Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчид болон газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн амралтын өдөр уулзжээ. Газар тариалангийн салбарт үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг уулзалтаар хөндөв.
2008 оноос өмнө газар тариалангийн салбар уналтад орж, Монгол улс хэрэгцээт гурилынхаа 80 гаруй хувийг гадаадаас авдаг байсан. Харин Засгийн газраас “Атрын III” аяныг хэрэгжүүлснээр өнгөрсөн жилээс эхлэн дотооддоо тариалсан улаан буудайгаар хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болсон билээ. Энэ жилийн хувьд 400 мянган тонн гаруй улаан буудай хураан авах тооцоо бий. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хураан авах тооцоо байгаа ч улаан буудайгаа хэрхэн борлуулах вэ гэсэн асуулт тариаланчдын толгойг өвтгөж буй. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 160 мянган тонн улаан буудайг өнөөг хүртэл борлуулж чадаагүй байгаа юм. Мөн ОХУ-аас жилд 65 мянган тонн гурил импортоор орж ирдэг нь дотоодын гурил үйлдвэрлэгчдэд томоохон асуудал болдог байна. Импортоор оруулж ирсэн гурил дотоодынхоос хямд үнээр худалдаанд гарч буй нь үйлдвэрлэгчдийг алдагдал үүрэхэд хүргэж байгаа. Тариаланчид буудайгаа үйлдвэрүүдэд боломжийн үнээр борлуулахыг хүсдэг. Харин гурил үйлдвэрлэгчид нь буудайгаа хямд үнээр авахыг эрмэлздэг болохоор Оросоос оруулж ирсэн буудайг худалдаж авах нь өртөг багатай тусдаг гэнэ. Засгийн газар өнгөрсөн жил нэг тонн улаан буудайг 350 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Үйлдвэрлэгчид үүнээс даруй 100 мянган төгрөгөөр хямд үнээр буудайгаа хойд хөршөөс худалдан авах нь ашигтай байдаг нь хаа хаанаа асуудал үүсгэх шалтгаан болжээ.
Түүнчлэн гурил үйлдвэрлэгч компаниуд тонн нь 350 мянган төгрөгийн үнэтэй буудай тариаланчдаасаа худалдан авч гурил үйлдвэрлэсэн нь эргээд тэднийг өрөнд оруулсныг салбарын сайдад дуулгасан байна. Мөн дотоодын хивэг агуулах саванд хуримтлагдсаар байгаа нь бас нэг асуудал гэнэ. Хятад улс руу хивэг экспортлохоор гэрээ хэлцэл хийсэн ч манай төрийн зарим байгууллагын хүнд суртал тээг болжээ. Улсын мэргэжлийн хяналтын газрынхан гэхэд экспорлох асуудлаар урд хөршийн холбогдох байгууллагатай нь яриа хэлэлцээр хийж чадаагүй нь үүнд сөргөөр нөлөөлсөн гэж байлаа. Энэ мэт бэрхшээл асуудлаа салбарын сайддаа газар тариалан эрхлэгч нар дуулгав. Ямар ч байсан гурилын үйлдвэр олноор нь байгуулж, тэдгээрийг дэмжих бодлого баримтлан ажиллахаа ҮХАА-н сайд Х.Баттулга тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ хэлж байсан. Тиймээс гурил үйлдвэрлэгчид болон тариаланчидтай уулзаж, нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг нь сонслоо.