Шинэчлэлийн Засгийн газар хөдөө орон нутагт ажиллах хамгийн анхны томилолтоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад өгөв. Тэрээр Засгийн газрын гишүүдийн ажлын хуваарийн дагуу амралтын өдрүүдэд хариуцсан салбарынхаа ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тариалангийн бүс нутагт ажилласан юм. Засгийн газрын бямба гарагийн хуралдааны дараа ҮХАА-н сайд ургац хураалтын бэлтгэл ажил ямар байгаатай танилцах ажлаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумыг зорьж, “Гацуурт” ХХК-ийн ажилтай танилцсанаар эхэлсэн юм.
Цагааннуур суманд нийт 25 мянга гаруй га газарт үр тариа, малын тэжээл тариалж, мах, сүүний чиглэлийн үхрийн томоохон ферм, мах боловсруулах үйлдвэр эрхэлдэг тус компани газар тариалан, ХАА-н салбарт шинэчлэл хийхээр зорьж ажиллаж байгаагаа сайдад танилцуулсан. Компани 2009 онд мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаар Сэлэнгэ аймгийн иргэдээс 50 хүнийг ажлыг байртай болгожээ. Дотоодын зах зээлд махаа нийлүүлдэг, жилд 6000-8000 толгой мал нядалдаг юм байна.
Цагааннуур сумын малчид, тариаланчид энэ үеэр ҮХАА-н сайдтай уулзаж, санал хүсэлтээ хэлсэн юм. Тариаланчид нэг үеэ бодоход салбарын яам дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа гээд энэ жилийн ургац хураахад хүндрэл учирч магадгүйг ургацаа борлуулахад төр засаг анхаарч, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэдгээ уламжиллаа. Харин үнээний ферм ажиллуулдаг иргэдийн хувьд сүүгээ борлуулах боломж, нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэв. Улаанбаатарт сүү литр нь 1000 төгрөгт хүрээд байхад хэдэн саалчин нь литр сүүгээ энд 200 төгрөгөөр борлуулж чадахгүй байгаа, салбарын яам үүнийг л шийдэж өгмөөр байна гэлээ.
Сайд дунд зэргийн хүчин чадалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сонирхохоор Цагааннуур сумын “Санчир буудай” компаниар орсон юм. Тэдний хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг бололцооны хэрээр хийж буй гэлээ.
ҮХАА-н сайд Х.Баттулга энэхүү томилолтынхоо үеэр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудаар орж шинэ ургац хүлээн авах бэлтгэл ажилтай нь танилцсан юм. Тус сан таван салбартаа нийт 110 мянган тонн үр тариа хадгалах хүчин чадал бүхий агуулахтай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь салбар 31 мянган тонн буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой. Энд хүлээн авсан буудай хадгалалтын чанар сайн учраас ямар нэг өөрчлөлт гардаггүй, тийм ч болохоор дотоодын гурилын үйлдвэрүүдэд борлуулдаг гэсэн юм. Аж ахуйн нэгж болон иргэдээс үрийн болон хүнсний буудай хүлээн авч хадгалахын зэрэгцээ гадаадаас оруулж ирж байгаа тусламжийн үр тариаг хүлээн авч, дамжуулан борлуулдаг юм байна. Өнөөдөр эндэхийн элеваторт 28 мянган тонн буудай хадгалж байгаа ч урагц тушааж эхлэхээс өмнө борлуулж дуусна гэсэн юм.
Харин ТЭДС-гийн Хөтөл дэх салбар өнгөрсөн жил 30.5 мянган тонн үр тариа хүлээн авснаас одоо 15 мянган тонн буудай үлдээд байгаа бөгөөд 10 мянган тонныг гурилын үйлдвэр худалдаж авахаар болжээ. Үлдэж буй таван тонн буудайг хараахан борлуулаагүй аж ахуйн нэгжүүдэд санал тавиад байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн үлдэгдлээ ингээд борлуулчихвал шинэ ургацаас дахиад 30 гаруй мянган тонн буудай авна гэж байна.
Тус салбарын мастер Ж.Даваахүрэл “Энэ жилийн буудай 2009 оны үеийнх шиг чийгтэй байх болов уу гэж тариаланч хүний хувьд харж байгаа. Тэгэхээр ургац хүлээн авах техник, тоног төхөөрөмж болон буудай хатаахад зарцуулах шатахуунаа ойрын үед шийднэ дээ” гэлээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд л тариалангийн талбайнууд алтран шаргалтаж аж ахуйн нэгж, тариаланчид тариагаа хурааж эхэлж байдаг бол энэ жил хур бороо элбэгтэй байснаас тарианы болц оройтож, нар хүссэн тариаланчид одоо дахиад бороо л битгий ороосой хэмээн залбирцгааж байна. Тарианыхаа болцыг хүлээж нар хүлээсэн тариаланчид комбайнаа ердийнхөөс даруй 10-аад хоногийн хойн талбайдаа гаргах нь ээ.
Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулах элеваторуудад хадгалагдаж байгаа өмнөх оны үлдэгдэл 160 гаруй мянган тонн буудайг борлуулж дуусгах ажил хүлээгдэж байгаа юм байна. Аль өнгөрсөн хавраас л ярьсан улаан буудай экспортлох асуудлыг ч шинэ Засгийн газар шийдвэрлэх хэрэгтэй болж байна.
Цаг агаар таатай байж, хэдэн хоног нар ээвэл манай тариаланчид энэ долоо хоногийн сүүлчээс талбайдаа гарч ангилан хадаж эхлэх нь ээ.
Х.Баттулга: Буудай хадгалах саваа бэлтгэх төдийгүй экспортын томоохон бодлого явуулмаар байна
-Хурааж авсан тариагаа хаана хадгалах вэ?
-Шинэ Засгийн газар бямба гаригт хуралдаж, анхны томилолтоо надад өгч, газар тариалангийн бүс нутгаар очиж, тариаланчдын асуудлыг сонсоод ургацын байдал, тариа хураах бэлтгэл ажилтай танилцаад ирэхийг даалгасан. Газар тариалангийн гол бүс нутгаар явж үзлээ. Тарианы болц 10 орчим хоногоор хойшилж байгаа учир цаг агаарын нөхцөл байдлаа харж байна гэж тариаланчид ярьж байна. Ургацаа хураачихаар өнгөрсөн жилийн буудайн үлдэгдлийг борлуулахад анхаарна уу гэж санал хэлж байна. Энэ бүхнийг тодорхой хугацаанд шийдэх боломж бий.
-Улсын хэмжээнд хэчнээн тонн буудай хадгалах боломж байгаа бол?
-Энэ жил 450 мянган тонн орчим буудай хураахаар төлөвлөсөн. Хувийн хэвшлүүд болон гурилын үйлдвэрүүд ТЭДС-гийнхантай хамтраад 500 мянга орчим тонн буудай хадгалах боломж бий. С.Баярын Засгийн газрын үед ярьж байсан зүйлүүд тодорхой хэмжээний амжилтад хүрчээ. Одоо энэ амжилтаа алдахгүй байх, гурилын үйлдвэрүүд олноор байгуулаад гадаадаас гурил оруулж ирэхийг анхаарах хэрэгтэй байгаа юм. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэг. Тиймээс хадгалах саваа бэлтгэх төдийгүй экспортын чиглэлээр нэлээд том бодлого явуулмаар байна. Хэдхэн жилийн өмнө гадаадаас буудай гуйдаг байсан бол өнөөдөр гадаадад буудай гаргах тухай ярьж байгаа нь том дэвшил. Ухаандаа олон хүн амтай өмнөд хөршдөө бордоо бага хэрэглэж, эрүүл хөрсөнд ургуулсан буудай нийлүүлбэл маш том зах зээл байна. Хятад руу экспортолдог малын тэжээл тариалах ажлыг цаашдаа дэмжиж ажилламаар харагдлаа.