Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Ч.ЭНХЭЭ:  ОГТ ӨӨР ХҮМҮҮС АРДЧИЛСАН ХОЛБОО ЯЛАХ НЬ, ДИЙЛЭХ НЬ ГЭДЭГ ГЭРЭЛ ГЭГЭЭ ОЛЖ ХАРАНГУУТАА  УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ЯВУУЛЖ, ӨӨРСДӨӨ ЭЗЭГНЭСЭН ЮМ

Монголын Ардчилсан Холбоог санаачлан үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээтэй Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн өмнө ярилцлаа.

-Би ардчиллын анхдагч, тэр мөн, биш гэлдцэг хүмүүс өнөөдөр цөөнгүй. Ардчилсан хувьсгалын түүх бүдгэрсэн цаг үед хэн нь үнэн, худал яриад байгааг  тааварлах аргагүй. Тэгэхээр  ардчиллын жинхэнэ эхлэлийг ямар хүмүүс тавьсан юм бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Энэ талаар ярихаас өмнө эхлээд хүмүүст эргэлзээ төрүүлдэг нэг асуудлын учир зангилааг тайлах хэрэгтэй болов уу.  Яг үнэндээ “Тэр үед та нар юугаа мэдэж ардчилал гэж явсан юм бэ. Социализмын үед бүх юм хаалттай, мэдээлэл олж авах боломж ч хомс байсан. Гэтэл бид ардчиллыг эхлүүлсэн гээд яриад явах юм. Бухимдсан хэсэг залуус бужигнаж байхад аз таараад ардчилал болоод хувирчихсан юм биш үү” гэж асуух хүн ч таардаг. 
Социализмын үед яг нарийндаа яривал хөмөрсөн тогоон дотор байгаагүй. Тухайн үед хөрөнгөтний нийгмийн тодорхой үзэл баримтлалуудыг олж мэдэх боломж бидэнд олддог байлаа. Хэрвээ хүсэх юм бол шүү дээ. Их, дээд сургуульд үздэг фиолософи, улс төр, шинжлэх ухааны сурах бичгүүдийн төгсгөлд  “Улс төрийг үзэх  хөрөнгөтний үзлийг шүүмжлэх нь” гэсэн жижиг бүлэг заавал оруулж тайлбарлахдаа энд тэндээс иш татаж жишээлэн энэ бүхэн маш харгис гэж дүгнэсэн байдаг байв. Эндээс ойлголт авч болдог. Мөн орос мэргэжилтнүүд хориотой хэвлэлд тооцогддог нууцаар хэвлэсэн номнууд хадгалдаг байлаа. Тиймээс бид 1989 онд нэлээд тодорхой мэдлэгтэйгээр асуудалд хандсан юм шүү. 

Харин хэн эхлүүлсэн юм бэ гэвэл уран бүтээлчид. Энэ санааг хамгийн анх  манай барилгын зургийн институтын Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөний төлөөлөгч уран барилгач 8 залуу гаргасан юм.
-Тэдний талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хотын Ерөнхий архитектур асан, Гавьяат барилгачин Нямсүрэнгээс гадна Алтансүх, Отгонбаяр, Батцэнгэл, Саранцацралт гээд уран барилгач залуус санаачилсан хэрэг. Тэдний нэрийг өнөөдөр заавал дурсах ёстой. Харин тэдний санааг дэмжиж Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд МоАХ-г анхлан байгуулсан хүмүүс бол кино найруулагч Ж.Биндэр, Б.Жумдаан, Кино үйлдвэрийн нүүр хувиргагч Ж.Эрдэнэ-Уул, орчуулгын киноны редактор Б.Нарантуяа, хотын салбарын зураач Л.Бэхбат, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Орхон, Хонгилдоон Цэгмид, одоо Англид амьдардаг, тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн багшаар ажиллаж байсан Содтунгалаг, жүжигчин Базаррагчаа гээд дандаа уран бүтээлчид. 
Уран бүтээлч залуус маань нэгдүгээрт: байгууллагаа байгуулсан, хоёрдугаарт: Монголын Залуучуудын Ардчилсан холбоо гэж байгууллагынхаа нэрийг өгч, гуравдугаарт: арванхоёрдугаар сарын 10-нд цуглаан хийе гэдэг санаа гаргаж, бүх бэлтгэл ажлыг амжуулсан.
-Та ардчиллын эх үүсвэрийг тавьсан гэж ярьдаг бусад хүмүүсийн талаар юу хэлэх вэ. Үнэндээ ардчиллын анхдагчид гэж өөрсдийгөө нэрлэдэг, ярьдаг хүмүүсийн нэр дурдагдсангүй?
-Саяхан Сосорбарам гавьяатын ярилцлагыг үзлээ. Ярианаас нь “Энэ Ардчилсан холбоо гэдэг байгууллагыг Элбэгдорж, Бат-Үүл, Сосорбарам гэдэг гурван хүн анх байгуулсан, уран бүтээлч залуусын  оролцоо нэг их байгаагүй” гэсэн агуулга цухалзаж байна билээ. Сосорбарам, Бат-Үүл хоёр нэлээд сүүлд орж ирсэн хүмүүс. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд Сосорбарам орсон ч холбоо байгуулах үйл ажиллагаанд оролцоогүй. Сосорбарам бид хоёр нэг сургуулийнх. Эхнэр нь манай ангийн дарга. Би хуриманд нь хүртэл очиж явлаа.
Сосорбарамыг зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд орж ирэхэд нь би “Бид залуучуудын улс төрийн байгууллага байгуулж, тэмцэл хийх зорилготой байгаа. Чи нэгдэж оролцооч” гэж хэлтэл  “Энхээ! би нам төрийнхөө эсрэг балиар заваан зүйлд оролцож чадахгүй. Найзын хувьд хэлэхэд чи ч гэсэн наадахаа боль, орхи” гэж зэмлэж билээ. Тухайн үед “дургүй байгаа бол яахав дээ” гээд орхичихсон юм. Гэвч Сосорбарамыг яг хэзээнээс Ардчилсан холбоог дэмжиж, оролцохоор орж ирснийг нь би мэддэггүй. 
Гэтэл өнөөдөр уран бүтээлчдийг үгүйсгэж ярьсан нь таатай санагдсангүй. Тийм л сүрхий эхнээс нь явсан л юм бол Сосорбарам, Бат-Үүл хоёр анхны цуглаан дээр авахуулсан ганц ч болов зураг гаргаад ирэг. Би ингэж л боддог. 
Хөөрхий Сосорбарамыг бол ойлгож байна. “Ард” кинотеатрынх нь асуудал жаахан сөхөгдөөд ирэхээр алдчихвий гэдгээс эмээж галзуурахад ганц хуруу дутуу яваа байлгүй. Харин Бат-Үүлийн хувьд надад гайхдаг зүйлс олон бий. Өнөөдрийг хүртэл ойлгохгүй явсаар ирсэн.
-Тодруулбал?
-Юу гэвэл бидний байгуулсан Ардчилсан холбоог хамгийн анх коммунизмын төлөөх байгууллага болгон буцааж эргүүлсэн хүмүүс чинь Бат-Үүл, Элбэгдорж, Зориг гурав юм шүү дээ. Ардчилсан холбооны Анхдугаар их хурлын илтгэлийг харахад бидний анхны цуглаан дээр ярьсан зүйлсээс тэс өөр. Шинэ коммунист үзэл санаатай байгууллага гэж тунхаглаж,  илтгэлийг нь Сосорбарам уншиж байлаа. Анхдугаар их хурлын илтгэл, тайлан, МоАХ-ны анхны мөрийн хөтөлбөрийг нэг хараарай. Марксист-ленинист арга зүйг бүтээлчээр хэрэглэнэ гэсэн байгаа. Шинэ коммунизм гэдэг чинь  улс төрийн хувьд яг коммунистууд. Тэгэхдээ эдийн засгийн хувьд хувийн өмчийн оролцоог хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засаг хоёулаа зэрэгцэн оршихыг зөвшөөрсөн хандлагыг шинэ коммунистууд гэж нэрлэдэг юм. 
Тэгэхээр хамгийн анхны шинэ коммунистууд бол энэ хүмүүс өөрсдөө. Гэтэл өнөөдөр ам ангайх болгондоо коммунизмыг харааж зүхэх юм. Тиймээс нэг их сайн ойлгодоггүй. Бас нэг ойлгомжгүй зүйл бий.
-Тэр нь чухам юу юм бол?
-Хамгийн анх бид Ардчилсан холбооны тэргүүнээр Дарь.Сүхбаатарыг сонгож байсан юм. Уран бүтээлчид маань хамтраад гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө нэр дэвшүүлэхгүйгээр тулгаад л болгочихсон хэрэг. Сүхбаатар ч ажлаа сайн хийсэн. Анхны цуглаан зохион байгуулах ажлыг Сүхбаатар сайн амжуулсан. Гэтэл явцын дунд Сүхбаатарыгаа түлхэж гаргаад оронд нь Зоригийг тавьчихсан. Энэ бол анхны цуглаанаас нэлээд хойно болсон явдал. 
Гэтэл өнөөдөр яагаад ардчиллын анхны удирдагч С.Зориг гээд байдгийг ойлгодоггүй. Үнэнийг хэлэхэд. Яахав, талийгаач хүний тухай муу хэлмээргүй байна л даа. Гэхдээ энэ нь муу хэлж байгаа зүйл огт биш шүү. Үнэн бодит түүх нь өөрөө ийм. Ер нь талийгаач болсон, тэнгэр бурхны оронд мордсон гэдгээр нь заавал худлаа магтаалын үгэнд өлгийдөх албатай ч биш. 
Миний ойлгож байгаагаар тэр цагаас хойш залуу уран бүтээлчдээ хаясан юм болов уу даа. Огт өөр хүмүүс Ардчилсан холбоо ялах нь, дийлэх нь гэдэг гэрэл гэгээ олж харангуутаа уран бүтээлчдийг явуулж, өөрсдөө эзэгнэсэн юм. 
-Нэг намын дарангуйллаас салж, олон намын тогтолцоотой болохыг хүссэн та бүхний хүсэл, зорилгыг хэсэг бүлэг хүмүүс овжин ашиглажээ гэж ойлгохдох нь зөв үү?
-Уран бүтээлчид маань анх энэ хөдөлгөөнийг байгуулахдаа МАХН-ыг төрхөмд нь буцаая, Монгол улсыг хөгжлийн замд нь оруулж, ард түмнийг ядуурлаас гаргаж чадах улс төрийн хүчинг олъё, олдохгүй бол дундаасаа төрүүлье гэдэг асуудлыг гол цөмөө болгож,  анхаарлаа хандуулсан. Тэр үед бид Ардчилсан холбоог зүгээр л МАХН-ын эсрэг бүх хүчийг нэгтгэж зангидсан ард түмний хөдөлгөөн гэж харсан. 
Бид үндсэндээ гурван асуудал дэвшүүлсэн. МАХН, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын пионерын байгууллагын хөрөнгийг хураая, МАХН удирдан манлайлагч гол хүчин байна гэсэн заалтыг Үндсэн хуулиас авч хаяад оронд нь коммунист, фашист үзэл суртлыг дэлгэрүүлэгч улс төрийн байгууллага Монголд ажиллахыг хуулиар хориглоно гэсэн заалт оруулъя гэж ярьж байв. МАХН-ын хөрөнгийг хураагаад коммунист, фашист хоёроос бусад бүх намын төлөөлөл Ардчилсан холбооноос төрөн гарч үзэл бодлоороо нэгдсэний дараа буюу олон намын системтэй анхны сонгууль явуулсны дараа МоАХ-ны үйл ажиллагаа зогсоно гэсэн төсөөлөлтэй байсан. 
МоАХ нэг хэсэг яаж ч манарав даа. Ардчилсан намын тоглоомын байгууллага болчихсон явсан. Анх ардчилсан холбоог байгуулахад МАХН-ын гишүүд  олон орж ирсэн байдаг юм. Намынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, шүүмжилдэг хүмүүс бөөнөөрөө орж ирсэн. Энэ цагаас л МоАХ-ны нэр төрийг унагаах оролдлого хийгдэж гэж би хувьдаа ойлгодог. Энэ нь ч Сосорбарам, Элбэгдорж, Бат-Үүл нарын бид л анхдагчид юм шүү гэдэг мэдээллээр хүмүүсийн тархийг угаагаад байгаагаас илэрхий харагддаг. 
-МоАХ-нд анхнаас нь хүчин зүтгэсэн, үзэл бодолдоо үнэнч явсан хүмүүс нь ямар нэгэн албан тушаалд очоогүй, юу ч авалгүй явцгаасан гэдэг?
-Энэ асуудлыг яаж харахаас шалтгаална. Уран бүтээлчдийн маань ихэнх нь миний санаа амарлаа, бухимдал ариллаа, одоо уран бүтээлдээ анхааръя гээд тус тусын ажлаа хөөсөн. Тэднийг ардчиллын төлөө тэмцсэн мөртлөө юу ч үгүй үлдсэн гэж хэлж болохгүй. Өөрсдөө албан тушаал бус уран бүтээлээ сонгосон шүү дээ. Харин энэ асуултаа надаас тухайлан асууж байгаа бол би хариулъя. 
Ардчилсан хөдөлгөөний арван жилийн ойгоор байна уу даа надад нэг санал тавьсан юм. Юу гэхээр “Энхээ чамайг бид гавьяатад тодорхойлох гэж байна. Чи зохиол бичдэг, зураг зурдаг, улстөрийн хэлмэгдэгч байсан хүн. Чамд өгөх цаг нь болсон. Гэхдээ чи ардчиллаасаа урваад байна. Ардчилсан намын үйл ажиллагааг дэмжихгүй байна. Хүмүүсийг шүүмжилж юм хэлэхээ больчих” гэсэн. Тэгэхэд нь би уурлаад “Ардчилалдаа үнэнч байна гээд аль 1989 онд тангараг өргөж анхлан оролцсон юм шүү. Гэхдээ ардчилалд үнэнч байна гэдгийг Ардчилсан намд юм уу, Элбэгдорж, Бат-Үүл, Зориг гуравт үнэнч байна гэж ойлгохгүй. Энэ чинь тэс өөр асуудал. Харин та нар ардчилалдаа үнэнч биш байна, наад хүмүүс чинь шинэ коммунист үзэл баримтлал тогтоох гэж оролдсон, Хятадын замаар Монголыг оруулахаар шахсан улсууд шүү” гээд хэлээд тавьчихсан.
Гэтэл зарим хүн нэг даргын татаасаар орж ирэнгүүтээ шууд дарга, сайд болоод явчихсан тохиолдлууд бий.
-Боломжтой бол зарим нэгээс нь нэрлэхгүй юу?
-Банзрагчийн Дэлгэрмаа байна. 1996 оны гуравдугаар сард Элбэгдорж хөтөлж авчраад намд оруулсан. Зургадугаар сард нь намаас УИХ-д нэрийг нь дэвшүүлж, улмаар гишүүнээр сонгогдсон. Тэгээд төд удалгүй Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоод ирж байв. Таван сарын хугацйаанд л дээшээ үсэрсэн хүн дээ. Тэрнээс өмнө хаана явсан хүн бэ гэж хэн ч асуугаагүй. Улаан коммунист. Улсын прокурорт манай ахтай хамт ажилладаг байсан. “Дэлгэрмаа танай ардчиллын хүн болчихож байгаа юм уу” гээд ах маань их гайхаж билээ. Үнэндээ Дэлгэрмаа Элбэгдоржийн өмгөөлөгчөөр ороод Зууннаст гэдэг мөнгө нэхээд байсан өвөрмонгол өвгөнөөс нь чөлөөлж өгсөн юм гэнэ лээ. 
Уг нь анхан шатны үүрээр дамжиж намд элсэх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Эндээс нэг л зүйлийг анзаарсан. Урьдчилсан байдлаар тохироо хийж гэж. “Би чамайг нэр дэвшүүлье, чи надад юу өгөх юм, яаж тусалж чадах вэ, ийм асуудал шийдээд өгөөрэй” гэдэг  хандлагаар явж иржээ гэж бодож байна. Харин манай МоАХ-нд ийм зүйл байгаагүй. Манай гишүүд ч ийм заваан зүйлд автаагүй юм шүү. 
-Санхүүжилтээ холбоо хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?
-Тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, гэрчилгээ байхгүй болохоор данс, тамга тэмдэг, албан бичгийн хуудас ч байгаагүй. Бид хандивын мөнгө, төгрөгөө нэгнийхээ хувийн дансаар оруулж авдаг байлаа. Энэ хүнийг би тэр үеэс л баяжсан гэж ойлгодог. 
-Энэ хүн гэж хэнийг хэлээд байна вэ?
-Одоохондоо нэрийг нь хэлээд яахав. Яваандаа энэ хүний талаар ярих болно. Одоо цаг нь биш. Хувийн данс руу нь орсон мөнгөнөөс мөн ч их туусан даа. Юу ч байхгүй гээд горойдог байсан хүн гэнэт цойлж гарч ирж билээ. 
-Таныхаар МоАХ хэдийнээс эхэлж зөв голдиролдоо ороод явсан юм бол?
-Сүүлийн арваад жил МоАХ-ны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд миний хувьд нэлээд сэтгэл хангалуун ханддаг.  Ардчилсан намаар төсөөлдөг ардчиллын нэр хүнд юу ч үгүй болсон.  Тэрний ард талд ардчилал гэдэг нэр хүндийг өөртөө өлгөөд үлдсэн ганц байгууллага нь Ардчилсан холбоо болчихлоо. 
Энэ өлгөөтэй нэр хүндийн сүүдэрт Ардчилсан нам өөрийгөө тордож, бөөцийлж авах боломж нь гарч ирлээ. Энэ бол сайн үзэгдэл. Хамгийн гол нь МоАХ-ны нэр хүнд өнөөдрийн ардчиллын нүүр царайг авч яваа цорын ганц хүчин зүйл. Яг энэ чигээрээ явбал Ардчилсан нам, Ардчилсан холбоо анх зорьж зүтгэж байсан ардчилал руу бага ч гэсэн дөхөх болов уу. 
-Одоо эхнээсээ миний хүссэн ардчилал биш гэцгээж байна. Харин таны хувьд?
-Анх эхэлсэн би хүртэл өнөөдрийн ардчиллыг хүсээгүй л байхгүй юу. Уг нь бусдыг уриалж, босгож урд нь явсан хүн шүү дээ. Ардчилсан холбоог үүсгэн байгуулсан анхны удирдагчдын нэг. Гэтэл би өнөөдрийн ардчиллыг таньдаггүй. Дандаа л шүүмжилж, бусадтай үзэлцэж явдгийн цаад учир шалтгаан нь энэ. Шүүмжилснийхээ төлөө ардчиллаас урвасан, шарвасан гэж хэлүүлж  ирлээ. Би ардчиллын эсрэг нэг ч үг дуугараагүй. Цаашид ч дуугарахгүй. Харин Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарамын эсрэг бол дуугарна. Уучлаарай, тэд ардчилал биш. Шулуухан хэлэхэд энэ хүмүүс миний ачаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн. 
Элбэгдоржтой бол юм ярихгүй. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс яг өөрөө явсан хүн. Харин бусад  нь миний ач гавьяагаар энэ зэрэгтэй яваа. Гэхдээ би хэнд нь ч “Чи надад баярлалаа гэж хэлэх ёстой” гэж хэлээгүй байгаа шүү. Тэгж хэлэх ч үгүй. Намайг газар доогуур ортол доромжилж муулдаг. Тэднийг ингэж хэлэх  эрхтэй болгохын төлөө би анхнаас нь тэмцсэн.
Тэглээ гээд надад хөшөө босгоод өг гэж би хэлээгүй. Ямар нэгэн албан тушаал өг гэж нэг ч удаа асуудал тавилгүй өнөөг хүртэл явж ирсэн. Харин тэд надад дандаа болзолтойгоор санал тавьж ирсэн. “Чи шүүмжлэхээ больчих,  нам, ардчиллынхаа үйл ажиллагааг дэмжээд явчих” гэдэг байлаа. Үнэндээ бол ардчилал тэдэнд огт хамаагүй асуудал. Миний төрүүлсэн хүүхэд байхгүй юу. Энэ хүүхэд сайн, муу явахад нь би санаа зовохгүй бол эд нар яг санаа зовж харагдаач. Бүгдээрээ л ардчилал гээд мундаг мундаг зүйл яриад байгаа ч яг цаг дээрээ тулбал бүгд л зугтаана даа, харж л байгаарай. 
-Та шүүмжилснээрээ адлуулдаг байсан бололтой. Яагаад анхлан санаачилсан уран бүтээлчид тань шиг шүүмжлэлтэй ханддаггүй юм бол?
-Уран бүтээлчид дунд ярьдаг нь ч, ярьдаггүй нь ч бий. Тэдэн дунд яс махны уран бүтээлч гэж бас бий. Уран бүтээлээ хийж байвал жаргалтай.  Тэрийгээ цалин авах, том дарга болохын тулд хийдэггүй. Тийм хүмүүсийг улс төрд ороод энэ хүмүүсийн талаар юм яриач гэвэл үгүй л гэнэ. Гэхдээ л уран бүтээлчид эхлүүлсэн гэдгийг үгүйсгэж болохгүй. 
Нэг удаа би уран бүтээлчдэдээ гомдон хуурай агсам тавьж байв. “Та нар анхнаас нь явсан хэрнээ юу ч дуугардаггүй” гэж. Тэгтэл нөгөө хэд маань өөдөөс тоглоом хийгээд “Энхээ чи ганцаараа байхад бид бүгдийг орлоод явж чадна” гэж билээ. “Нохойд барьдаг мод гэдэг” шиг тэд  маань намайг урдаа гаргачихаад “Энхээ ярьж байг, дэмжих зүйл гарвал дэмжье” гээд сууж байдаг юм. 
-Үнэнийг шударгаар хэлчихдэг зан гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юу?
-Миний багын хүмүүжил ийм л байсан. Шударга ёс тогтоох эрмэлзлэлд хүргэсэн нэг зүйл  бол зүгээр сууж байгаад Хятадын тагнуул гэдэг хэрэгт холбогдож, шоронд орсон явдал юм. 
Миний хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны гишүүн. Хэлмэгдэгч гэдгийг маань албан ёсоор шүүхээр тогтоосон. Тэнд сууж байхдаа “Ёстой үзэж тарахгүй бол болохгүй юм байна. Ийм байдлаар дуртай хүнээ гүтгэж гүжирдэж таарахгүй” гэж шийдэн  хатуу тэмцэхээр шийдсэн. Намайг гүтгэсэн хүн нь Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай. Намайг харьяа яаманд мэдээлж шоронд хийсэн хүн. “Миний аавын шавь, найз нь хүн өнөөдөр намайг ингэж хэлдэг дээрээ тулсан бол энэ нийгмийг өөрчлөхөөс өөр аргагүй” хэмээн ухамсарлаж шоронд нэг шүлэг бичиж билээ. Бичих ч юу байхав. Тагнуулын хэрэгтэй хүнд үзэг цаас өгнө гэж байхгүй. 
-Ямар шүлэг бичсэн юм бэ. Уншиж сонирхуулж болох уу? 
-Кинжаал гэж шүлэг 
Ажлынхаа чөлөөгөөр бусдаас нуун урлаж 
Алаг эрээн ишийг нь гараа гарган шахаж 
Хөх төмрийг нь долоох нь  халаг өнгөрсөн 
Хүйтэн зэвсэг кинжаалаасаа салдаггүй явлаа. 
Орцны дээрэмчид үүрлэсэн их хотын гудамжинд 
Ор ганцаараа явсан ч 
Олуулаа юм шиг гэдгэрлэж 
Үгийн солион дээр хэрүүлийн үг анаж
Үзүүрийг нь заримдаа бусдад харуулж явлаа
Хийгээгүй хэрэгт түлхэгдэж 
Аавын хаалгыг татахдаа 
Хийц сайтай кинжаалаа буруу хэрэглэснээ ухаарлаа 
Согтуу залуугийн гуянд 
Сорив үлдээж явахаар 
Сохор төрийн нуруу руу 
Шаах минь яав гэж харамслаа”
гэдэг шүлэг бичсэн дээ. Тэгээд гарч ирээд энэ төрийн нуруунд хутга шаана гээд л 1989 онд санасандаа хүрсэн. Өөрөөр хэлбэл би амьдралынхаа зорилгыг биелүүлсэн. Ямар ч атугай Монгол улсад 20 дугаар зуунд гарсан гуравхан хувьсгалын нэгнийх нь удирдагч явлаа. Үүнээс илүү нэр хүнд надад хэрэггүй. 
Уг нь би хүнийхээ хувьд яг хийц өмсгөл нь таарчихсан “NIKE” пүүз шиг эвтэйхэн хүн байхгүй юу. Ямар ч хүнтэй наалдацтай байж чадна. Харин миний размерыг томруулж, жижигрүүлж албан хүчээр таарчихсан “NIKE”  биш “ADIDAS” болгох гэж оролдвол социализмын үед хамгийн сүүлийн өдөр үйлдвэрээс гарсан монгол бакал шиг цустай цэврүү үсэртэл нь холгож бас чадна. 
Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 

А.АКЭРКЭ

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан