Боловсрол, шинжлэх ухааны яам “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарыг эхлүүллээ. Аймаг нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх, энэ чиглэлээр гарсан Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох Сайд нарын хамтран баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангах талаар зөвлөмж, чиглэл өглөө.
Сургалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсролын салбарт баримтлах бодлогын талаар танилцуулж, сургалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах асуудал, “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөмж өглөө. Сургалтын хоёр дахь өдөр хичээлийн хуваарь, анги зохион байгуулалт зэрэг төлөвлөлт зохион байгуулалттай холбоотой арга зүйн зөвлөмжийг Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжилтнүүд өгч, хамтарсан дадлага хийж харилцан санал солилцох юм.