Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх:Цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэлт хийх шаардлагатай байна

Боловсролын багц хуулийн төслийн цахим хэлэлцүүлгээр өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтны төлөөллийн саналыг сонсож байна.

Цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр нарын холбогдох албаныхан оролцож байна.

Цахим хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нээж хэлсэн үгэндээ “Бид хуулийн төсөлд Монгол Улсын боловсролын зорилгоо олон судалгаа, саналыг үндэслэн шинэчлэн тодорхойлоод байна. Боловсролын зорилгоо төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөн дээдэлсэн дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвар бүхий эрүүл чийрэг, ёс суртахуунтай, хүмүүнлэг, төлөвшсөн иргэнийг бэлтгэх, насан туршдаа суралцах эрх зүйн үндсийг бүрдүүлэх боловсролын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлсон” болохыг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсролын салбарынханд хандан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудал юм. Энэ хүрээнд боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багшийн арга зүйг сургахаас суралцахуйг дэмжих рүү чиглэсэн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан өөрчлөх, цахим шилжилт, цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэлт хийх шаардлагатай байна” хэмээсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан өнгөрсөн 11 дүгээр сарын 5-наас эхлэн боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчид болон олон нийтээс санал авсан. Цахим санал асуулгад 56617 хүн хандаж, өнөөдрийн байдлаар 24299 санал өгөөд байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хийсэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цахим хэлэлцүүлэгт нийт 5632 багш оролцож, саналаа ирүүлжээ. Хамгийн их давхацсан саналуудыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр танилцуулахдаа “Боловсролын зорилго, зорилтыг боловсронгуй болгох чиглэлээр мэдлэгээс илүүтэй хүний хүмүүжил, төлөвшил, хандлага, чадварт анхаарах болж, сургахаас суралцахуй руу чиглэсэн агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг тогтвортой байлгах, шинжлэх ухаанд тулгуурласан байх, сурах бичгийн хэвлэлтийн чанарыг сайжруулах, сургалтын орчны стандартыг баримтлах, удирдлагын томилгоог оновчтой болгох, сэлгэж ажиллуулах, босоо тогтолцоотой байх, багшийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар багш нарыг адистатчилах, тэтгэврийн насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, цэцэрлэгт ээлжийн, ерөнхий боловсролын сургуульд туслах багш ажиллуулах, багш бэлтгэх их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, элсэгчдийн босго оноог нэмэгдүүлэх зэрэг санал ирсэн” болохыг онцлов.

1 Сэтгэгдэл
Маш хурдан хийх хэрэгтэй, ядахдаа зайны сургалтын цахим платформыг яаралтай хийж сургуулиуддаа нэвтрүүл, багш нар хувийн фейсбүүк аккаунтаараа коммент бичих байдлаар харилцаж байгаа нь арай л дэндүү байна шүү, дүүгийнхээ хичээлийг давтуулж байгаад мэдлээ, арай л дэндүү, өөрсдөө нэг шалгаад үз л дээ
Хамгийн их уншсан