцад технологийн томоохон шинэчлэл хийхгүй бол хэцүүдэх нь хэмээн танилцууллаа. Яамнаас эхний ээлжинд ямар арга хэмжээ авах вэ?
-Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний 70 хувь, дулааны 65 хувийг хангаж байдаг. Эл станцад дулаан, эрчим хүчний гол ачааллаа үүрүүлэн явж ирлээ. Монгол Улсын эдийн засаг өсч хөгжихийн хэрээр цахилгааны хэрэглээ өсч байна. Энэ хэвээр яваад байвал ирээдүйд эрчим хүчний гачаалд орж мэдэх юм байна. Тэгэхээр болзошгүй энэ байдлаас сэргийлэн эл станцад 100 МВт-ын хүчин чадал бүхий турбин шинээр нэмж суурилуулах ажлыг яам дэмжиж ажиллана.
-Гагцхүү ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг станцын удирдлага тодотгож хэллээ. Эл ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Эрчим хүчний хэрэглээ жилд 10 хувиар өсч байна. Тэр хэрээр нийслэлчүүдэд дулаан, эрчим хүч нийлүүлэх гол ачааллыг үүрч буй эл станцад техникийн шинэчлэл нэн яаралтай хийх шаардлагатай юм байна гэдгийг харлаа. Тэгэхээр ямар ч гэсэн төсөлтэй танилцана, дараа нь ажлаа эхлүүлнэ дээ.
-Хэрвээ станцад шинэчлэл хийвэл ямар өөрчлөлт гарах вэ?
-18 сарын хугацаанд 100 МВт-ын хүчин чадал бүхий турбин суурилуулна. Энэ нь гурван сарын хугацаа гэсэн үг. Ингэснээр дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ бүрэн хангахаас гадна ОХУ-аас импортоор авч буй эрчим хүчийг эхний ээлжинд орлох боломжтой болно. Нөгөөтэйгүүр, ганцхан станцад их ачаа үүрүүлж болохгүй. Тиймээс тэр хооронд Монгол Улсын тав дахь эх үүсвэрээ барьчих байх аа.
-Тавдугаар цахилгаан станц хэзээ баригдах вэ. Та ТЭЗҮ-тэй нь танилцсан уу?
-ТЭЗҮ нь гарчихсан. Дулааны гуравдугаар цахилгаан станцын хажууд барихаар төлөвлөсөн. Нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах талаас анхаарч ажиллана.
Түүнчлэн энэ үеэр станцын удирдлага “Хэдий болтол хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явах билээ. Эрчим хүчний үнээ нэмэх хэрэгтэй байна” хэмээн ч сайддаа дуулгасан. Хэдийгээр өр, авлага байхгүй ч, эцсийн эцэст үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нь хямд үнээр зарахаар байгууллага алдагдалд ороод зогсохгүй, ажилтнуудаа ч алдаж магадгүй нь хэмээн ярьж байв. Өнөөдөр тус станц нь 1500 орчим ажиллагсадтай. Дунджаар сарын цалин нь зэрэг дэв, мэргэшилээсээ шалтгаалан нэг хүн 800 мянгаас-сая орчим төгрөг авдаг гэнэ. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд станцуудаас олон жил ажилласан, туршлагатай ажиллагсадыг нь түүж эхэлжээ. Ганц, хоёр ажилтанд ийм санал ирсэн ч ажилдаа үлдсэн гэнэ. Нэг хүн ардаа 3-6 хүн тэжээж яваа болохоор хэзээ нэгэн цагт өндөр цалин амласныг нь дагаад явахыг үгүйсгэхгүй. Тиймээс бэлтгэсэн боловсон хүчнээ гадаадын компаниудад алдахгүйн тулд 896 айлын орон сууц барихаар төлөвлөж, цалин, урамшууллын тогтолцоог ч нэвтрүүлснээ хэлж байв. Харин сайдын хувьд эрчим хүчний үнийг дангаар толгой мэдэх эрхгүйгээ хэлээд судална гэв. Ямартай ч, дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын өвлийн бэлтгэл 82 хувийн биелэлттэй, 63 мянган тн нүүрсний нөөцтэй. Үүнээс Багануурын нүүрс 58000 тн, Шивээ-Овоо уурхайн нүүрс 4700 тн. Энэ нь, өнөөдрийн ачааллын горимоор тооцвол есөн хоногийн нөөц гэлээ.