“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тэсрэх бөмбөг илэрлээ гэсэн мэдээлэл цацагдлаа. Үүнтэй зэрэгцэн Зам тээврийн сайд А.Гансүх Иргэнийн нисэхийн ерөнхий газарт ирсэн байлаа. Байдлыг шалгаад, тус газрын бүх дарга нартай уулзаж, цаашид хийхээр төлөвлөж буй ажил болоод тэдний зүгээс ямар санал бодолтой явааг сонирхсон юм.
Уулзалтын эхэнд А.Гансүх сайд энэ салбарт эхлүүлсэн том ажил олон бий. Эхлүүлснээ гүйцээх боломж олдож, энэ салбартаа эргэн ирсэндээ баяртай байна. Энэ удаад Төрөөс агаарын тээврийн бодлогын бичиг баримтыг батлуулахаар зорьж байна. Ингэснээр агаарын тээврийн салбарт бид 2020 он хүртэл юу хийх нь тодорхой болно. ИНЕГ сүүлийн таван жилд бүх үзүүлэлтээрээ өндөр ахиц гаргасан. Үүнийг цаашид улам сайжруулахын тулд хувийн хэвшлийн нисэхийн компаниудын хувь нэмэр хэрэгтэй болно. Цаашид бид өөрсдөө дотоодын хэрэгцээгээ хангахаар зорьж ажиллах ёстой” гэлээ.
2008, 2012 оны Хамтарсан Засгийн газарт А.Гансүх сайд ЗТБХБ-ын дэд сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулж, Монгол орныг хөндлөн гулд туулах төмөр замын эхлэлийг тавьсан гээд А.Гансүхийн хүчин зүтгэсэн бүтээн байгуулалтын ажил их учраас ИНЕГ-ынхан ч түүнийг хүлээн авахдаа баяртай байлаа.
Мөн ИНЕГ-ын удирдлагуудаас санал хүсэлтийг нь сонсоход тэд ингэж ярьсан юм.
“Монголиан айрлайнес” компанийн төлөөлөл ярихдаа “Бид нисэхийн тарифыг 20 хувь хөнгөлөх зорилт тавьсан. Гэхдээ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт “Женерал авианс”-ыг Монголд нэвтрүүлэхээр заасан юм билээ. Үүнийг хувийн хэвшлийнхэн бие дааж хийхэд их өндөр зардал гардаг учраас мөрийн хөтөлбөр дэх энэ заалтаа заавал хэрэгжүүлээрэй хэмээн захия. Мөн орон нутгийн нислэг хийхэд газрын тэжээл маш их дутагддаг. 300-400 ам.доллар төлж байж нэг га газар авдаг нь бидний хувьд том бэрхшээл юм” гэлээ.
Үүний хариуд А.Гансүх сайд Намрын чуулганаар Төрөөс баримтлах агаарын тээврийн бодлогын бичиг баримтыг батлуулж, Иргэний нисэхийн багц хуулиудыг шинэчилнэ. Мөн багц журмуудыг өөрчилнө. Агаарын тээврийн хөлөг онгоц авахын тулд Хөгжлийн банкнаас зээл авч, мөн шатахууны үнийг яаж хөнгөлөхөө тусгайлан авч хэлэлцэнэ” гэсэн юм.
Харин МИАТ хувьцаат компанийн захирал Ц.Орхон хэлэхдээ “Далайд гарцгүй, авто зам хөгжөөгүй, төмөр зам нь ОХУ-тай хамтарсан мэдлийнх. Ийм байдалтай Монгол орны хувьд агаарын тээвэр гэдэг маш чухал зүйл. Агаарын тээврийн компаниудад шатахууны үнэ гэдэг зүйл үнэхээр толгойны өвчин болдог. Агаарын тээврийнхэн нийт хэрэгцээнийхээ 50-60 хувийг гадаадаас маш өндөр үнээр худалдан авдаг.
Энэ мэт бэрхшээлээс болж ашиггүй ажиллаж буй компаниуд техникийн шинэчлэл хийж чаддаггүй. Тиймээс төрийн өмчийн болоод хувийн хэвшлийн компаниуд нэгдэж ажиллая” хэмээн бэрхшээлээ тоочсон юм.
Харин Зам, тээврийн сайд А.Гансүх “МИАТ компанид Үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг статус олгохоор тооцоолж байна” гэсэн товчхон хариулсан нь энэ салбарынхныг баярлуулсан үйл явдал боллоо.
А.ГАНСҮХ: Агаарын тээврийн аюулгүй байдалд итгэж байна
Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд А.Гансүхээс дараахь тодруулгыг авсан юм.
-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тэсрэх бөмбөг илэрлээ гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хогийн савнаас сургуулилтын зориулалттай тэсрэх бөмбөг илэрсэн нь үнэн. Үйлчлэгч цэвэрлэгээ хийж байгаад олсон гэсэн. Гэхдээ үүнийг илрүүлсэн даруйдаа 007 гэдэг арга хэмжээг авч аюулгүй болгосон. Хэн, хаанаас, яагаад энэ тэсрэх бөмбөгийг хогийн саванд хийснийг одоохондоо шалгаж байна.
-Хэчнээн чиглэлийн онгоц саатсан юм бэ. ИНЕГ үүнээс болж ямар нэгэн хохирол амссан уу?
-Өглөөний 06:00 цагаас эхлээд 11:00 цаг хүртэл 10-аад чиглэлийн онгоц саатсан. Гэхдээ үүнээс болж ноцтой хохирол амсаагүй. Агаарын тээврийн газарт аюулгүй ажиллагаа гэдэг юу юунаас илүү чухал. Энэ явдал бол бидэнд маш том сорилт болж, үүнийг нь ч манай ИНЕГ-ынхан амжилттай давлаа. Цаашид ч хийх зүйлийг бидэнд санууллаа.