Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дарга царайчилж, ажлаа алддаг цаг ард үлдлээ...

-Авлига, хүнд суртал ч баяртай-

Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зоогийн газар ажиллуулдаг Тамир хэдэн өдөр ажлаараа харагдсангүй. Тэрбээр архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхээ сунгуулж, караоке эрхлэх зөвшөөрөл авахын тулд төрийн байгууллагуудаар бичиг баримт хөөцөлдөж байгаа аж. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болсон ч холбогдох баримт бичгийг цуглуулахын тулд заавал гадагш гарч, үндсэн ажлаа орхихоос өөр аргагүй болсон нь энэ.

Ингэж хэдэн өдөр ажлаа алдаад зогсохгүй Улаанбаатарын авто зам дээр түгжирнэ, зогсоол олдох нь ховор тул машинаа ачуулах дөхнө, уртаас урт оочер дарааллыг хүлээнэ гээд төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх нь багагүй тэвчээр, хугацаа шаарддагийг иргэд, бизнес эрхлэгчид андахгүй.

Тэгвэл Балтын тэнгисийн эрэгт орших Эстони улсын нийслэл Таллин хотод мөн л зоогийн газар ажиллуулдаг Хейко хаашаа ч гаралгүй, ажлаа ч алдалгүй холбогдох зөвшөөрлөө хэдхэн хормын дотор жин тан болгов. Тэрбээр ажлаа хийн, үйлчлүүлэгчиддээ дайлах зуураа гар утасныхаа хэдхэн товчийг дараад л холбогдох зөвшөөрлөө авчихав. Тамирын хоног өдрөөр хөөцөлдөж байж амжуулсан ажлыг Хейко бараг арав хүрэхгүй минутанд зохицуулсан нь энэ. Атаархмаар байгаа биз. Гэхдээ гутрах хэрэггүй. Учир нь та, бид бас Тамир удахгүй ийм үйлчилгээг хүлээн авдаг болно. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг бизнес эрхлэгчдэд нэг цонхоор хүргэх вэб портал болон гар утасны аппликэйшн бэлэн боллоо.

Энэ хөтөлбөрийн эхний шатанд иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Үүнээс 135 төрлийн үйлчилгээ нь бизнес эрхлэлт, аж ахуйн нэгжтэй холбоотой аж. Ялангуяа, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой 38 төрлийн зөвшөөрлийг төрийн үйлчилгээний цахим платформоос гар утас болон бусад төхөөрөмжөөр дамжуулан авах боломж нээгдэж байна.

Үүнд бүх төрлийн үйлчилгээний газарт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх болон борлуулах зөвшөөрлөөс гадна энэ төрлийн бүтээгдэхүүний зөвшөөрөл эзэмшигчийн удирдлагын нэрийг өөрчлөх, хугацааг нь сунгах ч багтана. Мөн амралтын газар, автомат тоглоом, аялал жуулчлалын байгууламж, диско клубын үйл ажиллагаа эрхлэх болон ан агнах зэрэг зөвшөөрлийг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим цонх болох www.e-mongolia.mn-ээс хэдхэн товч дараад л авч болно.

Төрийн үйлчилгээний супермаркет буюу нэг цэгийн үйлчилгээгээр бид эдүгээ үйлчүүлж буй. Нэг дороос 21 байгууллагын 200 гаруй үйлчилгээг түгээдэг уг цэг дээр бид заавал очиж байж, зорьсон хэргээ бүтээдэг. Тэгвэл E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй www.e-mongolia.mn цахим цонхоор заавал гадагш гаралгүйгээр гар утас, комьютер гээд бүх төрлийн зөөврийн төхөөрөмжийг ашиглан, цахимаар болон үүрэн телефоноор холбогдон үйлчилгээ авах боломжтой.

Төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй энэхүү цахим шилжилт нь зах зээлийн ширүүн өрсөлдөөн, макро эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар зорьж буй бизнес эрхлэгчдийн цаг завыг хэмнэж, бизнесээ амжилттай удирдахад нь бодит дэмжлэг болох юм. Нөгөө талаас, Монгол Улсад бизнес эрхлэхэд төрийн хүнд суртал томоохон чөдөр тушаа болдгийг салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн үйлчилгээг авахад хүнд суртал ихтэй, авилгаас хамааралтай болох нь Азийн сан зэрэг олон улсын байгууллагын судалгаануудаас тодорхой харагддаг. Тэгвэл төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод, нээлттэй болгосноор бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг энэ төрлийн бэрхшээл бүрэн арилж, бизнесийн орчныг дэмжиж, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.

Аливаа зах зээлийн давуу боломжийг танил тал, хээл хахуулиар авдаг шударга бус байдлыг таслан зогсоож, ил тод өрсөлдөөн дотоодын бизнесийн орчинд өрнөнө гэсэн үг. Энэ бол цахим хувьсгалын Монголын бизнес орчинд авчирч буй нэг томоохон ололт юм. Эцэст нь ажлаа алддаг, албан тушаалтны үүдийг цахидаг, дарга царайчилдаг цаг ард үлдэх нь. Харин хуулиа дагаж, дүрэм журмаа биелүүлдэг бизнес эрхлэгчдийн өмнө илүү ээлтэй, илүү шударга бизнесийн орчин улам нээгдэх нь. Энэ боломжийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон дотоодын хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр олгож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан