Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
- Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш,
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:
Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарыг тус тус шагнав.
Мөн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн,
“Эрчмийн ундраа” ХХК-ийн ерөнхий инженер Далхжавын Зоригт,
Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Готовын Нанзад,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэдэнгийн Сосорбарам,
“АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Цэвээнжавын Эрдэнэбилэг,
Монгол Улсын гавьяат багш цолоор “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Чойжавын Баатар,
Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх,
Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирал Цэвээний Баянсан,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирал Шоовдойн Болдбаатар,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Монхорын Гаамаа,
“Манай гэр бүл” нийгэмлэгийн зөвлөх Намжилын Гаамаа,
Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Цэрэндоржийн Гомбо,
Монгол Улсын консерваторийн багш Ширнэнгийн Дуламсүрэн,
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сангидоржийн Луумаа,
Монгол Улсын боловсролын их сургуулийн ахмад багш Цэдэнжавын Маам,
Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Зундуйн Намнансүрэн,
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Найдандоржийн Нямжав,
Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Сампилын Пүрэвжав,
Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуулийн ахмад багш Готовын Содном,
Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн ахмад багш Бадгарын Цэдэвсүрэн,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Чилхаажавын Чанцал,
Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бадамын Энхбаяр,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Ариун-Очир” ХХК-ийн ерөнхий захирал Цагаанайн Зулхүү,
Баян-Өлгий аймгийн “Көшелик” ХХК-ийн захирал Хабылын Мүпти,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Натжавын Дариймаа,
Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр,
Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан,
“Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан,
“Икс Түц” продакшны захирал Нанжидын Онон,
Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Чойнжоогийн Цоггэрэл,
Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Лувсаншаравын Жалхар,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Тогосын Болд,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Лхаасүрэнгийн Ганболд,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Бүрэнтөгсийн Галдаа,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЭМТ-ийн их эмч Гончигийн Байгалмаа,
Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын зөвлөх эмч Сосорбарамын Ганбат,
Улсын гуравдугаар төв эмнэлгийн судасны ангиографийн эмч Зундуйн Лхагвасүрэн,
Хөвсгөл аймгийн “Оточ” эмнэлгийн их эмч Дандарын Мягмар,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Чойжингийн Оюунчимэг,
Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Рашбудын Тунгалаг,
АШУҮИС-ийн багш Авирмэдийн Эрдэнэбилэг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч Сэдэдийн Батхуяг,
Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа,
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахмад настан Хувцагааны Сансалмаа,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Шинэнбалжийн Батсайхан,
Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын ерөнхий удирдаач Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий,
Чөлөөт уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд,
Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач Нацагийн Цолмон,
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Гомбын Эрдэнэчулуун,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Дашбямбын Бямбадагва,
ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Намхайдагвын Ганхуяг,
Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Хахарманы Минат,
Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Баасанжавын Мөнхөө,
Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Хахсатын Саясат,
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Ач” анагаах ухааны их сургуулийн ахлах багш Жанцандоогийн Батаа,
Ховд аймгийн “Эрүүл заяа” ТББ-ийн тэргүүн Бэгзийн Жамсран,
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Цэгмидийн Пүрэвдаш,
Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Бат-Очирын Цэрэнбалтав нарыг тус тус шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Гавшгайчид, манлайлагчид аа,
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы улмаас уламжлал ёсоор явагддаг Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан шагнал гардуулах ёслол хийгдээгүй билээ. Хөл хорионы дэглэм суларсан, дотоодод цар тахлыг алдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн энэ жил олгох ёстой байсан төрийн дээд цол, одон, медалийг өнөөдөр гардуулж байгаа юм.
Салбар салбарын гавшгайчид, хөдөлмөрийн манлайлагчид энд хуран цуглажээ. Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж өндөр бүтээмжтэй, чин зүтгэлтэйгээр ажиллаж, бусдад үлгэр дуурайл болно гэдэг хүн гэгдэхийн нэгэн утга учир билээ.
Өнөөдөр төрийн өндөр цол, шагнал хүртэгсдийн дунд онцлон дурдах олон хүн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртэж буй Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын ЧУЛУУНБААТАР мал аж ахуйн салбарт 48 жил хөдөлмөрлөжээ. Тэрбээр мал сүргээ өсгөн үржүүлж, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, 24 өрхийн 72 хүнийг туслах малчнаар ажиллуулж, нийтдээ 3,120 малыг малжуулахад өгсөн эрхэм гавьяатай хүн юм.
Эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллаж буй Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Ныгметийн ЕСЕЙ-д Хөдөлмөрийн баатар цол олгож байна. Тэрбээр хөдөө орон нутагт хийгддэггүй бөөрний чулуу авах, зүрх, элэг цөс, дотор эрхтэний зэрэг олон хагалгааг анхлан хийж, иргэдийн эрүүд мэндийг сахин хамгаалж ажиллажээ. Уудам монгол орны хоёр жигүүрт ажил хөдөлмөрөөрөө ялгарч, олныхоо талархлыг хүлээсэн эрхмүүдэд дахин халуун баяр хүргэе!
“Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн НАМШИР-ыг Ардын багш цолоор шагнаж байна. Үе үеийн чөлөөт бөхийн алдартнуудыг амжилтад хөтөлсөн Намшир багшийн шавь нар дотор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, тив, дэлхийн аваргууд олон бий. Шилдэг тамирчдыг дасгалжуулахаас гадна спорт сонирхогчдод бөхийн спортыг таниулан сурталчилж, хүүхэд залуусыг спорт, эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудсан эрхэм багш Намшир танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ардын эмч цолоор Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн ЦЭДЭН-ИШ-ийг шагналаа. 1963 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн энэ эрхэм өнөөдрийг хүртэл хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа юм. Мэс заслын өндөр ур чадварыг эзэмшиж, олон хүний амь насыг аварснаас гадна залуу эмч нарыг мэс заслын арга техникт сургасан гавьяат үйлстэн Цэдэн-Иш танд иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын гавьяат цолоор шагнагдсан эрхмүүд дундаас би нэгэн уран бүтээлчийг онцлон дурдмаар байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан Аюурзанын ОЧИРБОЛД. Уран барималч Очирболд бол дэлхийн урлагийн ертөнцөд танигдсан бүтээлч. Олон улсын “Норд Арт-2019” үзэсгэлэнгийн тэргүүн дээд шагналыг хүртэж, монголынхоо нэрийг алдаршуулж явсан эрхэм юм. Очирболдын олон бүтээл дэлхийн хотуудад сүндэрлэж байгаагийн нэг нь Москва хотод байгаа “Ялалтад тэмүүлсэн Монгол морьд” хөшөө юм. Мөн Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгуллагын төв байрны урд талбайд Очирболдын “Ухамсар” баримал зогсож байгаа. Цаашид олон сайн бүтээл туурвиж монгол биднийгээ баясгаарай гэж хүсье.
Өнөөдөр төрийн дээд цол, шагнал хүртсэн бүх хүнд талархал илэрхийлье. Хийсэн бүтээсэн бүхэн чинь, зүтгэсэн хичээсэн чин сэтгэл чинь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд маш их нэмэр дэмжлэг болсон. Бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөх, зүтгэхийн бахархлыг төрүүлж, бусдад дуурайл болж явдагт тань дахин талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд хөдөлмөр бүтээлээр дүүрэн байх болтугай” гэлээ.