Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.13/ Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Халхгол суманд хийсэн цогц бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаараа дурдаж, алслагдмал байдлаас үл хамааран тохь тухтай орчныг бүрдүүлж болдгийн жишээ юм хэмээн онцоллоо.

Мөн Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг эхлүүлэх нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан талаараа иргэдэд мэдээлэл өгч, “Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн говийн бүсэд хэрэгжүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад бетон дэр нийлүүлж буй “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан талаараа ярьж, хоногт таван ээлжээр ажиллаж буй залуусын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж буйгаа энэ үеэр хэллээ.

Дорнод аймгийн Матад сумын иргэн Нарангэрэл:

“…Таны Монгол Улсын төлөө санаачлан хэрэгжүүлж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалт, ухаалаг гадаад бодлого, шударга ёсыг тогтоох зэрэг онцлох ажлуудыг талархан дэмжиж байгаа. Таныг Дорнод аймагт хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан тус аймгийн Матад сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн гурван асуудалд анхаарлаа онцгойлон хандуулахыг хүсэж байна.

Нэгдүгээрт, БНХАУ-ын Петрочайна дачин тамсаг компани газрын тос боловсруулж эхлээд 20 гаруй жил болж байгаа хэдий ч Матад сум хоцрогдол, ядууралтай хэвээр байгаад нутгийн иргэд бухимдалтай байна. 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ гэж заасны дагуу манай суманд оногдох ёстой орлого бидэнд оногдохгүй байгааг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү.

Хоёрдугаарт, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2022 онд баригдах Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замаас салаалан тавигдах Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг Матад сумын төвөөр дайруулан өнгөрүүлэх асуудлыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдугаарт, бүс нутгийн хөдөө аж ахуйг дэмжих, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих бодлогын хүрээнд Матад суманд төвлөрсөн мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, мах экспортлох квот өгөх, гадаад зах зээлд шууд гарах боломжийг судлан хэрэгжүүлэхийг танд санал болгож байна.

Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн:

“…2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндчилгээндээ та хүүхэд багачуудыг тойруулж суулгаад Өвөр Монголын шүлэгч Цэцэнцогтын монгол бичгийн тухай шүлгийг уншиж байгааг харахад их таатай сайхан байлаа. Та бүрэн эрхийнхээ хүрээнд их том үйлс бүтээх боломжтой гэж би бодож байна. Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг. Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“…Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг юм аа.”

Дорнод аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр:

“…Үндэсний хэл бичгээ хамгаалахад төрийн өндөрлөгүүд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас дуугараасай гэж ахмадууд хүсэж байгаа. Мөн тэтгэврийн зээлийг тэглэсэн явдалд нийт ахмадууд баярлаж байгаа. Үнэхээр нэг удаагийн сайхан үйлс бүтээлээ гэж танд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр зарим хүний тэтгэвэр маш өндөр, заримынх нь маш бага, дундаж тэтгэврийн хэмжээний улсууд ихэнх хувийг эзэлж байгаа. Тэгэхээр хамгийн бага тэтгэврийг 500 мянга болгоё. Зүгээр хэлсэн тоо биш. Тэтгэврийн зөрүү гэдэг чинь 1995, 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн цалингийн зөрүүнээс энэ гарч байгаа. Тэгэхээр орон нутагт үүрэг даалгавар өгч маш нарийн тооцоо судалгаа авч байгаад зөрүүг нь ойртуулмаар байна.

Ер нь Засгийн газраас ахмад настнуудын талаар гарсан хууль, тогтоомж, заавар багадаагүй. Гэтэл эдний хэрэгжилт их удаан байгаа. Ахмадуудыг олон жил хүлээлгэлгүй, ахмадуудын талаар авч байгаа арга хэмжээ, бодлого шийдвэр, хэрэгжилтийг хурдан хугацаанд хангах талаар Засгийн газар, Ерөнхий сайдад дуулгахыг хүсэж байна.”

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн, малын эмч Одбаяр:

“…Мал эмнэлгийн салбарыг төлөөлж Ерөнхийлөгчтэйгөө санал бодлоо хуваалцъя гэж бодсон юм. Монгол Улсын болон Дорнод аймгийн хэмжээнд малын эмчийн орон тоо, боловсон хүчний хангамж ерөнхийдөө муу. Боловсон хүчний хангамж муугаас гадна шинээр төгсөж байгаа боловсон хүчиндээ ажлын чадамж, орчныг нь бүрдүүлэх тал дээр салбарын сайд, Мал, эмнэлгийн газрын даргатай ярилцаж байгаад шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна. Мал эмнэлгийн салбар гэдэг чинь хүнсний аюулгүй байдлын нэгдүгээрт тавигдах салбар. Махаа гадагш нь гаргана гээд байдаг мөртлөө тэр махыг хүний биед ямарваа нэг халдварт өвчин тээхгүй гэсэн магадлалыг 80-90 хувьтай бий болгох гээд хэдхэн малын эмч яваад, зүтгээд байдаг.   Мал эмнэлгийн салбараа анхаараач ээ.”

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Баттулга:

“…Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа. Тавдугаар сараас эхлээд бүтээн байгуулалтыг хажуугаас нь харж, нүдээрээ үзсэн хүний хувьд хэлэхэд энэ бүтээн байгуулалт бол монголчуудын түүхэнд хийгдэж байгаагүй хамгийн сайн, хамгийн том ажил байх гэж бодож байна. Энэ ажил маш өндөр зохион байгуулалттай, хурдацтай явж байгаа. Энэ ажлын эцсийг үзэж байж монголчууд бид өөрсдийгөө ялсан, эдийн засгаа нэг алхам урагшлуулсан улс болох учраас Дорнод аймагт холбогдох ажил өнөөдөр шийдэгдэж байгаа байх гэж итгэж байгаа. Энэ ажил цаашаа үргэлжилж, бид Ази, Европыг холбосон төмөр замын гарцтай улс удахгүй болох байх, энэ ажил удахгүй хийгдэх байх гэсэн итгэлтэй байна.”

Дорнод аймгийн иргэн, замын инженер З.Батцэцэг:

“…Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газарт замын инженерээр ажилласан. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар газар шорооны ажил дууссан, дээд бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний ангиуд болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран гүйцэтгэж байгаа. Энэ чиглэлд дан монгол компани, монгол цэргүүд ажилласнаараа онцлогтой. Монголчууд өөрсдөө хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа. Энэ төсөл Дорнод аймагт хэрэгжээд эхэлбэл Дорнод аймгийнхан цалинтай, орлоготой, ажилтай болно. Тийм учраас энэ бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлээсэй гэж хүсэж байна.”

Дорнод аймгийн иргэн Галхүү:

“…Дорнод аймгийн тариаланчдын өмнөөс хоёр хүсэлт тавья. Дорнод аймагт экспортод чиглэсэн газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байна. Дорнод аймагт нэгэн цагт уналтад ороод байсан газар тариаланг экспортод чиглэсэн газар тариалан болгон хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй залуус хамгийн сүүлийн үеийн байгальд ээлтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон аж ахуйн нэгжүүдийг байгуулж чадлаа. Одоо бид дотоод хэрэгцээг хангаад үлдсэн бүтээгдэхүүнээ экспортолж эхлэхгүй бол зах зээлээсээ хэтэрхий хол байгаагаас шалтгаалан Дорнодын газар тариалан уналтад хүрэх аюулд ирээд байна. Бид 1,000 гаруй км газар улаан буудайгаа тээвэрлэж, сэлбэг, тос тосолгооны материалаа тээвэрлээд хөгжихгүй байгааг сүүлийн хэдэн жил тод харуулж байна. Төр засаг жаахан л дэмжээд өгвөл Монголд тарьж байсан, тарьж байгаагүй, өндөр өртөгтэй олон бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа тарих бүрэн боломжтой.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн бусад асуултад хариулж, дүгнэж үг хэлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан