Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах байдаг.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын хүндэтгэлийн танхимд 2020-2021 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.
2020 оны 2 дугаар сард нийт 39 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 8 цэцэрлэг, 5 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 679, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 117 сургууль, 434 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд 31222 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 37992 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 26%, суралцагчдийн 13 хувийг эзэлж байна.
Энэ тоон үзүүлэлт нь төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн боловсролын салбар дахь төрийн ачааллыг хөнгөвчлөхөд тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: “Та бүхний үндсэн үйл ажиллагаа сургалт учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан сургуулийн өмнөх боловсролын болон бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэслэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой.
Сургууль, цэцэрлэг байгуулах үндсэн шаардлагад “сургалтын байгууллага нь нийт багш нарын 90-ээс доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байна” гэж заасан байдаг тул өөрсдийн цэцэрлэг сургуулиа 100% мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай. Боловсролын чанар, хүүхдийн хөгжлийн ахицаар үнэлэгддэг тул сургалтын чанар, хүүхдийн хөгжил, багшлах боловсон хүчний асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллаарай гэдгийг онцлон захимаар байна.
Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, боломж бололцоогоор хангах нь орхигдуулшгүй асуудлын нэг мөн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд сургалтын орчин нөхцөлөө “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558:2015 стандартын шаардлагад бүрэн нийцүүлж ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудын хувьд сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэхээс гадна биеийн тамирын заалны асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй юм.
Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэж заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
Боловсролын үйлчилгээ үзүүлэх шийдвэр гарган, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үүрэг хариуцлага хүлээн өнөөдөр зөвшөөрлөө авч буй үүсгэн байгуулагч та бүхэн маань өмчийн хэлбэр харгалзахгүйгээр боловсролын стандарт, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм журам, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хэрэгжүүлж ажиллах ёстой гэдгийг дахин сануулахыг хүсч байна.
Та бүхний хүүхэд асран хүмүүжүүлэх, сургах үйл ажиллагаанд тань амжилт хүсье!” гэлээ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР