Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийх товтой байгаа юм.
Мөн ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлөөс Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм. Оны эхний найман сард хоёр улсын худалдааны бараа эргэлт 956.9 сая ам.доллар хүрээд байна. Энэ хугацаанд Монгол Улс нийт 924 сая ам.долларын бүтээгдэхүүн ОХУ-аас импортолж, 32.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ.