Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно.
Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.
2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.