Юу, юугүй хичээл эхэллээ. Нийслэлд хөл хөдөлгөөн ихэсч, ачаалал нэмэгдэж байна. Гэтэл авто замын өнөөгийн байдал авах юмгүйн дээр хийж байгаа засвар, ажлууд нь хэтэрхий удаан урагшлах юм. Яагаад удаад байгаа юм бэ... хэмээн асуувал өөрсдөөс нь шалтгаалаагүй ямар нэгэн зүйл гарсан хэмээн тайлбарлана, зовлонгоо ч ярина. Энэ нь ерөөс албан байгууллагууд хоорондоо харилцаа холбоо муутай, ажил үүрэг нь уялдаагүй байгаагаас л үүдэж бий болсон нөхцөл байдал. Энэ жил нийслэлд хэд, хэдэн нүхэн гарц шинээр барихаар төлөвлөсөн. Тэдгээрийн нэг нь Сансарын туннелийн зүүн уулзварт баригдаж буй. Уг нь, энэ нүхэн гарцын угсралтын ажил есдүгээр сарын 1 гэхэд дуусч машины зорчих хэсгийг ашиглалтад оруулна гэж төлөвлөж байсан. Гэтэл өнөөдөр тэнд том гэгч нь нүх ухаж, шороо овоолсоноос өөр ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байна. Нүхэн гарц барих ажил долдугаар сарын 20-нд эхэлсэнээс хойш бүтэн нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Одооны ийм байдлыг “төлөвлөсөн хугацаанаасаа бага зэрэг хоцорч яваа” гэж дүгнэх нь арай л зохимжгүй санагдана. Нэг ч бетон цутгасан, хавтан суулгасан зүйл харагдахгүй байна. Дэндүү чамлалттай биш гэж үү.
Уртаа гэгчийн төмөр хашаа татаж, том том техникүүд зогссон харагдавч тэдгээр машиныг ашиглаж, хөдөлгөж байгаа хүн алга. Гэвч өөрсдийнх нь хэлж буйгаар хоёр ээлжээр ажиллаж байгаа гэнэ. Ухаж гаргасан том нүхэн дотор бага оврын эксковатор машин хааяа, хааяа шороо малтахыг үл тооцвол тэндээс хөдөлмөрийн үнэр гэхээр зүйл ханхалсангүй. Нэг тэрбум 321 сая төгрөгийн өртөгөөр баригдаж буй энэ ажлын гүйцэтгэгчээр “Хотын зам” ХХК ажиллаж байна. Уг ажлыг хариуцсан инженерээс нь цөөн хэдэн асуултанд хариу авсан юм.
Д.Гантулга: Ажил 70 хувьтай явж байгаа
-Ажлын явц хэдэн хувьтай явж байна вэ?
-70 хувь орчим л явцтай байна даа.
-Төлөвлөсөн хугацааныхаа дагуу явж чадаж байна уу. Арай л удаан яваад байх шиг?
-Төлөвлөсөн хугацаанаасаа бага зэрэг хоцорч байгаа. Яагаад хоцорсон бэ гэхээр дулаан цахилгааны, холбооны, бохирын гээд маш олон шугам гарч ирсэн. Шугам шилжүүлэх ажил удаан хүлээлгэлээ.
-Одоо тэгэхээр ямар ажил хийгдэж байгаа юм бэ?
-Шугам шилжүүлэх ажил өчигдөр л дууслаа. Дотоод цутгалтын ажил хийж эхлэх гэж байна. Үндсэндээ яг маргааш /өнөөдөр/-аас эхэлнэ.
-Хэдэн хүн ажиллаж байгаа юм бэ?
-Нэг ээлжиндээ л 10 хүн ажиллаж байна.
-Есдүгээр сарын эхээр зам нээнэ гэж байсан амжихгүй болж байна уу?
-Амжуулахын тулд маш шахуу ажиллаж байгаа. Хоёр ээлжээр ажиллаж байна. Гэхдээ оройн цагаар ажиллахаар эндхийн оршин суугчид нь ууртай байгаа.