УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр УИХ-ын даргад НӨАТ-ын таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тэрбээр өргөн барьсныхаа дараа хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Б.Пүрэвдорж гишүүн уг хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн саналыг авч чадаагүй, тиймээс шинэ УИХ байгуулагдсан учраас дахин өргөэн барьж гэдгээ мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн тэрбээр
“Дэлхий нийтээр тархаж буй цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд манай улсад ч мөн үүссэн. Өнгөрсөн хугацаанд “КОВИД 19” –ийн хуулиар Засгийн газраас 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжиж, иргэддээ хүрсэн бол гурван сая хоёр зуун мянган иргэндээ тэгш хуваахад хүн бүрт 1.6 сая төгрөг очсон байх ёстой. Харамсалтай нь байгаа оносон эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тийм учраас ард иргэд, аж ахуйн нэгжийн амьдралд дарамт болж байгаа НӨАТ-ын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг дээшлүүлэх боломжийг гаргаж өгч байна. Үүний үр дүнд 2020 онд нийт 2.7 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг авах ёстойгоос хууль батлагдвал ойролцоогоор нэг их наяд төгрөгийг ард иргэддээ буцаан олгох боломж бүрдэх юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим зүйлийг Сангийн яам болон салбарын сайд эсэргүүцэж, татвар, төсвийн орлого багасна гэж тооцдог. НӨАТ-ын татвар 13 хувиар өсөх буюу өөрөөр хэлбэл 2.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон байгаа юм. Мөн энэ жил 37 хувиар орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ НӨАТ-ын татвар орлогын татварыг илүү болгох боломжийг бүрдүүлдэг. Учир нь ард иргэд НӨАТ-ын баримтаа авч уншуулснаар далд орлогууд ил болж татварын орлого нэмэгддэг юм.
Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэхээс гадна төсвийн орлого буурахгүй. Дээрээс нь татварын орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.
Мөн НӨАТ-ын тухай ард иргэд 10 хувийг төлдөг гэдэг ойлголттой байдаг. Гэтэл нэгж бүтээгдэхүүнд талх бүтэхийн тулд яаж НӨАТ төлдгийг энд тайлбарлая.
Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахуунаа 10 хувийн НӨАТ төлж авдаг. Тэд тариа будаагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10 хувиа нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт 10 хувиа нэмээд өгдөг. Талхны компани нь талхаа үйлдвэрлээд мөн л 10 хувиа өгнө. Тэгэхээр үйлдвэрлэлийн шат болгонд авч байгаа энэ НӨАТ бол зөвхөн 1090 төгрөгийн үнэтэй байгаа “Атар” талханд 109 төгрөгийн НӨАТ-ын татвар төлөх биш шат дамжаад авахаар 300-400 төргөгийн татварыг нэгж бүрт нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Ялангуяа энэ татвар алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд асар их хүндрэлийг дагуулж очдог. Тиймээс цар тахлын улмаас эдийн засаг хямарч, иргэдийн орлого буурсан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох нь хамгийн чухал шийдвэр гэж үзэж байна. Тиймээс энэ хуулийг шинэ парламент хэлэлцэн дэмжинэ гэдэгт найдаж байна.” гэлээ.