Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Засгийн газар “Рио Тинто”-гийн шинэ тоглолтод орчихов уу...

-УИХ төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. “Коронавирусын үеийн онцлог” гэх нэрээр өөрсдийн эрх ашгийг  нууж хаах нь гэсэн хардлага олон нийтэд  байна. Та юу гэж үзэж байна? 

-Аливаа төсөв гэдэг  орлого, зарлага хоёрыг хэлдэг. Тэгвэл аливаа  юмыг хүндрүүлж хэлж, ойлгуулж, ярих тусмаа тэнд луйвар булхай явагдаж байгаа хэлбэр.Энгийнээр энэ юу гэсэн үг вэ гэдэг хүмүүст маш ойлгомжтой байх ёстой.  Улсын олж буй орлого, зарж буй зарлага хоёр тэнцэж байвал сайн. Олсноосоо, эсвэл тооцоолсноос  зарлага нь гэнэт өсч үү, үгүй юу, яах вэ гэдгээ төсвийн тодотголоор ярьдаг. Манайхны орлого тооцоолсноосоо ямагт буурдаг. Тэгвэл зарлагаасаа юуг нь хасах вэ гэдгээ ярих ёстой. Төсөв байнга алдагдалтай баталдаг.Энэ жил 13.9 их наяд төгрөгийг зарна гэсэн атлаа олж байгаа нь 12  их наяд. Тэгэхээр 2.2 их наядаар алдагдалтай баталж байгаа. Төсөв яагаад алдагдалтай баталдаг вэ гэвэл дуу хоолойгоо, санаа бодлоо илэрхийлж байгаа хойч үеэсээ өнөөдрийн улстөрчид хулгай хийж байна гэсэн үг.

Тэдний зөвшөөрөл­гүйгээр тэдэнд өр бэлэглэж байна. Үүнийг яаж гаргаж ирж байна гэвэл, Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл нь 2.2 их наядыг бүрдүүлж байгаа. Энэ асар их мөнгө. Үүнийг цаад утгаараа хойч үе төлнө. Зарцуулах нь өнөөдрийн улстөрчид. Ийм утгагүй байдлыг зогсоох ёстой. Төсөв товчхондоо энэ. Төсвийн орлогыг татварын орлого, гаалын орлого, бусад гэж хуваадаг.  5.5 их наяд 489 тэрбум төгрөгийг татвараар олж авч байгаа. Үндсэндээ 51 хувийг ТЕГ төвлөрүүлдэг. Тэр доторх задаргааг үзвэл бас сонирхолтой. Уул уурхайгаас хэдэн хувь нь орж байгаа вэ, тэр дотроо төмрийн баяжмал нь хэдэн хувь, зэс нь хэдэн хувь бэ гээд эхэлнэ. Орж байгаа орлогын 30 хувийг ГЕГ оруулж ирдэг. Тэр нь гурван  их наяд 24 тэрбум төгрөг байгаа. ТЕГ, гаалийнханд сайн дүн тавих ёстой. Харин ТЕГ том дүнтэй татвар төлөгчдийн талаар хойрго байдаг, улстөрийн захиалга лоббид ордог. Тэр дотор Рио Тинто, Оюутолгойн төсөл орно. “Эрдэнэт” үйлдвэр 16 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсад тушааж байхад Оюутолгой тавхан хувийг төлдөг. 11 хувийн зөрүүтэйгээр давуу эрх эдэлдэг. Энэ  ТЕГ-ын буруу биш, ийм увиагүй луйврын хууль баталсан хүмүүсийн буруу. Орлогыг нэмье гэвэл уул уурхайн баялаг дээрээс авах ёстой юмаа авах л хэрэгтэй. Лоббичид, улстөрчдийн захиалгаар олон улсын үндэстэн дамнасан корпорациудын толгойг байнга илдэг. Бид тийм баян улс биш. Улстөрчид өнөөдөр ядуурал, ажилгүйдэл рүү түлхэж байгаагийн онцгой шалтгаан нь энэ. Татвараар орж ирдэг бас нэг зүйл нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл, ИНЕГ-ын навигацын орлого, нийт  2.2 их наяд төг. Зардал дотор, урсгал зардал бараг 80 хувь байдаг. Төсвийн хөрөнгө оруулалтад  нь спорт заалны засвар, барилга барих гээд олон юм бий, тэр болгоныг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх үү, үгүй юу гээд асуулт гарна. Тэгэхээр хүн болгон эдийн засгийн, төсөв санхүүгийн  мэдлэгтэй байх ёстой гэж хэлэх байна. Ингэж байж төсвөө луйвардуулахгүй,  эдийн засагч, улстөрчдийн хулгайгаас  сэргийлж чадна.

-Төсөв тэгш бус, хоёрхон аймаг руу хамаг төсвөө чиглүүллээ гэлцэж байна?

- Шүүмжлэлийг нэг талаар зөв гэж хэлнэ. Хэнтий аймгийн төсөв гэхэд есөн аймгийн нийт төсвийн хөрөнгө оруулалттай тэнцүү байгаа шүү дээ. Жишээ нь, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд маш сонин төсөв тавьсан нь далд уурхайн музей байгуулах. Монголын далд уурхай, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв  Бэрх тосгон гэсэн байгаа. Төсөвт өртөг нь 3.7 тэрбум төгрөг. Энэ жилийн  санхүүжүүлэх дүн нь 1.7 тэрбум төгрөг. Энэ уурхай өөрөө олон жил болсон. Тэнд музей байгуулна гэдэг уурхай байгуулахтай адил зардал гарна. Нэмээд урсгал зардалд асар их мөнгө урсана. Дээр нь аюулгүй байдалд ихээхэн  зарлага гарна.  Үүнийг Хэнтийгээс татаад ав гэж би хэлсэнгүй, харин түүний оронд ядаж ЖДҮ, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүстээ хүүгүй зээлийн сан байгуулаач. Энэ их мөнгийг ажлын байранд  зориулаач. 3.7 тэрбумаар музей байгуулахын оронд  дөрвөн том үйлдвэрийг Бэрх тосгонд  бариач. Би жишээ ярьж байна. Энэ болгонд бид онцгой анхаарах ёстой. Тэгэхгүй бол төсөв дээр марзан зүйлүүд их байна. 2.2 их наядаар төсөв хэтрүүлж алдагдалтай баталчихаад хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд  байгаа иргэдийн цахим бугуйвч, програм хангамж, тоног төхөөрөмж гэж 6.5 тэрбум төгрөг тавьсан байгаа шүү дээ. Хар тамхи татсан дарга нарын хүүхдүүдийг гэрт нь хорих гэж ийм юм хийгээд байх шиг. Тиймээс Төсвийн байнгын хороон дээр асуудал тавина, ярина гэж болож байгаа.

-АНУ-д “Рио Тинто”-гийн захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дээр нь манай улс татварын асуудлаар Оюутолгойг  Арбитрын шүүхэд өгсөн. Оюутолгойн гэрээний хувь заяа цаашид хэрхэх бол?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Хууль болгож  баталсан. Мөн Оюутолгойн гэрээг засч залруулж Монголын ард түмэнд ашигтай болго гэсэн  УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын хууль, тогтоолын хэрэгжилтийг хангадаг ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхий сайд. Засгийн газар гэж эзэн биегүй юм битгий ярь. Сайд, дарга, ямар нэгэн албан тушаалтан гэж эзэн биегүй юм бүү ярь. Монголд ганц  Ерөнхий сайд л  хар толгойгоороо хуулийн хэрэгжилтийг хангадаг. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тохиолдолд төсвийг нь,  орон тоог нь, хуулийг нь тус тус баталж өглөө. Хууль хэрэгжихгүй байгаа бол Ерөнхий сайд дангаараа хариуцдаг. Хариуцлагаа үүрэх ёстой. Жишээ нь, хамар дор нь буюу ХЭГ дээр нь Төрийн албаны тухай хууль 100 хувь зөрчигдөж байна. Ямар ч шалгуургүйгээр, төрийн албаны анхан шатны ямар ч мэдлэггүй хүмүүс ХЭГ-т шургалж байна. Энэ ноцтой асуудлаас болж Ерөнхий сайд руу хууль хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг асуулт тавигдаж байна. Түүнтэй адил Оюутолгойн гэрээг сайжруул гэсэн УИХ-ын шийдвэр,  хууль, тогтоолын хэрэгжилтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дангаараа хариуцаж байгаа учраас тэр үүргээ биелүүл. Ерөнхий сайд үүргээ биелүүлснээр, хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар улсын орлого нэмэгдэнэ. Оюутолгой дээр энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал  43 унци алт олборлосон  байна. Энэ маш их мөнгө. Зэс гэхэд 36.2 тонн баяжмал олборложээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 34 хувиар илүү. Ийм их баялаг олчихоод коронавирусын үед ямар ч зогсолтгүй, гацалтгүй гаргаж  байсан Оюутолгой Монголын төсөвт, эх орны эдийн засагт хувь нэмрээ нэмэгдүүлж оруулах ёстой. Ерөнхий сайд эс үйлдлээрээ яагаад үүнийг хийхгүй байна вэ. Хэн нэгэнд бүү лаахайд, УИХ-ын өмнө, Монголын  ард түмний өмнө зөвхөн Ерөнхий сайд  энэ асуудлыг хариуцдаг, үүргээ биелүүл. Энэ асуудлаар би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байнга асууж байгаа. Дахиад ч асуух болно.

-Ингээд явлаа гэхэд Дубайн гэрээг засах, сайжруулах асуудал  эргэж үүсэх үү?

-Дубайн гэрээ засагдана.Засах ёстой. Дубайн гэрээгээр гадны 15 банкинд  Монголын ард түмнийг барьцаанд тавьсан. Олон тэрбум ам.долларын өрөнд Монголын баялаг, газар нутаг, ард түмний хувь заяаг тавьсан. Дээр нь нэмээд Монгол оронд хууль хэрэгждэггүй, хуулийг уландаа гишгэдэг, Монголын хуулийг би шийднэ гэж “Рио Тинто”-гийнхон даналзсан нь  Дубайн гэрээ. Энэ бол луйврын гэрээ. Хамгийн аюултай нь энэ гэрээгээр Монголын ард түмэн авах ёстой байсан 2.1 тэрбум ам. долларын авлага, татварыг  өгөхгүй гэдгээ баталгаажуулсан. Цаашид энэ мэтчилэн олон жил авах ёстой байсан өчнөөн тэрбум ам.долларыг авахгүй гэдгээ баталгаажуулсан гэрээ. Би Оюутолгой, Дубайн гэрээ байгуулсан хүмүүсийг шүүмжилдэг. Гэхдээ тэдний хувь хүний талаар нэг ч ярьдаггүй. Бүр нэрийг нь ч хэлэх  дургүй. Гагцхүү өөртөө тав, арван доллар авахын төлөө  Монголын ард түмний хэдэн зуун тэрбум ам.долларын ашиг, орлого, ажлын байр, сайхан байранд амьдрах  боломжийг устгасан явдлыг би хэзээ ч өршөөж чадахгүй байнга ярьж байгаа. Энэ гэрээ засагдах  ёстой, үтэр түргэн засах ёстой. Засах үүрэг нь Ерөнхий сайдад байгаа. Ерөнхий сайд  Монголын талыг төлөөлж Дубайн гэрээн дээр ч, Оюутолгойн гэрээн дээр ч гарын үсэг зурсан. Дубайн гэрээн дээр Ерөнхий сайд мандат өгснөөрөө, эрх хэмжээгээ шилжүүлж өгснөөрөө, өөрөө гарын зурсан гэсэн үг. Тэгэхээр  төрийн залгамж чанар гэдэг утгаараа  өнөөгийн Ерөнхий сайд  энэ гэрээнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй, боломжтой, үүрэгтэй. Би ГААГ-ын Олон улсын  шүүхэд “Энэ гэрээ Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчлөө, та бүхэн анхаараач” гэсэн бичиг илгээсэн. Надад хариу ирсэн. “Үнэн байна. Харин та гэрээний нэг тал биш байна” гэсэн. “Монголын ард түмнийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь Ерөнхий сайд чинь байна.  Тиймээс Ерөнхий сайдаасаа энэ саналыг бидэнд ирүүлээч, тэгвэл олон улсын шүүх дээр асуудлыг ярихад бэлэн байна” гэсэн хариу ирсэн. Үүнийг тухайн үед ҮАБЗ-д явуулсан. Олон удаа шаардсан. Тэнд Монгол Улсын Ерөнхий сайд гэж хүнийг хүлээж авч байгаа болохоос тухайн үед гарын үсэг зурсан Дорж, Дондог, Дулмаа гэдгийг яриагүй. Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд  байгаа   хэнбугай нь ч хандахад болно гэсэн. Энэ утгаараа би одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Монголын ард түмний аврах алтан боломжоо ашиглаач гэдгийг байнга илэрхийлж байгаа.

-“Эрдэнэт” бол баяжуулах үйдвэртэй. Манай улс Оюутолгойд ийм шаардлага тавилгүй явж ирсэн. Цаашид яах бол?

-Энэ асуудлаар “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, удирдах ажилтнууд, Х.Бадамсүрэн захирлын хамтаар  Үйлдвэрлэлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороон дээр ирж  мэдээлэл өгсөн. Ойрын үед баяжуулах үйлдвэр баръя гэдэг асуудлыг тавьж, хөрөнгө оруулалтын асуудлууд ярьсан. Миний хувьд “Эрдэнэт”-дээ болон Монголдоо ажлын байр бий болгохын тулд энэ асуудлыг тууштай дэмжиж байгаа. Уул уурхайн түүхий эдийн бааз маягтай байгаа Монголын эдийн засгийг өөрчилж, дараагийн шатанд боловсруулах үйлдвэр, эд ангийн үйлдвэрлэл рүү орох том алхмыг хувийн хэвшлийн хүмүүс хичээж байгаа ч гэсэн “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр  үүнийг манлайлж явахаас өөр арга байхгүй. Боловсон хүчний хувьд, чадварын хувьд, далайцын хувьд “Эрдэнэт” үйлдвэр л үүнийг хийхээс өөр арга байхгүй.

-“Рио Тинто” олон улсад нөлөө бүхий, үндэстэн дамнасан том компани. Гэхдээ Арбитрын шүүх Монголынхтой  адилгүй байх. Тэнд хандсан манай асуудал юу болох бол?

-Арбитрын шүүх дээр байгаа татварын асуудалд бүх анхаарлаа тавьж байна гэдэг нь тэдний шинэ тоглолтод орж байна уу даа  гэж би харж байгаа. Шууд хэлэлцээрт орох ёстой. Хэрэв би Ерөнхий сайд  байсан бол үтэр түргэн Оюутолгой, “Рио Тинто”-гийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж, бүх асуудлаа дэлгэж тавина. Монголын болон олон улсын, хөндлөнгийн бие даасан хүчтэй шинжээчдийг ажиллуулна. Монголын ард түмний өмнө асуудлыг нээлттэй ярина. Дээрмийн шинж чанартай, ард түмэн  баялгаа өгчихөөд  дараа нь  өөрсдөө өрөнд ордог ийм гэрээг өөрчлөх, засах  асуудлаар хэлэлцээрт ороход юунаас нь хулгаад, айгаад, ичээд байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улс  30.8 тэрбум ам.долларын өртэй гэж байгаа. 12 тэрбум ам.доллар нь зөвхөн Оюутолгойтой холбоотой өр шүү дээ. Баялгаа өгөөд өөрөө өрөнд ордог ард түмэн энэ дэлхий дээр байхгүй. Ийм байдлыг зүгээр хараад, өдөр тутмын тулга тойрсон асуудалтай зууралдаад байгаа Ерөнхий сайдыг би ойлгохгүй байна.

Арай ч “Рио Тинто”-гийн захиалгад орчихоогүй байх, гэхдээ би ойлгохгүй байна.

Монголд Оюутолгойгоос өөр ямар чухал асуудал байна вэ. Энэ бол мөнгө, хөрөнгө оруулалт. Завсар зайгүй бусад орноос гуйлга  гуйж, өр тавьж явдаг бол дөрөвдүгээр ангийн хүүхэд ч энэ улсыг удирдаж чадна. Өр тавьж гуйлга гуйснаараа баяжсан орон хаана ч байхгүй. Ард түмнээсээ асуу,  юу дутаж байна вэ. Бидэнд мөнгө дутаж байгаа. Ажлын байр бий болгомоор байна, үйдвэр баримаар байна. Нэмээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг баримаар байна. Ахмадуудынхаа тэтгэврийг нэммээр байна, цалинг нэммээр байна. Боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүүхэд, залуустаа мөнгөн тусламж үзүүлмээр байна.

Мөнгийг бид хаанаас хамгийн түрүүнд олох вэ. Оюутолгойгоос л олно. Энэ боломж. Бод доо, энэ 76 бүх тулга тойрсон ажлуудаа хойш тавьж байгаад Оюутолгой дээр бүх хүчээ төвлөрүүлэх юм бол Монголын боломж нэмэгдэнэ. Өнөөдөр 30.8 тэрбум ам.долларын өрийг “Нарантуул”-ынхан төлөх гээд байгаа юм уу, Монголын малчид төлөх гээд байгаа юм уу. Багш нар, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төлөх гээд байгаа юм уу. Уул уурхайн баялгаа луйварчдад луйвардуулахгүй өндөр ашигтай өгснөөрөө бид хүнд байдлаас гарах ганцхан вариант байгаа. Яагаад ганц үүн дээрээ хүчээ төвлөрүүлэхгүй ганц, хоёр нь яриад бусад нь хараад суугаад байдаг юм бэ. Ажлын байр нэмэгдүүлье, орон сууц барья гэвэл Оюутолгойгоо эхлээд Монголд ашигтай болго. Тэгвэл дараа нь бусад уул уурхайн төслүүд Оюутолгойн жишээгээр явж эхэлнэ. Үүнийг би 16 дахь жилдээ ярьж байна. Ерөнхий сайд үүнийг ойлгох ёстой.

-Та үйлдвэрчний эвлэлээс энэ хүртэл явж ирлээ. Хөдөлмөрийн хүн, иргэд, ард түмний амьдралыг дээшлүүлэх ямар хуулийн төслүүд УИХ-аар ярьж байна вэ?

-Ер нь улстөрч хүн үйлдвэрчний эвлэлээс ажлынхаа гарааг эхэлбэл зүгээр  шүү. Залуухан нийгмийн зүтгэлтнүүдэд хандаж хэлэхэд үйлдвэрчин гэдэг улс төрийн том сургууль. Ажилгүй хүн яаж унадаг юм бэ, ажилгүй бол хүүхдүүдийнхээ талхны мөнгийг олж чадахгүй яаж шаналдаг юм бэ, ядарсан хүмүүсийн амьдрал ямар хүнд байдаг вэ, тэдэнд өмгөөлөл, хамгаалал ямар  их хэрэгтэй болохыг мэдрэхэд үйлдвэрчнийг удирдсан зургаан жил надад хичээл болсон. Үүнийг бодсоноороо улс төрд хэзээ ч алдахгүй. Ямар ч асуудал болсон намайг сонгосон, дэмжсэн хүмүүсийн зовлон зүдгүүрийг бодож байгаад асуудлаа ярьдаг, хэлдэг. Үйлдвэрчин бол нийгмийн зүтгэлтнийг бэлддэг сургууль.  Тийм болохоор би тэдэндээ талархаж, баярлаж явдаг. Тэд намайг сургасан, нийгмийн зүтгэлтэн болгосон. УИХ-аар Хөдөлмөрийн хууль, Банкны тухай хууль, зээлийн хүүг бууруулах, ипотекийг зургаан хувь болгох  хуулийн төслүүд орж ирж байна. Ипотекийн зээлийн хүүг зургаа биш гурав болгоосой гэж харж байгаа. Ийм боломжтой гэж үздэг.Гэвч Монгол гадаадаас зээл авахдаа 8-8.2 хувийн хүүтэй авдаг. Тэгэхэд зургаан хувийн хүүтэй зээл өгнө гэдэг хойч үеэ төгрөг болгонд хоёр хувийн хүүтэй өрөнд оруулж байна гэсэн үг. Засгийн газар алдагдалтай төсөв баталсан. Төсвийн тодотгол нь дөрвөн их наядаар батлагдах жишээтэй. Ийм үед яаж зургаан хувийн хүүтэй зээл олгох вэ. Дөрвөн аргын тоо боддог хүүхэд үүнийг бодож чадна. Хүмүүсийг хуураагүй л юм бол Оюутолгойгоос мөнгө босгож зургаан хувь, гурван хувийн хүүтэй зээл рүү оруулах боломжтой. Уул уурхайн баялгаа луйварчдад зүгээр өгчихгүй  өндөр ашигтай байлгаж чадвал боломж бий. Улсаа өрөнд оруулчихаад яаж боломж бий болгох вэ гэдгийг Ерөнхий сайдаас асуугаад байгаа маань ийм   учиртай. Ийм их өртэй, өндөр хүүтэй зээл авдаг атлаа яаж иргэддээ бага хүүтэй мөнгө өгөх гээд байна вэ, энэ маш энгийн асуулт.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг оруулбал гурван  сонгуулийн дараа тантай уулзаж байна. Үр дүн, улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг дэмжсэн хагас сая монгол ахан дүүсдээ өдөр ирэх тусам баярлалаа гэмээр санагддаг. Түмний төлөө дуу хоолойгоо гаргаж  тэмцэж зүтгэнэ гэдэг амьдралд  олдох том завшаан. Тиймээс надад итгэл найдвар өгсөн хүн бүхэнд баярлаж, тэр урмыг зүтгэлээр, сэтгэлээр  хариулахыг хичээн  УИХ дээр ярьж буй хуулийн төсөл болгоныг өдөр бүхэн эрээн цоохор болтол нь эрээчиж, уншиж судалж,  өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлдэг. Баярлалаа гээд би  ямар бэлэг тарааж, өгч чадах биш,  үг болгонд хүмүүсийн амьдрал, зовлон зүдгүүр шингэсэн байгаа  тул тэр болгоныг А, Б-гүй уншиж, хулгайлагчдын шургуулсныг тодруулагчаар зурж  анхааруулдаг. Сонгогчдодоо баярлаж, зүтгэлээр хариулахыг хичээж байна. Орон нутгийн сонгууль хүнд байдалд өнгөрлөө. Хүмүүсийг хоолны талоноор барьцаалж  дарамтад оруулсан  байна. Эрдэнэтчүүдийн төлөө тууштай ажиллахын тулд баасан гаригт ажлаа тараад давхидаг. Мягмар гаригийн өглөө вагоноор ирдэг. Ийм хуваариар ажиллаж байгаа. Зарим долоо хоногт  амжихгүй байна. Цаашдаа хагас, бүтэн сайнд тойрогтоо ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Орон нутгийн сонгуулиар хүссэн үр дүнд хүрээгүй ч бид бууж өгч болохгүй. Хүн тэмцээд ялагдаж болно, тэмцэхгүй байвал аль хэдийнэ ялагдсан байдаг. Монголын ард түмэн байдаг тэнхээгээрээ амьдралынхаа төлөө зүтгэж, тэмцэж байна. Нэг сайхан нартай өдөр бороо орохдоо л орно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

2020.10.27 МЯГМАР № 207 (6432)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан