Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн билээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн мөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хэдхэн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн багц хуулийг хэлэлцэхийг холбогдох байнгын хороо дэмжээгүй юм.
Түүнээс хойш хоёр хуулийн төслийг нэгтгэх үү эсвэл аль нэгийг нь цааш хэлэлцээд явах уу гэдэг тодорхойгүй байсаар өмнөх парламентын бүрэн эрх дуусгавар болсон.
Эцэст нь Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсан юм.
Ийнхүү удаа дараа хойшилсоор дараа онтойгоо золгосон Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхэллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан байна Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.
Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулсан байна.
Түүнчлэн шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан болохыг уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлээлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна.