Өнөөдөр Ардчилсан намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-Очир нар мэдээлэл хийлээ.
АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-Очир “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн манай намын их хурал амжилттай болж өндөрлөсөн. Хуралд нийт 1432 төлөөлөгч оролцсон. Хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Мөн өнөөдрийн нийгэм цаг үеийн нөхцөл байдлыг дүгнэж АН-ын их хурлын төлөөлөгчдөөс 7 зүйл бүхий уриалга гаргасан юм. Хурлын явцад нийт 70 гаруй төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт асууж, санал гаргаж хэлэлцүүлэн дүрмээ амжилттай баталсан. Дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр илгээгээд байна” гэсэн юм.
Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр “Манай ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, дөрвөн сарын турш ажиллаж намын их хурлаар хэлэлцүүлэх дүрмийн төслийг өргөн барьсан. Бид шинжлэх ухааны судалгаанд тулгуурлаж, 21 аймаг, 9 дүүргийн нийт гишүүдээсээ санал авч, ҮБХ-гоор гурвантаа хэлэлцүүлж байж, тус дүрмийн төслийг намынхаа X их хуралд оруулж, хэлэлцэн батлууллаа” гэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд намын хуучин дарга С.Эрдэнийн гаргаж тавиад буй асуудалд сэтгүүлчдийн зүгээс тодруулсан асуултад Ган-Очир “Нэгдүгээрт хууль бус хурал боллоо гэж буй асуултад хариулъя. Бүх зүйл дүрмийнхээ дагуу явсан. Дүрмийнхээ дагуу намынхаа төлөөлөгчдийг сонгож, дүрмийн дагуу хуралдсан. Цахим хурлын давуу тал нь бүх зүйл бичлэг нь үлддэг учраас баримттай. Хоёрдугаарт, өөрийгөө дарга гэж яриад байгааг тайлбарлая. Ардчилсан улсад хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Тухайн хүний үзэл бодол гэж хүндэтгэж байна. Гэхдээ АН УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялагдсан. Тиймээс манай намын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар ч тэр С.Эрдэнэ дарга огцрох ёстой. Түүнийхээ дагуу, дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга өөрөө огцорсоноо зарлаж, тамгаа таван дэд даргын нэгэндээ хүлээлгэж өгсөн л асуудал. Дараагийн даргыг сонгогдтол дүрмийн дагуу Ц.Туваан дарга үүрэг гүйцэтгэж байна. Гуравдугаарт өчигдрөөс хаанаас гаргаж тавиад буй нь мэдэгдэхгүй хаягаас манай намын дүрмийн өөрчлөлтийн талаар худал мэдээлэл гаргаж тавиад байна. Бид их хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн төслөө дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Тэр төсөл дээр байхгүй зүйлийг нийгмийн сүлжээнд гаргаж худал мэдээлэл тарааж буйд харамсаж байна” гэлээ.