ОХУ шатахууны үнээ хоёр рублиэр нэмсэн байна. Ингэхээ мөн нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа ч нэмнэ гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Манай улсын хувьд энэ мэдээлэл тийм таатай зүйл биш. Үүнийг дагаад ирэх сард манайд шатахууны үнэ нэмэгдэж мэдэх талтай. Энэ талаар Нефть хийн ассоциацийн тэргүүн Р.Батбаяраас тодруулахад “Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь манайд нийлүүлэх үнэнд хэр зэрэг нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй. Яагаад гэвэл Орос дотоодын үнэ, нефтийн татварын үнэтэйгээ уялдуулж байж экспортын үнээ тогтоодог. Одоогоор ирэх сарын үнэ ирээгүй байна. Гэхдээ энэ нь нефтийн үнэд төдийлөн нөлөөлөхгүй байх аа” гэсэн тайлбар хийв. Хойд хөрш нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа одоо ярьж байгаагаараа 15 хувиар нэмбэл манайд нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ 30 төгрөгөөр нэмэгдэх аж.