МҮХАҮТ нь 2015 оноос эхлэн Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтран чацарганы нэмүү өртгийн сүлжээг дэмжих Pro Value төслийг Увс аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь чацарганы нэмүү өртгийн сүлжээг дэмжих, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэх замаар орон нутагт шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэн хөдөөгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хэрэгжиж байна.
Мөн Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсын худалдааг дэмжих" (ТРАМ) төслийг 2018 оноос эхлүүлж, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөгтэй уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бэхжүүлэх, монголын барааг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагууд ба хувийн хэвшлийн чадавхийг сайжруулахаар ажиллаж байгаа юм.
Танхимын санаачилгаар тус 2 төслийн хүрээнд Улаанбаатар болон Увс аймагт экспортын баримжаатай чацарганы кластер бэхжих үндэс тавигдсан. Энэ нь цаашид чацарганы салбарыг улам хөгжүүлэн гадаадын хэрэглэгчдэд таниулах, дэлхийд танигдсан инновацилаг бүтээгдэхүүний төлөө оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Чацарганы кластерын нээлт, анхдугаар форумд чацаргана тариалдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эскспорлодог компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна.
Мөн төр засгийн байгууллагаас жимсний салбарт төрөөс баримтлах бодлого, чацарганы бүтээгдэхүүний эскпортын төлвийн талаар мэдээлэл өглөө.