Өчигдөр Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер Дагвын Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн боллоо. Нийт долоон сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болж, 45 жүдоч хүч үзлээ. Энэ удаад “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тодорхой шалтгааны улмаас оролцоогүй бол УАШТий хошой мөнгөн медальт, Универсиад наадмын мөнгөн медальт Баттогтохын Эрхэмбаяр, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2020” тэмцээний аварга ОУХМ Баянмөнхийн Нармандах нар Унгарын “Их дуулга”-д оролцож ирээд тусгаарлагдсан тул Эрдэнэт хотод очиж амжаагүй. Харин тус тэмцээнд манай -60 кг-ын шилдгүүдээс гадна -73 кг-д амжилттай барилдаж буй залуус жин хасч өрсөлдөн өрсөлдөөнийг сонирхолтой болгожээ. Тэмцээнд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин “WORLD MASTERS” тэмцээний алт, мөнгөн медальт ОУХМ Ганболдын Хэрлэн түрүүлж, Төв Тэмүүлэл клубийн тамирчин Гүнжинлхамын Сод-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Шигшээ барилдаанд Г.Сод-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаагүй бол хүрэл медалийг “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Булганы Батболд, Даваадоржийн Төмөрхүлэг нар хүртсэн байна.
Тэмцээний дүн:
1.Г.Хэрлэн /”Сүлд” спорт хороо/
2.Г.Сод-Эрдэнэ /Төв Тэмүүлэл клуб/
3.Б.Батболд /”Хангарьд” спорт хороо/
3.Д.Төмөрхүлэг /”Хилчин” спорт хороо/