Техник технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хамтран ажиллаж, олуулаа асуудлаа ярьж, саналаа солилцож болдгийг “Багшийн хөгжлийн үндэсний онлайн форум” харууллаа. Уг форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Aplus.mn вэб сайт хамтран зохион байгуулсан юм.
“Өнөөдөр хараахан бий болоогүй ажлын байранд суралцагчдыг бэлтгэж, нүүр тулаагүй асуудлаа шийдэхийн тулд зохион бүтээгдэж амжаагүй технологийг ашиглах чадвартай иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна. “COVID 19” биднээс Та өөрчлөлтөд бэлэн байсан уу гэж өөрөө өөрөөсөө асуух боломжийг олгож байна гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ онцлов.
Форумд Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарч Канад Улсаас холбогдож “Боловсрол 4.0” сэдвээр илтгэл тавилаа. Боловсролын салбарт парагдигмийн шилжилт, үзэл баримтлалын гүнзий өөрчлөлт гарах шаардлагатай байсныг COVID-19 улам тодорхой мэдрүүлж өглөө. Багш хүн мэдлэг дамжуулдаг ажлаас чөлөөлөгдөж байна. Цаашид хүүхэд нэг бүрийн онцлогийг багаас нь тодорхойлж, авьяасыг нь хөгжүүлэгч, дэмжлэг үзүүлэгч болж хувирна. Багш, эцэг, эхчүүд хүүхдийнхээ алдаанаас айх хэрэггүй, хүүхэд алдаанаасаа суралцаж, хөгжиж байдаг. Цаашид тархи судлалын шинжлэх ухааны хөгжил, сурган заах аргын шинэ онолуудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг багш нарт захив.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир тавьсан илтгэлдээ “Боловсрол бүх нийтийн баялаг боллоо. Технологийн дэвшлийн ачаар сурах боломж хязгааргүй нэмэгдэж байна. Танхимын сургалтаас гадна цахим, зайн, хөдөлгөөнт төхөөрөмж гэх мэт... бид зөвхөн нэр заасан хичээлээр “4 хананы дунд” боловсрол олгож буй зохицуулалтаа эргэн харах шаардлага гарч байна... боловсрол, сургалтын үйл ажиллагаа өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй цахим сургалтын хэлбэрт шилжиж байна” гэлээ.
БМДИ-ийн дэд захирал, доктор Д.Энх-Амгалан хүүхдэд техник сэтгэлгээний чадвар эзэмшүүлэхийн чухлыг тайлбарлаад эдийн засгийн үр өгөөж, шинжлэх ухааны дэвшил, бүтээлч чанартай үйл ажиллагаанд суурилсан зөв хандлагатай хувь хүн болж төлөвшдэг гэв. Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд багш өөрөө бүтээлч сэтгэлгээтэй байж, тийм сургалтын арга хэрэглэх ёстойг онцоллоо.
COVID 19-өөс үүдэлтэй хөл хорио боловсролын салбарт сорилт тулгаж, үүнийг салбарын яам боломж, шийдэл болгон өөрчилж байгаагийн нэг нь “Багшийн хөгжлийн үндэсний онлайн форум” болов.
Манай улсын хувьд цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148,4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орж, 4 сарын турш танхимын сургалтын агуулгыг теле болон цахим хэлбэрээр зайнаас авч байгаа бөгөөд зохион байгуулалтаараа Монгол Улс олон улсад үлгэр дуурайлал болж байгаа юм.