Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлд бэлэн үү

 Наадмын дараа намар гэдэгчлэн нийслэлчүүдийг дулаан өвөлжүүлэх "онцгой" үүрэгтэй газрууд бэлтгэлээ хэр базааж буйг холбогдох албаны хүмүүсээс нь тодрууллаа.

 Графикийн дагуу нүүрсээ татаж байгаа

Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэд захирал Ч.Баттулгаас өвөлжилтийн бэлтгэлээ хэр базааж буйг тодрууллаа.
-Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Өвлийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-График төлөвлөгөөнийхөө дагуу уурхайгаас нүүрсээ татаж байгаа. Одоогийн байдлаар 35800 тн нүүрс бий. Энэ жил засварын ажил ч гайгүй явж байна.
-Техник технологийн шинэчлэл хийж чадсан уу?
-Боломжоороо л техник технологийн шинэчлэл хийсэн дээ. Нэг дор бүгдийг нь шинэчилж чадахгүй болохоор график гарган засч, янзалдаг. Зарим нэгийг нь зээл тусламжаар янзалдаг л юм.
-Жилийн жилд станц, нүүрсний уурхайн хооронд өр, авлагын асуудал үүсдэг. Энэ асуудлаа цэгцэлж чадсан уу?
-Манайх Багануурын уурхайгаас нүүрсээ татдаг. Жилдээ сая гаруй тн нүүрс авдаг. Гэрээнд заасан ёсоор нүүрсээ нийлүүлж байна. Өр, авлага ч харьцангуй жигдэрсэн. Гайгүй гэж хэлж болно.

     Авлагаа авч чадахгүйгээс хөрсөө хуулж чадахгүй байна

Дорнод аймгийн цахилгаан станцыг нүүрсээр хангадаг  “Адуунчулуун”  нүүрсний уурхайн захирал Б.Шатартай ярилцлаа.
-Өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Энэ жил их хүйтэн болох юм гэсэн. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлээ хангах хүрээнд техник технологийн шинэчлэлээ боломжоороо л хийлээ. Одоогоор 65 хувьтай. Станцын нүүрс жаахан дутуу байгаа. Бараг 80 хувьтай байх шүү.
-Хөрс хуулалт хэдэн хувьтай байх шиг байна?
-70 гаруй хувьтай. Уурхайн алдагдал их. Дээр нь, технологийн шинэчлэл хийх гээд  арилжааны банкнаас зээл авчихсан юм. Тэгсэн байгууллагуудаас орж ирэх ёстой мөнгө нь орж ирээгүйгээс банкнаас зээлсэн 450 сая төгрөгөө төлж чаддаггүй. Есдүгээр сарын 8-нд  хугацаа нь дуусна. Уурхай үйл ажиллагаагаа арай ядан авч явж байгаа учраас нүүрсний үнэ нэмэх талаар холбогдох газруудад бичиг өгч, учирласан. Гэтэл ШӨХТГ-тай ярьж байж болно гээд хойшлуулчихсан. Байдал иймэрхүү л байна.
-Тэгэхээр хэнээс авлага авах ёстой болж таарч байна аа?
-Дорнодын цахилгаан станц л даа. Өнгөрсөн жил хэрэглэсэн нүүрснийхээ үнийг төлсөн. Харин энэ авлага нь долдугаар сарынх л даа. Станцуудын удирдлагаас асуухаар ”Мөнгө орж ирэхгүй байна. Орж ирвэл өгнө” гэдэг. Хэрвээ эл мөнгө орж ирэхгүй бол хөрс хуулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй болчихоод байдаг. Ингэвэл байдал дордоно л гэсэн үг. Яам, агентлагийнхан юм бодох байх аа.

  Бид мөнгөө авмаар л байна
Харин Багануурын уурхайн захирал н.Мэргэнбаатар ийн ярилцлаа.
-Багануурын уурхайн өвлийн бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?
-Өвлийн бэлтгэлээ хангаж л байна.  Оны эхний байдлаар гэхэд хөрс хуулалт 107,5 хувьтай. Харин борлуулалт 102,1 хувьтай байна.
-Станцууд нүүрсээ татаж байна уу?
-Манайхаас ихэнх дулааны цахилгаан станц нүүрсээ татдаг. Тухайлбал, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц одоогоор 54,500 тн нүүрстэй байна. Энэ нь өвлийн их ачааллынхаар зургаан хоногийн нөөц гэсэн үг. Харин Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 36000 тн нүүрстэй. Энэ нь, өвлийн их ачааллаар тооцвол долоо хоногийн нөөц. Мөн дулааны хоёрдугаар цахилгаан станцын хувьд 49500 тн нүүрстэй байгаа нь өвлийн горимоор тооцвол таван хоногийн нөөц гэсэн үг. Мөн Дарханы цахилгаан станц одоогоор 16.100 тн нүүрстэй байна гэж мэдээллээ. Энэ нь, өвлийн горимоор ес, одоогийнхоор 23 хоногийн нүүрстэй гэсэн үг. Одоогийн байдлаар ачихад бэлэн 420 мянган тн нүүрс бий. Нүүрсний нөөц бол хангалттай бий.
-Өр, авлагын сүлжээ хэр байна вэ. Жилийн жилд л яригддаг асуудал шүү дээ?
-Одоогийн байдлаар тийм асуудал байхгүй ээ. 2010 оны өмнө үүссэн 32 тэрбум төгрөгийн өр бий. Уг нь, станцуудын өрийг хуучин Засгийн газар тэглэх үед Багануурын цахилгаан станцын 19 тэрбум, дулааны хоёрдугаар цахилгаан станцын үлдсэн 12 тэрбум төгрөгийн өрийг л орхичихсон юм. Засгийн газар удахгүй шийдэхж өгөх биз ээ. Станцууд өөрсдийнхөө нөөц боломжоороо тэглэнэ гэж байхгүй. Бид мөнгөө авмаар л байна. Ядаж л техник технологийн шинэчлэлээ хийвэл...
-Энэ өрийг чинь яагаад тэглээгүй юм бол оо?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Манайх чинь нэг тн нүүрсээ 20500 төгрөгөөр зардаг. Гэтэл олборлох үеийн зардал 22500 төгрөг буюу нэг тн нүүрснээс 2000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ талаар ч жил гаруй ярилаа даа. Сүүлдээ ч  нөгөө хэд л ярьж байх шив дээ гэсэн шиг тоох ч хүнгүй болж. Хэрвээ бид алдагдалгүй ажиллавюал техник технологийн шинэчлэл хийгээд зогсохгүй чадварлаг мэргэжилтнүүдээ ч байгууллагадаа тогтооно шүү дээ. Ямар ч гэсэн тн нүүрсний үнээ нэмэх хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Гэвч ШӨХТГ-тай зөвшилцөнө гээд эцийн шийд гараагүй л байна.
-Нэг тн нүүрснээс 2000 төгрөгийн алдагдал хүлээдэг гэхээр өнгөрсөн онд хэчнээн төгрөгийн хохирол хүлээгээд байна вэ?
-Бизнес төлөвлөгөөгөөр 5,4 тэрбумын алдагдалтай ажиллана гэж төлөвлөсөн ч 2011 онд бид 3,9 тэрбум төгрөг алдагдалтай ажилласан. Энэ нь, уурхай нөөц боломжоо ашиглан 500 сая төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан гэсэн үг. Ямартай ч, уурхай өвлийн бэлтгэлээ хангаад зогсохгүй алдагдалгүй ажиллахыг хичээж л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан