Бидний журмын нөхөр Боржигон овогт Аюурын Ганболд зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж хүнд гарз тохиолоо.
Боржигон овогт Аюурын Ганболд 1962 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж 1970–1980 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж 1980 онд Политехникийн Дээд сургуулийн инженер, эдийн засагчийн ангид элсэн суралцаж 1985 онд төгссөн юм.
Мөн 1994 -1996 онуудад Удирдлагын хөгжлийн Институт, ХБНГУ, Франц улсад Төрийн захиргааны удирдлага, Өмч хувьчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцаж Техникийн ухааны магистр цолтой болсон билээ.
1985 оноос ажил хөдөлмөрийн гараагаа өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Үнэ чанарын хэлтэст мэргэжилтэнээр эхэлж, улсын байцаагч, төрийн өмчийн хорооны Өвөрхангай аймаг дахь төлөөлөгч, 2004 оноос Улаанбаатар хотод Зам тээвэр, аялал жуулчлалын яамны харъяа Тээврийн үйлчилгээний газарт салбарын дарга, GMD ХХК-ний зөвлөх, менежер зэрэг ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж Төр, ард түмэндээ өндрөөр үнэлэгдэж ирсэн билээ.
А.Ганболд Монгол оронд 1989, 1990 онд өрнөж эхэлсэн Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд биечлэн оролцож Хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг дээдэлсэн Чөлөөт зах зээлийн нийгмийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ардчилсан хувьсгалын анхны партизануудын нэг билээ.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тусч элэгсэг зан чанар, Ардчиллын төлөө нэгэн үзүүрт мятрашгүй зүтгэл, идэвх санаачилга, өөдрөг үзэл тэмүүлэл, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөл