Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн хугацаанд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн байдаг. Тэгвэл “Саарал жагсаалт”-аас гарсан гэх баярт мэдээг өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” хэмээн мэдээлэв.
Монгол Улс бүхий л шатандаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд онцгойлон ач холбогдол өгч, төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны үр дүн ийнхүү гарч байна.
“Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг 7 сарын хугацаанд биелүүллээ. Өмнө нь манай улс 2011 онд “саарал жагсаалт”-д орж байсан бөгөөд даалгавраа 32 сарын хугацаанд биелүүлж байсан байна. Дэлхийн бусад орнууд энэхүү жагсаалтаас гарахад дунджаар 3.5 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт хийсэн. Тэр үеэр биднийг өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн гэдгийг урьдчилан мэдэгдсэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьж байсан удаатай.