Монгол, Туркийн Хамтарсан Худалдааны танхимын цахим бага хурал 7 дугаар сарын 27-ны өдөр болов. Цахим бага хурлыг тус танхимын Туркийн талын дарга Эрсин Кашка, Монголын талын дарга С.Болдхэт нар ахалж, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нар үг хэлж оролцов. Тус цахим уулзалтад хоёр талаас аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир боловсруулах, эмийн зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй компаниуд оролцов.
Монголын тал Дарханы арьс ширний цогцолборын төслийг хэрэгжүүлэх, халал аргаар боловсруулсан мах экспортлох, тахианы мах, өндөгний чиглэлийн тоног төхөөрөмж авах, технологийн ноухау-аас суралцах зэрэг саналуудыг тавив. Харин Туркийн талаас арьс ширний чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах зарчмын шийдвэр гаргасаныг Эрсин Кашка мэдэгдээд аялал, жуулчлал болон бусад харилцан сонирхсон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Талууд олон жил ярьж ирсэн боловч хоёр талын худалдааны харилцаанд ахиц гарахгүй байгааг тэмдэглэн, харин худалдааны хамтарсан танхим байгуулагдсанаар энэхүү байдлал өөрчлөгдөн, урагшаа харж ажиллах боломжтой болсныг тэмдэглэв. Монгол, Туркийн худалдааны хамтарсан танхим байгуулах шийдвэрийг 2013 онд гаргасан боловч 2020 онд л эцэслэн байгуулагджээ. Хоёр талын худалдааны эргэлт 2019 онд 44 сая ам.доллар байв.