Улсын онцгой комиссын 07 дугаар сарын 28-ны өдөр болсон хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Тэгвэл өнөөдөр болсон УОК-ын ээлжит хуралдаанаар дээрх хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргаж, УОК-ын гишүүд ч дэмжсэн байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Гэсэн хэдий ч хичээл сургууль төлөвлөсний дагуу 9 дүгээр сарын 1-нээс эхлэх шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулъя.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав
КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна. Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна.
Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ
- Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах
- Дулааны цахилгаан болон дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх, аваар ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх
- “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах
- Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийх
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах
- Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн байхаар тооцох, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэл, компанийн удирдлагуудад үүрэг болгов. Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг нэгтгэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг сайд Н.Тавинбэхэд даалгав.