Үер ус, гал түймэр, гэнэтийн гамшиг, осол болсон үед Онцгой байдлын албаныхан өөрийн амь насаа үл хайрлан аврах ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр тэдэнтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.
Тэрээр юун түрүүнд аврагч, гал сөнөөгч, гал сөнөөгч-шүхэрчдийн аврах ажиллагаанд оролцохдоо өмсдөг хувцас, хэрэглэл, ашигладаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонирхсон юм. Онцгой байдлын албан хаагчдын хэрэглэж буй хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн олонхийг нь гадаад, дотоодын байгууллагууд тусламж болгон бэлэглэсэн гэнэ. Химийн хортой бодис алдагдсан үед өмсч, хэрэглэх иж бүрэн хамгаалалтын хувцсыг Люксенбург улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хамтарсан гэрээгээр нийлүүлсэн байх жишээтэй. Энэ гэрээний хүрээнд 100 мянган ам.долларын химийн аврах багаж хэрэгслүүдийг ч бэлэглэжээ. Ингэснээр аврагчид химийн хортой бодис тархсан орчинд ажиллаж, тестээр шалгалт хийх, тархалт, бохирдлыг тодорхойлох боломжтой болсон аж. Нэг болон түүнээс дээш удаа хэрэглэх гээд 60 гаруй төрлийн химийн хувцас бий гэнэ. Эдгээр хамгаалалтын хувцсны тусламжтайгаар
аврагчид Япон улсаас орж ирсэн цацраг идэвхтэй машиныг ариутгаснаа ч хэлж байв. Тэд өнгөрсөн жилээс хойш тус улсаас оруулж ирсэн 28 машиныг ариутгажээ.
Онцгой байдлын салбарт 44 шүхэрчин ажилладаг байна. Тэдний хэрэглэж буй хувцас, шүхрийг 2008 онд Герман улсад үйлдвэрлэжээ. Агаарын хүчтэй урсгалд орсон тохиолдолд автоматаар задардаг хамгийн сүүлийн үеийн шүхэр. Аврагч-шүхэрчид шүхрээр буух дадлага сургуулийг 337 дугаар ангитай хамтарч, хавар, намарын улиралд хийдэг. Тэд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн тайгад гарсан түймрийг 23-45 хоног ажиллаж, унтраагаад ирснийг ч Шадар сайдад тайлагнав.
Энэ жил Засгийн газрын шугамаар газар хөдлөл, нуранги үүссэн үед ашиглах багаж хэрэгсэл, крантай машин, нүүрэвч, тусгай гэрэл, гэх мэт тусгай хамгаалалтын хувцасаар аврагчдыг бүрэн хангажээ. “Нурангийн үед ажиллахаар бэлтгэгдсэн аврагчдыг уул уурхайн компаниуд өндөр цалин амлаж, ажилд авах тохиолдол гарч байгаа. Тиймээс тэднийгээ тогтвор сууршилтай ажиллуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх нь чухал байна” гэж Аврах тусгай ангийн дарга А.Батмөнх хэлсэн юм.
Урин дулааны улиралд усанд осолдох явдал цөөнгүй гардаг. Аврагчид энэ жил гэхэд, зургаан газарт усны гүний аврах ажиллагаа явуулжээ. Тухайлбал, 15-50 метрийн гүнд аврах ажиллагаа явуулдаг байна. Аврагчдыг ОХУ-ын Бековский сургалтын төвд 45 хоногийн хугацаатай сургадаг. Өмнө нь манай аврагчид 25-40 метрт аврах ажиллагаа явуулдаг байсан бол 80 метрийн гүнд ажиллах боломжтой болсон гэнэ.
ОБЕГ-ын Эрэн хайх, аврах салбар 60 албан хаагчтай. Тэднээс 25 нь 15-45 метр гүн усанд аврах ажиллагаа явуулах чадвартай. Тавыг нь өнгөрсөн жил Байгаль нуур Бековскийд сургалтад хамруулж, бэлтгэснээр 60-80 метрийн усны гүнд аврах ажиллагаа явуулах боломжтой болжээ. Түүнчлэн ОХУ, БНСУ-ын сургалтын төвд аврагчдаа багаар нь явуулж сургадаг байна. Хөвсгөл, Өгий нуур, Тайширын усан цахилгаан станц зэрэг газарт дадлага сургууль хийж, аврах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний хувцас хэрэглэлийн хувьд усны 120 метрийн гүнд орж, ажиллах боломжтой аж.
Шадар сайдын хувьд албан хаагчдаа гадаад, дотоодод сургаж, дадлагажуулж буйг сайшаагаад, цаашид өндөр төвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн тэднийг тогтвор суурьшилтай ажиллах талд анхаарах нь зүйтэй гэдгийг удирдлагад нь хэлж байлаа.
ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “Орон нутагт нэг аймгийн Онцгой байдлын газар л гэхэд доод тал нь гурван машинтай. Тэр нь 1970-1990 онд ОХУ-д үйлдвэрлэсэн “ЗИЛ-130”. Манайхаас өөр орны онцгой байдлын салбарт энэ машиныг ашигладаггүй” гэдгийг ч Шадар сайдад дуулгасан юм.