Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгасан. Үүнтэй холбоотойгоор хичээл сургууль хэвийн хичээллэх эсэхээс авахуулаад эргэлзээтэй асуудлууд хүмүүсийн дунд үүсээд буй. Тэгвэл үүнд нь хариулт болгож Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тэрбээр “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1.2 т заасны дагуу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл нь хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн хуульзүйн үндэслэл юм. Түүнээс биш хөл хорио биш. Хөл хорио гэж зарим хэвлэл мэдээллэж байгаа нь Онц байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-аар хэлэлцдэг асуудал.
Иргэдийн хөл хөдөлгөөн хил дотроо чөлөөтэй буй. Үйлчилгээний байгууллагууд бүгд шахуу хэвийн горимоор ажиллаж байна.
/ Шөнийн баар, цэнгээний газруудаас бусад /
Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээдийн талаар мөн И спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна.
9-р сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Нийслэлийн хэмжээнд 9-р сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна” гэжээ.